Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Олуул явсныхаа хэрээр мөнгө олоод ирдэг бол сайхан аа

Ч.Чулуун
2016 оны 12 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын дарга М. Энхболд тэргүүтэй төлөөлөгчдийн булангийн орнуудад хийж буй айлчлал үргэлжилсээр. Айлчлалын талаархи мэдээлэл цахим ертөнцөд цаг алдалгүй тавигдсаар. Ямартай ч УИХ-ын дарга, МАН-ын дарга маань ямар ч тохиолдолд алзахааргүй олуулаа яваа юм байна.

Хэвлэлийн албаных нь мэдээлэлд дурдсанаар, түүнийг УИХ, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд П.Ганхүү, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Б.Наранхүү, О.Содбилэг, Г.Тэмүүлэн нарын 11 хүн дагалдаж яваа аж.

Лалын шашинтай оронд айлчилж байж гуя хасаа гарган суух эмэгтэйн нэр айлчлалын бүрэлдэхүүнд байгаагүйг бодоход түүн шиг хэн нэгний суганд хавчуулагдан нисч орхисон эрвээхий нэг биш хэд хэд байгаа бололтойдог. Тэд жирийн иргэдтэй холилдон зорчигчийн суудалд л тухлав гэж.

Тусгай суудалд залран, тусгай үйлчилгээг хүсэмжлэх нь мэдээж. Тэр тоолонгоор татвар төлөгчийн мөнгө урсч буй. Улсын эдийн засаг хямарч, төсвийн байгууллагынхан цалингаа тавьж чадахгүй, Засгийн газар нь хэмнэлт хэмээн “бахирч” хуруу хумсаа хуйхалж байхад олуул онгоц хөлөглөн тансаглаж яваа нь ард түмэнд таалагдахгүй байна. Хэдий чинээ олуул явна, тэр чинээгээр мөнгө олоод ирдэг юм бол би ч гэсэн тэр айлчлалд багтчихмаар байна шүү дээ.

Салбарын асуудлыг зангидаж, бодлого хэрэгжүүлдгийн тухайд Засгийн газрын хоёр гишүүний хувьд байж болно. Харин УИХ-ын гишүүдийн тухайд эсгий хийх газар нохой хэрэггүй баймаар. Хоёр улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд Б.Наранхүү, Г.Мөнхцэцэг нарын дипломат харилцааны “А”-гийн ацаггүй нөхдүүд ямар үүрэг гүйцэтгэх юм.

Шулуухан хэлэхэд, боломжийг ашиглаад төрийн мөнгөөр зугаалж л яваа байхгүй юу. Эх орон, ард түмнээ гэсэн сэтгэлтэйсэн бол мөнгө үрсэн айлчлалаас татгалзан, халаасан дахь мөнгөөрөө эхнэр, хүүхдээ дагуулаад явж байгаа бол Дубайдаа очиж тансаглана уу, Кувейтийн брэнд барааг бөөндөнө үү, хэнд хамаатай юм.

Гагцхүү улс орон ядарч, элгээрээ хэвтэх шахаад байхад төр түшилцэж яваа эрхмүүд улсын халаасыг нимгэлж байгаад нь дургүй хүрээд байна. Эсвэл эрхэм төрийн түшээд маань хорт утаанаас хэд хоног болов зайлж, уушгиа цэвэрлэх гэсэндээ УИХ-ын даргыг хормойдчихсон хэрэг үү.

Нөгөөтэйгүүр, УИХ-ын даргын ОХУ болоод Саудын Арабт хийж буй албан ёсны айлчлалын үр дүн нь юу байх юм. Монгол Улсын тавьсан санал бүхэнд л судална, судалгааныхаа багийг илгээнэ гэж хариулснаас харахад, шалихгүй бололтойдог шүү. УИХ-ын хэвлэл мэдээллийн албанаас ирүүлсэн мэдээллээс харахад, Монгол Улсын УИХ-ын болоод МАН-ын даргыг хүлээн авч буй цаад тал гэхэд гурав эсвэл таван хүн зогсч байхад манайхан гурвын өмнөөс арван хэдүүл зогсч байх жишээний.

Цаад тал айлчлалын бүрэлдэхүүнд ийм олон хүн байна гэж санаагүй юм уу, хоёр гурванхан ширээ тавьчихсан түүнд нь манай хэд чихэлдээд сууцгааж байх юм. Манай төрийн түшээд болоогүй л байна даа. Хэзээ юм үзэж нүд тайлсан улс шиг айлчлалын сургаар дэвхцэж гүйхээ болих юм бол доо.

Зураг