Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Ангол эмэгтэй хүүхдээ өөрөө эх барьж авах ёс заншилтай"

Э.Мөнхзаяа
2016 оны 12 сарын 23
MorninigNews.mn
Зураг зураг

Белорусийн Брест хотын эх баригч, эмэгтэйчүүдийн эмчийн Африк эмэгтэйчүүд хэрхэн хүүхдээ төрүүлдэг, яагаад хар тивд ажиллах болсон тухай сонирхолтой ярилцлагыг орчуулан хүргэж байна.
Брестийн эх баригч, эмэгтэйчүүдийн эмч Елена Викторович Белорусийн эмнэлгийн байгууллагад 20 жил ажилласныхаа дараа л ганцхан урам зоригоор цатгалан явахгүй гэдгийг ойлгожээ. Ингээд хайртай ажлынхаа үр шимийг хүртэхийг хүссэн байна.

Африкт ажилласан нэг жил 10 жил эх орондоо байсантай тэнцэнэ

Би гурван газар ажилладаг байлаа. Брестийн төрөх эмнэлэгт, төмөр замын эмнэлэгт, ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх төвд өвчтөнүүдийг хүлээн авч, ЭХО-ны үзлэг хийдэг байлаа. Харин асар өндөр хүүтэй байр худалдан авснаар сард 500 доллар төлөх ёстой болсон. Бүтэн сарын цалин минь гэсэн үг. Том охин маань дөнгөж их сургуулиа төгссөн, багыгаа сургах хэрэгтэй байдаг.

Нөхрөөсөө салчихсан. Бас гэртээ засвар хийх шаардлагатай. Мөнгөний асуудал ар араасаа боссон доо хэмээн эмч дурсчээ.

Ингээд Елена Викторович гадаадад ажиллах талаар сонирхож эхэлжээ. Анхандаа түүнд бусад орнуудад эмчилгээг хэрхэн хийдэг тухай сонирхол төржээ. Харин дараа нь энэ нь гэр бүлээ санхүүгийн уналтаас аврах арга гэдгийг ойлгосон байна.

Танилууд нь түүнд Ангол руу явж ажиллахыг зөвлөж байсан бөгөөд тэнд Украин, Орос, Белорусийн эмч нар ажилладаг гэж байв. Эмч нарын ажиллах нөхцөлийг Оросын фирм хариуцдаг аж. Ингээд л эрч хүчээр дүүрэн эмч хүч үзэхээр шийдэж, уг фирмтэй холбогдсоноор хагас жилийн дараа Африк руу явжээ.

“2009 оноос хойш гэхэд долоон жил “Катока” уул уурхайн компанийн эмнэлэгт ажиллаж байна. Энэ бол алмааз үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг. Анголын нийслэл Луандагаас мянгаад километрийн цаана байрладаг" хэмээн тэрбээр ярьж байна.

-Ертөнцийн нөгөө хязгаарт нүүж очих зориг эрмэлзэл тань тэгээд зөвдсөн үү?

-Би Анголд арванхоёрдугаар сарын 1-нд ирээд, 25-нд арванхоёрдугаар сарын цалингаа авсан. Энэ үед юу ч хийгээгүй. Өдрийн цагаар кабинетуудаараа явж, оройгоор португаль хэл сурч байлаа. Надад хэл сурах, дипломоо хамгаалах гурван сарын хугацаа өгсөн юм. Брестэд байхдаа олсон цалингаа бүгдийг нь зээлд төлдөг байсан.

Харин энд надад эмчийн цэвэр цалин төлдөг байсан нь Белорусьт гурван газар ажиллаж байснаас тав дахин илүү байлаа. Би тухайн үед тооцоолсон л доо. Анголд ажилласан нэг жил эх орондоо 10 жил ажилласантай, хоёр жил нь 20 жилтэй тэнцэх нь гэж. Тэгээд л би уйлсан.

Миний хүүхдэд бүү хүр

 

-Белорусийн жирэмсэн эмэгтэйчүүд ангол эмэгтэйчүүдээс юугаараа ялгаатай вэ. Африкт хүүхнүүд хэрхэн төрдөг вэ?

-Эмнэлэгт төрөх нь ховор. Энд 80 хувь нь гэртээ төрдөг. Тэдний хувьд эмнэлэгт төлбөр төлж байснаас эмч дуудсан нь илүү хямд тусдаг. Эмэгтэйчүүд нь бие дааж төрдөг бөгөөд өвдөлт өгч эхлэх үеэс л эрчүүд нь алга болчихдог. Тэд тосгоны цаана, саванна руугаа явчихдаг. Харин дуу дуулах, бүжиг бүжих үед хүрч ирдэг.

Тэгэхээр хүүхэд төрсөн гэсэн үг. Үүнээс гадна төрөхөөр өвдөж буй эмэгтэйчүүд хоёронтоо нар үзэх ёсгүй гэж үздэг. Хэрвээ өвдөлт хоногоор үргэлжлээд эмэгтэй төрөөгүй бол эмч дууддаг. Тийм болохоор би голчлон ослын дуудлагад л явж байна даа. Хэрвээ би төрөлтийн үеэр байж байвал төрж буй эмэгтэй маань хүүхдэд нь хүрэхгүй байхыг хүсдэг.

