Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Алибабаг хуурамч барааны томоохон түгээгчээр АНУ зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Алибаба Группыг үндэслэгч Жэк Ма

АНУ-ын засаг захиргаа Хятадын онлайн худалдааны Алибаба компанийг дэлхийн хамгийн том хуурамч барааны нийлүүлэгчдийн нэгээр зарлалаа.

АНУ-ын Худалдааны Төлөөлөгчийн газар (USTR) өчигдөр буюу Лхагва гарагт Алибабаг жил бүр зарладаг "муу нэрт бизнес эрхлэгчдийн" хар жагсаалтдаа багтаасныг мэдээлжээ. Уг нь Алибаба өнгөрсөн жил энэхүү жагсаалтаас арай гэж салаад байсан юм.

Алибабагийн ерөнхийлөгч Майкл Эванс мэдэгдэлдээ “Бид энэхүү шийдвэрт маш их сэтгэл дундуур байна. Хуурамч бүтээгдэхүүнтэй тэмцэж байгаа Алибабагийн зүтгэлийг үүнд тооцоогүйд харамсаж байна” гэжээ.

Өнгөрсөн аравдугаар сард Алибаба хуурамч бараа бүтээгдэхүүн, оюуны өмчийн зөрчлийн эсрэг бодлогоо чангалж, гомдол мэдүүлсэн барааг системээсээ хялбар арилгадаг боломжоор хангаснаа зарлаж байв. Тэд энэ ажлын хүрээнд наймдугаар сарын байдлаар нэг жилийн хугацаанд 380 сая бараа, 180 мянган дэлгүүрийг Таобао платформоосоо устгасан тухай мэдэгдэлдээ дурджээ.

Мөн Алибаба Вашингтоны шийдвэрийг улс төржсөн өнгө аястай гэж буруутгасан байна. “Харамсалтай нь USTR-ийн шийдвэр жинхэнэ баримт дээр тулгуурлав уу, одоогийн улс төрийн уур амьсгалд тулгуурлав уу гэдэг асуулт эндээс гарч ирж байна” хэмээн мэдэгдэлдээ дурдаж, өөрсдийгөө Дональд Трампын Хятадтай хийж буй “дипломат дайны” золиос боллоо гэж дүгнэжээ.

2014 онд АНУ-ын хөрөнгийн зах зээлд дуулиантайгаар IPO хийсэн Алибаба группын Америкийн зах зээлд тэлэх зорилго ийнхүү хүндрэлтэй тулгарч байна.

 

Эх сурвалж: South China Morning Post