Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Сталиний ач хүү 80 насандаа таалал төгсжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Евгений Жугашвили

ЗХУ-ын удирдагч асан И.Сталиний ач хүү Евгений Жугашвили 80 насандаа Москвагийн гудамжинд, гэрийнхээ ойролцоо нас барсныг саяхан олсон байна. Тэрээр Сталиний ууган хүү Яковын хүү байсан юм.

Одоогоор үхлийн шалтгааныг тодруулаагүй байгаа гэнэ. Евгений Жугашвили нь өвөг эцгийнхээ нэр төрийг сэргээх гэж насаараа зүтгэсэн бөгөөд Владимир Путиныг “усан толгойт” гэж хатуу шүүмжилдэг байсан нэгэн.

Жуковскийн Агаарын Хүчний Инженерийн Академийг төгссөн Жугашвили цэргийн академийн сонсогчдод 25 жил хичээл зааж байжээ.

Тэр өвөг эцгээ олон арван сая хүний аминд хүрсэн гэх түүхийг эсэргүүцэж Оросын шүүхэд олон удаа хандсан ч бүтэлтэй хариу авч байгаагүй. Эцэг Яковыг нь дэлхийн II дайны үеэр фашистууд олзолсон ч Зөвлөлтийн удирдлага солилцоо хийхээс татгалзсан тул 1943 онд 36 насандаа Заксенхаузений хорих лагерьт нас барсан гэдэг.

Хоёр сарын өмнө тэр Сталинийг Катыньд 22,000 польш офицерийг хядсан хэрэгт буруугүй гэж давж заалдсаныг нь Москвагийн шүүх хэрэгсэхгүй болгожээ.

Өнгөрсөн жил тэр “Миний шүүхэд хандсан хүсэлт бүр агаарт замхарч байна. Нийгэмд Сталиний тухай сөрөг ойлголт гүн суусан байгаа энэ үед үнэн мөнийг гаргаж ирэх маш хэцүү болжээ. Сталинийг бүх зүйлд буруутгаж байгаа нь харамсалтай” гэж ярьж байв.

Жугашвили өвөг эцгийнх нь нас барснаас хойш Орос орон тасралтгүй доройтож ирсэн гэж үздэг. “Хэрвээ Сталин таван жил илүү насалсан бол Орос орон уналтаас зайлсхийж болох байлаа” гэж тэр нэгэнтээ ярьж байжээ.

Сталиний дараа ЗХУ-ыг удирдсан Хрушевээс эхлээд Горбачев, Ельцин, Путин хүртэл Орос орон буруу замаар явсан гэж тэр үздэг. Эдгээр удирдагчдыг Коммунист намыг, Орос орныг, ард иргэдийг нь сүйрүүлсэн гэдэг юм.

Путиныг “гутал нь томдсон хүүхэд” гэж нэрлэж байсан Жугашвили “одоогийн манай удирдагч нар дотор ганц ч ухаантай хүн алга, бүгд хулгайч, луйварчид. Тэд зүгээр л газрын тос, байгалийн хийд эзэн сууж байна” гэж шүүмжилж байв.

 

Эх сурвалж: Daily Mail

 

Зураг
14 | 18 | 20 цаг