Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Италид оршдог Супер галт уул дэлбэрэхэд ойрхон байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Италийн Наполи хотын дэргэд оршдог, манай дэлхийн хамгийн аюултай супер галт уулуудын нэг дэлбэрэхэд ойртоод байгааг судлаачид мэдээллээ.

Кампи Флегрэй нэртэй энэ уул 500 жилийн дараа анх удаагаа хүчтэй дэлбэрэхүйц даралтын аюултай түвшинд хүрээд байгаа юм байна.

Уулнаас түрэн гарах магмагийн нөлөөгөөр үүссэн шингэн, хийн хэмжээ нь хэвийн үеэс 10 дахин нэмэгджээ. Яваандаа уулын хад чулууг хүчтэй халааснаар маш хүчтэй дэлбэрэлт явагдахад ойрхон болоод байгаа гэнэ.

Кампи Флегрэй уулын орчимд амьдардаг гурван сая хүнд энэ байгалийн үзэгдэл эрсдэл авчирч байна. 2005 оноос хойш уг уулын дороос магма ундрах болсон юм.

Ингээд 2012 онд Италийн эрх баригчид галт уулын аюулын түвшинг ногооноос шар болгон бууруулж, тасралтгүй ажиглаж байхаар болжээ.

Галт уулыг ажиглаж байгаа багийн удирдагч Жюзеппе Де Натали “Зөвхөн галт уул дэлбэрээд зогсохгүй, дэлхий дахинд солиртой мөргөлдсөн мэт гамшиг үүсэх магадлалтай” гэсэн байна.

Сүүлийн 200 мянган жилийн дотор Европт тохиолдсон хамгийн том галт уулын дэлбэрэлт 39,000 жилийн өмнө болоход одоогийн Кампи Флегрэй уулын тогоо үүссэн юм.

Түүний ойролцоох Везуви уул нийтийн тооллын 79 онд дэлбэрэхэд Ромын Помпей хотыг бүхлээр нь булшилж байв. Энэ уул одоо болтол идэвхтэйд тооцогддог юм.

Супер галт уул ангилалд багтдаг уулс нь дэлбэрвэл 1,000 км3-ээс дээш багтаамжтай материалыг орчиндоо цацах чадалтай байдаг. Энэ нь энгийн галт уулын цацах чадлаас хэдэн мянга дахин их гэсэн үг юм.

 

Эх сурвалж: Independent