Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад гадаа шалгалт авсан багшийг ажлаас нь халж байна

Б.Даваахүү
2016 оны 12 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

Агаарын бохирдлын хэмжээ хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулахаар төвшнийг зааж буйтай холбогдуулан БНХАУ-ын Засгийн газраас зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, утаа их гаргадаг үйлдвэрүүдийг хааж, барилгын ажлыг хүртэл түр зогсоожээ.

Бээжин хотод л гэхэд гурван өдөр сургууль, цэцэрлэгийг хаах арга хэмжээ авсан байна. Хятадын агаарын бохирдлын гол ялгаруулагч нь автомашинууд, нүүрсний станцууд байдаг аж. Тодруулбал, тус улсын хэд хэдэн хотод өтгөн утаа үүсч, улмаар үзэгдэх орчин хязгаарлагдан, зам тээврийн нөхцөл байдал ч хүндэрчээ.

Хэбэй мужид гэхэд өтгөн утааны улмаас үзэгдэх орчин 200 метрээр хязгаарлагдаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөнийг түр хааж, үд дунд утаа бага зэрэг саарах үеэр хөдөлгөөнийг эргэн нээсэн байна. Ийнхүү утааны асуудалтай нүүр тулсан Хятадын хүрээлэн буй орчныг хамгаалах яамнаас нөхцөл байдал хүндэрсэн зургаан муж руу шинжилгээний 13 багийг илгээжээ.

Эдгээр мужид Бээжин, Тяньжин, Хэбэй, Шаньси, Шандон, Хэнан муж багтаж байна. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар Хятадын нийт 23 хотод агаарын чанар маш муу буюу сэрэмжлүүлгийн улаан дохиоллыг асаасан байна. Иймд барилгын ажлуудыг түр хугацаанд зогсоож, цэцэрлэг, бага сургуулиудын хичээлийг амрааж, утаанд нөлөөлж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоох зэрэг арга хэмжээнүүдийг авч эхлээд байна.

Мөн Бээжин хотын олон улсын нисэх онгоцны буудалд өчигдөр 169 нислэг цуцлагджээ. Энэ нь "Шоуду" нисэх онгоцны буудлын орчимд утаа ихтэй байсантай холбоотой юм байна. Нисэх буудлын захиргаанаас мэдээлж байгаагаар нислэг нь хойшлогдсон зорчигчдод халуун хоол, цайгаар үйлчилж, цаг алдалгүйгээр нислэгийн хуваарьт орж байгаа өөрчлөлтүүдийн талаар мэдээлж буй юм байна.

Хятадын нийт 24 хотод агаарын бохирдол онцгой ихэссэнийг сэрэмжлүүлэх улаан дохиоллыг асаагаад байгаа юм. Тэгвэл утааны улирал эхэлсэн байхад сургуулийн гаднах талбайд 400 гаруй сурагчдыг зэрэгцүүлэн суулгаж, шалгалт авсан хэрэг мөн гарсан байна. Улмаар орон нутгийн удирдлагууд тус дунд сургуулийн захирлыг албан тушаалаас нь түдгэлзүүлжээ.

Энэ хэрэг Хэнань мужид болсон гэнэ. Тус мужийн удирдлагууд агаарын бохирдлын хэмжээ ноцтой төвшнийг зааж буйтай холбоотойгоор бүх сургуулийг амраах шийдвэрийг гаргасан аж. Гэтэл нэгэн дунд сургууль уг шийдвэрийг үл тоож, 400 гаруй сурагчдаа гаднах биеийн тамирын талбайд тусгайлан зассан ширээн дээр суулгаж, шалгалт авсан зөрчил илэрчээ.

БНХАУ- ын сургуулиуд хүүхдүүдийг нэг нэгнээсээ хуулах, багш нараа хуурч мэхлэх зэрэг үйл ажиллагаанаас сэргийлэх үүднээс биеийн тамирын талбайг ширээнүүдийг хол хол зайтай байрлуулан сурагчдыг суулгаж, шалгалт авдаг аж. Хэдий утааны улирал эхэлсэн ч тус сургуулийнхан энэ уламжлалаа зогсоогоогүй байна.

Гэвч орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн саарал утаан дунд шалгалтаа өгч буй сургуулийн сурагчдын зургийг авч, цахим ертөнцөд цацсанаар мужийн удирдлагын чихэнд хүрчээ.

Ингэснээр дунд сургуулийн захирал ажлаасаа халагдаж, хэргийг шалгахаар шийдвэрлэсэн байна. Тэгвэл энэ мэдээлэл цахим ертөнцөд цацагдаж эхлэхэд, “Сургуулийн захирал асуудалтай, гэхдээ агаарын бохирдол түүнээс ч илүү хортой” гэсэн сэтгэгдэл ч хөвөрч буй гэнэ.

Зураг