Тэр өөрөө хүүхдээ эх барьж авч, хүйгээ өөрөө тасалж, хүүхдээ авч, гэдсэн дээрээ тавьдаг. “Энэ бол миний хүүхэд, миний бактери. Битгий хүр” л гэнэ шүү дээ. Дараа нь бүгдийг өөрөө янзалж, өвдөглөж сууж байгаад миний хөлийг үнссэнээ яваад өгнө. Ийм л ёстой. Бидний эмэг эхчүүд ч ингэж л төрж байсан байх даа гэж боддог байлаа.

Хэн нь ч ухаан балартахгүй, өвдсөндөө больж орилохгүй. Мэдээж бүхий л эмэгтэйчүүдийн адил дуншиж ёолдог ч манай эмнэлгүүдэд байдаг шиг хашхирч чарладаггүй.

Үүнээс гадна тухайн эмэгтэй жирэмсэн болбол нөхөртэйгөө бэлгийн харьцаанд орж болохгүй. Үүнийг шашнаараа ч, уламжлалаараа ч хориглосон байдаг. Эрчүүд дэргэд нь шинэ өвсөн овоохой барьж, шинэ эхнэр авна. Ингэж л амьдардаг. Хэдэн эмэгтэйг хангаж чадна, тэр хэрээр нь эхнэр авдаг гэсэн үг. Тэд Христийн шашинтнууд ч олон эхнэртэй байхыг хүлээн зөвшөөрдөг.

Олон жил дайн дажинтай байсан болохоор эрчүүд нь үрэгдсэн. Анголчууд өсөж үржих, хүн амаа нэмэгдүүлэх ёстой гэдгээ мэддэг улс.

-Анголд анагаах ухаан хэр хөгжсөн бэ?

-Би зөвхөн "Катока"-гийн ажилтнуудын гэр бүлд үйлчилдэг эмнэлэгт ажилладаг. Энд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бий. Эмийн хувьд Европ, Бразилынх гээд огт өөр. Луандад улаан загалмайн эмнэлэг байдаг ч мэдээж хангалттай хүрэлцдэггүй.

Анголд энгийн антибиотикууд үйлчилдгийг би анзаарсан. Тэнд хэн ч энгийн халдварыг 10-15 хоногоор эмчилдэггүй. Өвчтөн ирлээ гэхэд өнөөдөр та дотрын хамгийн их тун өгнө. Маргааш нь дэмжих эм өглөө л бол нөгөөдөр нь тэр эрүүл болно. Над дээр ДОХ, сүрьеэ, гепатит зэрэг өвчтэй хүмүүс ирж байсан.

Анголд 16 жил дайн болсны дараа нийгмийн олон өвчин дагалдсан. Тэнд би эмнэлгийн практикт анх удаа шууд цус сэлбэж байхыг харсан. Бас тэнд эрүүл ахуйн станц гэж байхгүй. Хагалгааны дараа халдвар авах эсэхийг хэн ч хянадаггүй.

Бүгд эерэг сэтгэлгээтэй

-Харийн оронд таныг хэрхэн хүлээн авдаг вэ. Та өөр соёлд амархан дассан уу?

-Анголчууд намайг "сахиусан тэнгэр” гэж дууддаг. Цагаан арьстай, цайвар үстэй болохоор тэгдэг байх. Тэнд эмч нарт маш хүндэтгэлтэй ханддаг. Намайг Луандад ч хүмүүс андахгүй. Банкинд ороход л тэд “Доторэ, доторэ" (доктор, доктор) хэмээн дууддаг. Хамгийн гайхалтай нь тэд аливааг дараа гэж хэзээ ч хойшлуулдаггүй.

Хүсч л байвал ой руу ороод жимсээ түүгээд идэж болно. Маргааш нь дахиад л явна. Тэнд бүгд эергээр бодож сэтгэдэг.

Надад бас нэг таалагдсан зүйл нь ойр дотныхоо хүмүүсийн үхэлд хэрхэн ханддаг байдал. Анголын хуулиар бол талийгаачийн ар гэрийнхэн стрессээс гарч, ажилдаа уйлахгүй, инээмсэглэн ирж, тайван ажлаа явуулахад нь зориулж, найм хоногийн амралт өгдөг.

Ангол өөрөө нарлаг орон төдийгүй хүмүүс нь ч наран мэт гэрэлтдэг. Тэд үргэлж инээмсэглэж явдаг. Үүнийг нь ч би суралцсан. Тэнд тэврэлдэхдээ бие биеийнхээ хацрыг хоёр удаа шүргэх ёстой байдаг. Таньдаг, таньдаггүй бүгд л ингэж хийдэг. Нэг өдрийн дотор хүн бүр гурван удаа мэндлэх ёстой. Үнэхээр ч хүн гурван удаа мэндэлж байхад инээмсэглэхгүй байхын аргагүй юм билээ.

Зураг