Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Берлиний халдлагын гол сэжигтэн Миланд алагдлаа

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Тунисийн дүрвэгч Анис Амри

Даваа гарагт Берлиний Зул сарын баярын захад ачааны машинтай халдлага үйлдсэнд сэжиглэгдэн эрэн сурвалжлагдаж байсан Тунисийн иргэн Баасан гарагт Милан хотноо цагдаа нарт буудуулж амиа алджээ.

Исламын улс бүлэглэлийн зохион байгуулсан гэх халдлагыг 24 настай Анис Амри гүйцэтгэж, 12 хүний амь үрэгдэн, 50 гаруй хүн гэмтсэн юм.

Бичиг баримтыг нь шалгах үеэр Амри гал нээсэн тул цагдаа нар хариу буудаж хөнөөсөн тухай Италийн дотоод хэргийн сайд Марко Миннити Ром хотноо мэдээлжээ.

Халдлага үйлдсэн ачааны машинаас түүний бичиг баримт, хурууны хээ олдсон тул Европ даяар эрэн сурвалжилж, мэдээлэл өгсөн хүнд 100 мянган еврогийн шагнал амлаад байв.

Амри нь 2011 онд Тунисаас Италид дүрвэж ирсэн. Ирсэн даруйдаа дүрвэгсдийн хуаранд гал тавьсан хэргээр шийтгэгдэж дөрвөн жилийн хорих ял авсан байна. Ингээд 2015 онд Италийн шоронгоос гарсан Амри Германыг зорьсон ажээ.

Халдлагын дараа Германы цагдаа нар өөр нэг Пакистан дүрвэгчийг сэжигтнээр баривчилж шалгаж байсан юм. Энэ хооронд Амри Берлиний нэгэн Исламын сүмд ороод гарсан бичлэг хяналтын камерт үлдсэн байжээ.

Амри нь Германаас иргэншил хүссэн ч татгалзсан хариу аваад удаж байсан, мөн гэмт хэрэгт хэд хэд холбогдож байсан тул Германы цагдаагийн хяналтад байсан хүн гэнэ. Гэвч ийм хүнийг чөлөөтэй явуулж байсан нь Германы аюулгүй албаныхан хэр сул ажиллаж байгааг харуулж байна хэмээн олон нийт шүүмжилж байгаа. Одоогоор Германд 550 орчим танигдсан Исламын хэт үзэлтэн оршин сууж байгаа бөгөөд хууль хүчнийхэн тэдэнд бүрэн хяналт тавьж чадахгүй байгаа гэнэ.

 

Эх сурвалж: South China Morning Post