Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Орос улс Сирийн ажиллагаанд нийт 160 гаруй шинэ зэвсэг туршжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Сири дэх Оросын цэрэг

ОХУ-ын Сирид явуулж байгаа цэргийн ажиллагаа нь тус улсын бүрэн бүтэн байдлыг хадгалахад туслах үндсэн зорилготой. Харин нөгөө талаар Оросын хамгийн орчин үеийн 162 шинэ зэвсгийг турших туршилтын талбар болж байгааг ОХУ-ын батлан хамгаалахын сайд мэдээлжээ.

Өчигдөр буюу Пүрэв гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины даргалсан оны тайлангийн хурал дээр батлан хамгаалахын сайд Сергей Шойгу энэ тухай танилцуулсан байна.

Эдгээр шинэ зэвсэг, техникийн дотор Су-39СМ, Су-34 сөнөөгч онгоцнууд, Ми-28Н, Ка-52 нисдэг тэрэгнүүд зэрэг багтжээ. Шойгу сайдын мэдээлснээр 162 шинэ зэвсгийн 10 нь шаардлага хангах хэмжээнд ажиллаагүй тул үйлдвэрлэгчдэд нь засвар оруулахаар буцаасан байна.

Шойгу Сирийн ажиллагааны үр дүнг “Сири улсыг задлан бутаргахаас сэргийлж, Ойрх Дорнод, Хойд Африкт үргэлжилж байсан улбар шар хувьсгалыг таслан зогсоож, дайтагч талуудын хооронд улс төрийн яриа хэлэлцээр эхлэх суурийг тавьсан” гэж дүгнэжээ.

ОХУ-ын зэвсэгт хүчин өнөөдрийг хүртэл нийт 18,800 алсын цохилт, 71,000 агаарын цохилт гүйцэтгээд байгааг мөн сайд дурдсан байна.

Өнгөрч байгаа онд NATO-гийн ОХУ-ын эсрэг ажиллагаа нэмэгдсэн тухай сайд мэдээлэлдээ дурджээ. Тухайлбал ОХУ-ын усан хилийн дагуу тагнах ажиллагаа 50 хувь нэмэгдсэн бол агаарын хилийн дагуу хийх нислэгээ NATO сүүлийн арван жилийн дотор гурав дахин нэмэгдүүлсэн байна.

Мөн ОХУ-ыг байгаа болгосон цэргийн сургуулилалтыг хоёр дахин нэмэгдүүлжээ.

АНУ өөрийн Европ дахь цөмийн зэвсгийн байгууламжуудыг шинэчлэн сайжруулж, ОХУ-ын газар нутагт 10 минутын дотор бүрэн цохилт өгөх чадвартай 150-300 цөмийн пуужинг нууцаар байрлуулаад байгааг Шойгу онцолсон байна. “Ийм үйлдлийг ОХУ зүгээр өнгөрөөх боломжгүй” гэж сайд мэдэгджээ.

Эцэст нь Сергей Шойгу “Дэлхий ертөнц ийм хурдтай өөрчлөгдөж байгаа үед бид армийн шинэчлэл, цэргийн бэлтгэл сургуулилалтад ганц хором зүгээр суувал томоохон хохирол амсахад ойрхон байна” гэж батлан хамгаалах салбарын ач холбогдлыг тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Russia Today