Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хуурамч мэдээнээс болж Пакистан, Израйлийн хооронд цөмийн дайн дэгдэх шахав

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Пакистаны батлан хамгаалахын сайд Хаважа Асиф

Өнгөрсөн Баасан гарагт AWDNews сайтад нэгэн зохиомол мэдээ нийтлэгдсэн нь “Израйлийн батлан хамгаалахын сайд: Хэрвээ Пакистан улс Сирид хуурай замын цэрэг илгээвэл бид энэ улсад цөмийн цохилт өгнө” гэсэн гарчигтай байв.

Гэтэл энэ мэдээг үзсэн Пакистаны батлан хамгаалахын сайд Хаважа Асиф тэр дор нь твиттер хуудсандаа “Сири дэхь Исламын улсын эсрэг Пакистаны тэмцлийн талаар таамаглалдаа үндэслэн Израйлийн батлан хамгаалахын сайд манайд цөмийн цохилт өгнө гэж сүрдүүлжээ. Пакистан бас цөмийн зэвсэгтэй улс гэдгийг Израйль мартсан бололтой” гэж жиргэжээ.

Харин Бямба гарагт Израйлийн батлан хамгаалах яам түүнд хариу тодруулга бичихдээ “Батлан хамгаалахын сайд асан Ялун Пакистаны тухай ийм мэдэгдэл огт хийгээгүй”, “Пакистаны сайдын эш татсан мэдээ бүхэлдээ худлаа” гэсэн байна.

Эдгээр хоёр улс нь хоёул цөмийн зэвсэгтэй боловч Исламын шашин зонхилдог Пакистан улс Израйльтай дипломат харилцаагүй юм.

Энэ явдлын дараа сайд Асиф ч нутаг нэгтнүүддээ багагүй шүүмжлүүлсэн байна. Пакистаны нэрт телевизийн сэтгүүлч Нусрат Жавид “Твиттерт донтсон улс төрчдийн мэдэлд манай улсын цөмийн хөтөлбөр байдаг нь маш ноцтой” хэмээн ярьжээ.

Ер нь сүүлийн үед сошиал сүлжээгээр хуурамч мэдээлэл тархах болсноос үүдэлтэй асуудал олширч байгаа юм. Энэ сарын эхээр Вашингтонд нэгэн этгээд пиццаны ресторанд галт зэвсэгтэй халдлага үйлдсэн нь Хиллари Клинтоны талаар хуурамч мэдээлэлд итгэснийх байв. Facebook, Google компаниуд ч худлаа мэдээллийг таньж ялгах алгоритм боловсруулахаар ажиллаад эхэлснээ саяхан зарласан юм.

 

Эх сурвалж: South China Morning Post