Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч “7 цаг хаана, юу хийснээ” тайлбарлах болжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг парламент нь хэд хэдэн шалтгаанаар албан тушаалаас нь түдгэлзүүлээд байгаа. Түүний дотор албан тушаалаа буруугаар ашигласан, төрийн нууц задруулсан, зарим авлигын хэрэг багтаж байна.

Өөр нэг асуудлыг сөрөг хүчнийхэн гаргаж тавьсан нь 2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд тохиолдсон Севол хөлгийн ослын үеэр ерөнхийлөгчийн эзгүй байсан “7 цагийн” асуудал юм.

Ерөнхийлөгчийг шүүмжлэгчид улс оронд тохиолдсон ноцтой гамшгийн үеэр Пак Гын Хэ төрийн тэргүүнийхээ үүргийг дутуу биелүүлсэн гэж үзэж байгаа. Ослын үеэр 7 цаг орчим хугацаанд ерөнхийлөгч хаана, юу хийж байсан нь тодорхойгүй байгаа юм.

Зарим нь түүнийг гоо сайхны мэс засалд орж байсан гэж байгаа ч үүнийг нь нотолж чадаагүй . Энэ асуудлаар парламент холбогдох хүмүүсийг дуудаж байцаалт явуулсан ч баримт олдоогүй юм.

Тэгвэл Пак Гын Хэг албан тушаалаас нь түдгэлзүүлэхээр гаргасан парламентийн шийдвэрийг нягтлан шалгаж байгаа Үндсэн хуулийн шүүх энэ асуудлыг тодруулахаар болжээ.

Үндсэн хуулийн шүүх Пүрэв гарагт Пак Гын Хэг эзгүй байсан долоон цагийн хугацаанд хаана, юу хийж байснаа ширхэгчлэн тайлбарлахыг шаардсан байна.

Шүүхийн хүсэлтээр Пак Гын Хэ ослын үед хаана, юу хийж байсан болон осолтой холбоотой гаргасан шийдвэрүүдийнхээ нотлох баримтуудыг үзүүлэх болжээ.

Үндсэн хуулийн шүүх тус улсын парламентийн ерөнхийлөгчийг түдгэлзүүлсэн шийдвэрийг үндсэн хуульд нийцэж байгааг тогтоовол Пак Гын Хэ ерөнхийлөгчийн албан тушаалаас даруй огцрох юм. Үүний дараа сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулж шинэ ерөнхийлөгчийг тодруулах ажээ.

 

Эх сурвалж: Korea Times