Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дайны үеэр Британий хаясан бөмбөгийг Германд аюулгүй болгожээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Германы өмнө зүгийн Аугсбург хотын мянга мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэх болсон нь Дэлхийн II дайны үеийн тэсрээгүй бөмбөгийг уг хотын төвд илрүүлсэнтэй холбоотой.

Цагдаагийн мэргэжилтнүүд бөмбөгийг оройн 19:00 цагаас өмнөхөн аюулгүй болгосноор иргэд Зул сарын оройн зоогоо гэртээ барих боломжтой болсон байна.

Ням гарагийн өглөөний 10:00 цагаас эхлэн гэрээсээ дүрвэхэд хүрсэн тус хотын 54,000 иргэн бөмбөгийг аюулгүй болохыг өдөржин хүлээсэн юм. Уг бөмбөг нь 1940-өөд оны үед Британий Агаарын хүчнийхний хаясан 1.8 тонны бөмбөг байсан бөгөөд барилгын ажлын үеэр илрүүлсэн юм байна.

Бөмбөгийг өнгөрсөн долоо хоногт илрүүлсэн боловч аюулгүй болгох ажиллагааг Зул сарын баярын өдөр явуулах нь зохимжтой гэж үзжээ. Учир нь энэ өдөр бүх хүн гэртээ байдаг тул дүрвэсэн иргэд хамаатан садныхаа гэрт зочилж, түр байрлах боломжтой гэж хотын удирдлага үзсэн байна. Ингээд хотын төвөөс 1.5 км радиус дотор байгаа иргэдийг өглөөний 10:00 цаг гэхэд бүсээс гарсан байхыг анхааруулжээ. Мөн сургууль, спортын танхимуудыг түр хоргодох байр болгон нээсэн байна. Бөмбөгийг аюулгүй болгохын тулд дөрвөн цаг тасралтгүй ажилласан хоёр мэргэжилтнийг хотынхон баатарт өргөмжлөөд байгаа гэнэ.

Хэрвээ аюулгүй болгох ажиллагаа амжилтгүй болж, бөмбөг дэлбэрвэл хохирлыг бууруулах зорилгоор тойруулан элсээр далан босгож бэлдсэн байжээ. Британичуудын хаясан бөмбөг 72 жил газар доор цэнэгтэй хэвтсэн байна. Холбоотнууд Аугсбург хотын төвийг 1944 оны хоёрдугаар сарын 25-наас эхлэн хоёр хоног бөмбөгдөж газрын хөрстэй тэгшилсэн түүхтэй юм.

 

Эх сурвалж: Russia Today