Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын элчинг буудсан алуурчныг амьдаар баривчлах боломжтой байсан уу?

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
ОХУ-ын элчин сайдыг буудсан алуурчин

Анкарад суух ОХУ-ын элчин сайд Андрей Карловыг буудсан алуурчныг амьдаар нь барих боломжтой байсан талаар Оросын экспертүүд ярьж байна. Хэрвээ алуурчныг амьдаар барьсан бол хэргийн цаад эздийг олоход хялбар байсан. Зарим ажиглагч энэхүү ажиллагааг зориуд хэргийн ул мөрийг баллах зорилготой хийгдсэн гэж үзжээ.

Өнөөдөр Туркийн хэвлэл, мэдээллийн гол сэдэв нь Оросын элчин сайдын амийг хөнөөсөн хэрэг болж байна. Гэвч Туркийн хүчнийхэн яагаад алуурчныг амьд үлдээгээгүй талаар маш бага мэдээлэлтэй байгаа юм.

Тухайн өдрийн 19:30 цагийн үед элчин сайд Карлов Анкарагийн Орчин үеийн Урлагийн Төвд ирж, гэрэл зургийн үзэсгэлэнг нээсэн байна. Түүний нээлтийн үг минут ч хүрэхгүй хугацаанд үргэлжилсний дараа элчин сайдын ард зогсож байсан алуурчин халааснаасаа гар буу гаргаж, “Аллах Акбар” хэмээн орилж сайдыг араас нь хэд хэдэн удаа бууджээ. Алуурчин нийтдээ 11 удаа дипломатчийг буудсан байна.

Үүний дараа тэр Алеппо болон Сиритэй холбоотой үг хашгичиж тааз руу болон үймсэн хүмүүсийн зүгт хэд хэдэн удаа бууджээ.

Аллагаас 25 минутын дараа алуурчныг Туркийн тусгай хүчнийхэн буудаж, амийг нь хөнөөсөн юм. Алуурчныг 22 настай Мэвлют Мэрт Алтинтас гэгч цагдаагийн албан хаагч болохыг сүүлд тодруулжээ.

 

Түүнийг амьдаар барих боломжтой байсан

Оросын ШУА-ийн Ойрх Дорнодын Хүрээлэнгийн судлаач Борис Долговын үзэж байгаагаар Карловын аллага ганцаарчилсан ажиллагаа, эсвэл зохион байгуулалттай аллагын аль нь ч байж болох гэнэ.

“Алтинтас алагдсан нь миний бодлоор хачирхалтай үйл явдал. Түүнийг амьдаар баривчилж, байцаалт явуулснаар ард нь ямар хэлхээ холбоо байгааг илрүүлж болох байсан” гэж Долгов ярьжээ.

 

Яагаад алуурчныг баривчилж болоогүй вэ?

Холбооны Аюулгүй байдлын Албаны Альфа тусгай бүлэгт ажиллаж байсан, бэлтгэл хурандаа Андрей Попов Алтинтасын эсрэг хэрэгжсэн ажиллагаанд дүгнэлт хийжээ.

Попов “Ямар нэг ажиллагааг бодит орчноос нь тусдаа алсаас дүгнэх нь үргэлж хэцүү байдаг” гээд “Гэхдээ видео бичлэгээс үзэхэд алуурчин хүмүүсийг байшингаас гарахад саад хийхгүй, хэн нэгнийг барьцаалах гэж оролдохгүй байгаа. Энэ тохиолдолд түүнийг амьдаар баривчлах боломжтой байсан” гэжээ.

Ингэж чадаагүй нь Туркийн хууль хүчнийхний хоорондын үл ойлголцол, эсвэл Туркийн тусгайгийнхны мэргэжлийн ур чадвартай холбоотой байх гэж Попов дүгнэж байна. “Ийм нөхцөлд гүйцэтгэх механизм бэлэн байх ёстой. Алуурчны баруун мөрөнд буудаж, эсэргүүцэл үзүүлэх боломжгүй болгосны дараа баривчлах ажиллагаа явагдах байсан юм” гэж тэр тайлбарлаж байна.

Тиймээс Попов алуурчныг аллагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгүүлэхгүйн тулд Туркийн тусгай хүчнийхэн устгасан байх магадлалтай гэж үзжээ.

Энэ сарын 20-нд Оросын Мөрдөн Шалгах Хороо, Гадаад Харилцааны Яамны 18 мэргэжилтэн Анкарад очиж, Карловын аллагын хэргийг Туркийн талтай хамтран шалгахаар болсон байна. Оросын элчингийн цогцосыг даруй Анкарагийн шүүх эмнэлгийн хүрээлэнд хүргэсний дараа мөн 20-ны өдөр Москва руу илгээжээ.

 

Эх сурвалж: Pravda.Ru