Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадаас оруулж ирсэн хуванцар цагаан будаа Нигерид илэрлээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Шинэ жил, Зул сарын баяр ойртож байгаатай холбоотойгоор хүнсний эрэлт нэмэгдсэн энэ үед баруун Африкийн Нигери улсад 100 уут хуванцар цагаан будаа хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.

Хуурамч будааг тээвэрлэж байсан этгээдийг баривчилснаа Нигерийн эрх баригчид Лхагва гарагт мэдээлсэн байна. Түүнийг Хятадаас хулгайн замаар ирсэн хуурамч будааг Лагосын боомтоор нэвтрүүлэхийг завдсан гэж сэжиглэж байгаа гэнэ.

50 кг-ийн ууттай, “Best Tomato Rice” гэсэн бичигтэй, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хуурамч будаа илрүүлсэн ажээ.

Гаалийн төлөөлөгч Мохаммед Харуна “Бид хуванцар будаанд эхний шинжилгээг хийгээд байна. Чанахад зөөлөрч, наалдамхай болж байгаа энэ будааг идсэн хүнд юу тохиолдохыг Бурхан л мэдэх байх” гэж ярьсан байна.

Нигери улс нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийн тулд импортын цагаан будааг хориглодог юм. Гэвч инфляцийн улмаас хүнсний үнэ нэмэгдэж жилийн дотор 50кг ууттай будааны үнэ хоёр дахин нэмэгдэж 20,000 найра ($63) хүрээд байгаа нь ийм хуурамч будааг хилээр нэвтрүүлэх оролдлого гарахад хүргэсэн бололтой.

Нигерийн инфляци өнгөрсөн арваннэгдүгээр сард 18.5 хувьтай байгаа нь сүүлийн 13 сар дараалан өссөн үр дүн юм.

Гаалийнхан илрүүлсэн будаагаа шинжлүүлэхээр Үндэсний Хүнс, Эмийн Захиргаа руугаа илгээжээ.

 

Эх сурвалж: The Guardian