Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Халаасны мөнгө

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ

Гийгүүлэгч Сэржээ

Халаасны мөнгө гэхээр ихэнх хүмүүст сурагч байхдаа аав ээжээсээ авдаг байсан мөнгө санаанд нь бууж магадгүй юм. Харин энэ бол миний хувьд эсрэгээрээ. Би халаасны мөнгө “авдаг” болоод жил болох гэж байна. Хэнээс авдаг вэ гэж үү? Нөхрөөсөө гэхэд хэцүү, өөрөөсөө гэхэд хэцүү юм.  

Ер нь гэр бүлийн санхүүгээ хэн нь барьдгаас шалтгаалаад бусаддаа халаасны мөнгө өгдөг. Тэгвэл санхүүгээ барьдаг хүн нь илүү их эрх мэдэлтэй байж, дураар зарцуулж, хүссэн юмаа авдаг уу? Хариулт нь мэдээж янз бүр л байж болох ч ихэнхдээ “үгүй” байдаг. Учир нь гэр бүлийнхээ санхүүг барьж байгаа хүнд том хариуцлага ирдэг бол халаасны мөнгө “авагч” өөрт оногдсон мөнгөө санаа зовох зүйлгүй үрэх нь олонтаа.  Үүнээс болоод л “сангийн сайд” гуай өглөгч хүн өөртөө хоосны үлгэрээр хоосон хоцордог гэхэд хилсдэхгүй.

Миний хувьд 2-3 удаа сангийн сайдаасаа огцорч, нөхрийгөө томилж байсан ч “гэр” улсын маань эдийн засаг дампуурлын түвшинд хүрснээр дахин энэ оролдлогыг хийхээ больсон.

Яагаад сайдын суудлаа тавьж өгөхийг хүссэн бэ гэж үү? Дээр дурьдсанчлан халаасны “мөнгө” авагч өөрийнхөө дуртай спортоороо хичээллэж, дуртай зүйлээ авч, намайгаа хүртэл гэнэтийн бэлгээр баярлуулаад байгааг хараад тэгэхийг хүссэндээ л тэр.

Цагаахан атаархал маань намайг 2016 оны төсөвтөө нөхөртөө болон өөртөө халаасны мөнгө олгох шийдвэр гаргахад хүргэсэн юм. Бидний халаасны мөнгө нийт орлогын маань 10%-тай тэнцдэг. Нөхөр:

  • Аикидо
  • Амралтын өдрийн бассейн, саун
  • Кофе болон гадуур хооллох мөнгө
  • Хэрвээ үлдвэл өөрийнх нь хадгаламжинд хийхээр мөнгөө төлөвлөж зарцуулдаг.

Миний хувьд:

  • Бадминтон болон бассейн
  • Кофе болон гадуур хооллох мөнгө
  • Хэрвээ үлдвэл өөрийнхөө хадгаламжинд хийнэ гэсэн зорилгоор “халаасны мөнгө”-өө зарцуулдаг.

Халаасны мөнгөнөөс илүүчилсэн хадгаламжаараа бид хоёр юу ч хийж болох бөгөөд яг л гар утасны хэрэглээ шиг нь хувь хүний өөрийнх нь орон зайн мэдлийнх юм.

Мэдээж их биш нь тодорхой тул чи хэдэн төгрөг хуримтлуулсан бэ? гэж огт сонирхож байгаагүй.

Гэхдээ ийм хадгаламжтай байхад нэгэндээ гэнэтийн бэлэг барих, төрсөн өдрөөр нь баярлуулах гэх мэт тохиолдолд их хэрэг болдог. Учир нь би чамд гэнэтийн бэлэг барих гэсэн юм аа гэж хэн ч нэгнээсээ зөвшөөрөл авдаггүй биз дээ. Миний хувьд цуглуулсан  халаасны мөнгөөрөө өнгөрсөн 11 сард найзуудтайгаа хамт аяллаар явсан нь өнгөрсөн хэдэн сарын стресс, ядаргааг тайлж ирж буй оноо эрч хүчтэйгээр угтах энергиэр сэлбэсэн.

Хааяа нөхөр бид 2-т бие биедээ тунирхах, гомдох, санал зөрөх үе гарна. Тийм үед ээж аав руугаа гүйхгүйгээр, түрхэн зуурын гомдлоороо хань ижлээ өрөөл нэгэнд муулахгүйгээр буйдхан нэгэн кафед бодлоо цэгцлэн суух, эсвэл бүр ганцаараа хоногийн аялалд яваад ирэхэд халаасны мөнгө маань их тус болдог. Ялангуяа гомдож тунихдаа амархан эмэгтэйчүүд бидэнд маш их хэрэгтэй.

