Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Болливүүдийн одууд Монгол угсааны байлдан дагуулагчийн нэрийг хүүхэддээ өгсөн нь шүүмжлэл дагуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн кино ертөнц болох Болливүүдийн хамгийн сайхан хос гэгддэг жүжигчдийн шинэ хүүдээ өгсөн нэр энэ долоо хоногийн турш тус улсын сошиал сүлжээний гол сэдвүүдийн нэг байжээ.

Мягмар гарагт Сайф Али Хан, Карина Капур Хан нар шинэ төрсөн хүүдээ Таймур хэмээх нэр хайрлаж байгаагаа зарласан байна. Таймур нь (Тимур, Тамерлан) дундад зуунд амьдарч байсан Монгол угсааны хааны нэр юм. Монголчуудын “доголон Төмөр” гэж нэрлэдэг хаан нь 14 дүгээр зуунд Перс, Төв Азийг эзэлж, харгис хэрцгийгээрээ алдаршиж байжээ.

Тэрээр Делиг эзлэх аян дайны замд олон зуун мянган Энэтхэг хүнийг хядаж, цусан зам татуулж байсан тул Энэтхэгийн түүхэнд Таймур нэр нь “хядлага” гэдэгтэй ижил утгатай сонсогддог гэнэ.

Тиймээс одуудын хүүхэддээ өгсөн Таймур нэр тэдний фэнүүдийн ширүүн шүүмжлэлтэй тулгарсан байна. Твиттер сүлжээнд бичихдээ фэнүүд нь “Сайф Али Хан, Карина Капур нарын тоглосон бүх киног үзэхгүй бойкот хийцгээе. Таймур нэрийг хүүхэддээ өгөх нь Гитлер гэж нэрлэж байгаагаас ялгаагүй. Бүр тэрнээс ч дор”, “Мугалчууд биднийг дахин эзэлж байгаа юм уу? Үгүй бол яагаад Таймур нэр трэнд болж байгаа юм бэ?” зэргээр эсэргүүцлээ илэрхийлжээ.

Харин тэднийг хамгаалагчид нь Таймур нэрийг заавал цуст байлдан дагуулагчтай холбох хэрэггүй, энэ бол Түрэг хэлээр “төмөр мэт хатуу” гэсэн үг хэмээн тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Washington Post