Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын хэвлэл Энэтхэгийг Далай ламаар дипломат тоглолт хийхгүй байхыг анхааруулжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Нарендра Моди, Ши Жиньпин нарын уулзалт

Хятадын коммунист намын мэдлийн Global Times сонинд өнөөдөр нэгэн нийтлэл гарсан нь Энэтхэгийн гадаад бодлогыг хатуу шүүмжилсэн агуулгатай байв.

Нийтлэлд сүүлийн сар гаруй хугацаанд Делигийн эрх баригчид Далай ламыг ашиглан Хятадын дотоод хэрэгт хоёр ч удаа хутгалдсаныг дурдсан байна. Үүнд энэ сарын эхээр Энэтхэгийн ерөнхийлөгч Пранаб Мухержигийн Далай ламтай уулзсан явдал, мөн өнгөрсөн сард Монгол улсад хийсэн Далай ламын айлчлалыг өгүүлжээ.

Далай ламын айлчлалын дараа үүссэн эдийн засгийн хүндрэлийг Монгол улс даван туулахын тулд Хятадын том өрсөлдөгч Энэтхэгээс тусламж гуйсан тухай, үүнд нь Дели уриалгахан зөвшөөрснийг жишээ болгон онцолсон байна. Нийтлэлч нь Далай ламыг Хятадын эсрэг дипломат тоглолтод хөзөр болгон ашиглаж байгаад Делиг буруутгаад “Энэтхэгийн энэ оролдлого өөрийнх нь чадавхи, амбиц хоёрын хооронд их зөрүү байгааг” харуулж байна гэжээ.

Мөн “Энэтхэгийн эрх баригчид Тайваний асуудлаар Бээжин-Дональд Трампын хооронд үүссэн харилцаанаас сургамж авах хэрэгтэй. Хятад улс ашиг сонирхолдоо ямар тууштай, хатуу байр суурьтай болохыг Трамп туршиж үзсэн бөгөөд зохих хариугаа авсан. АНУ хүртэл Хятадын дотоод хэрэгт оролцохоос болгоомжилж байхад Энэтхэг яагаад ийм их өөртөө итгэлтэй байна вэ?

Энэтхэг улс заримдаа “дэлхийн хамгийн том ардчилсан улс” гэсэн нэрэндээ хөөрсөн эрх хүүхэд шиг загнаж байна. Уг нь Энэтхэгт хүчирхэг гүрэн болох чадвар байгаа ч алсын хараа дутаж байна” гэх зэргээр шүүмжилжээ.