Санхүүгээ тооцоолохдоо халаасны мөнгө төсөвлөж чадахгүй. Одоохондоо гэртээ сууж байгаа бол хүнсний зардал болон бусад зардлаасаа хэмнэсэн мөнгөөрөө халаасныхаа зардлыг бүрдүүлж болно. Эхлэх л хэцүү болохоос эхэлснээ үргэлжлүүлэх амархан тул хэцүү гэж бодолгүй туршаад үзээрэй.

Гийгүүлэгч Тогоо

Зардлаа саяхнаас тооцож, төсөвлөж сурч байгаа миний хувьд халаасны мөнгө гэдэг ойлголт хүүхдүүддээ өгдөг мөнгөөр л хязгаарлагдах юм. Хүүхэд том болох хирээр халаасны мөнгөний хэмжээ нэмэгддэгийг та юу эс андах вэ.

Зарим хүмүүс хүүхдэд мөнгө өгөх хэрэггүй гэдэг. Зарим нь хүүхдийг багаас нь мөнгөтэй харьцуулж сургах ёстой гэдэг. Харин миний хувьд хоёр дахь арга нь зөв юм болов уу гэж санагддаг юм. Миний хувьд өмнө нь ямар ч тооцоогүйгээр ээж тэдэн төгрөг байна уу? гэхээр нь л хэлсэн мөнгийг нь өгдөг байсан. Энэ нь зарим үед их, зарим үед бага хэмжээтэй.

Харин одоо ахлах ангид сурдаг охинтойгоо ярилцаад сарын хэрэглээнийх нь мөнгийг өөрт нь бөөнд нь өгч байхаар тохирсон. Охин маань өдрийн зардлаа, сард хэрэглэх ариун цэвэр, гоо сайхны бүтээгдэхүүнийхээ зардлыг тооцоод надад өгнө. Зарим сард гоо сайхны бүтээгдэхүүн /уруул өнгөлөгч гэх мэт/авахуулахгүй юм чинь тэр мөнгийг нь өгсөн гэж бодоод далд хийж байя гэж дотроо төлөвлөчихсөн байгаа. Хүүхэддээ өгөх халаасны мөнгө тийм ч их биш болохоор бага л мөнгө цугларах байх. Гэхдээ энэ мөнгийг нь хамтдаа дэлгүүр хэсэхдээ өөрт нь зарцуулбал зүгээр юм уу.

Охиныхоо төсвийг би хянаад, батлагдвал охин маань халаасны мөнгөтэй болно. Тооцоондоо хүргээд, илүү гаргаж чадвал тун сайн хэрэг юм. Ийм аргыг олон ээж хэрэглэдэг юм байна лээ. Зарим хүүхэд халаасны мөнгөө хэмнээд хуримтлалтай болсон жишээг ч харж байсан. Зарим хүүхэд ээж аав нь дургүйцээд тэр бүр авч өгдөггүй үнэтэй зүйл авахдаа нэмэрлэхээр хадгалдаг гэж сонссон.

Хүүхдүүдийнхээ хуримтлуулсан мөнгөн дээр жаахан нэмэр болоод, хүүхдээ урамшуулаад хүссэн зүйлийг нь аваад өгөхөд бас болохгүй гэх газаргүй юм. Ер нь өсвөр насны хүүхдээ ямагт мөнгөөр гачигдуулж явуулбал, мөнгөтэй нэгний урхинд орох, эсвэл нүд нь гүйсэн “өлөн” зан суудаг гэж хаанаас ч юм уншиж байсан. Тиймээс хүүхэддээ тодорхой хэмжээнд санхүүгийн эрхийг нь өгөх нь зүйтэй юм.

Харин бага ангид сурдаг хөвгүүддээ бол тэр бүр халаасны мөнгө өгдөггүй. Гэртээ цайлаад гардаг, сургууль дээрээ өдрийн ундтай учраас мөнгө өгөөд явуулчихвал, энд тэндэхийн дэлгүүрээс хятадын голдуу хортой эсэх нь мэдэгдэхгүй чихэр жимс авч идээд байдаг нь ажиглагддаг.

Саяхнаас сургууль дээр нь зарагдах болсон хүчилтөрөгчийн коктейлийн мөнгө өгч байгаа ч эр хүн гэсэндээ охидууд дайлдаг сурагтай. Гэхдээ аар саархан зүйл авчруулахаар дэлгүүр хоршоо оруулах зэргээр л мөнгөний үнэ цэнийг мэдрүүлж байна. Энэ тэр дэлгүүрт 3000 гэж байхад өөр дэлгүүрт 4000 гэж байна лээ гэх мэтээр хөөрхөн шулганаад л ороод ирнэ шүү дээ. Харин нөхөр бид 2-ын хувьд халаасны мөнгө гэж үнэндээ төлөвлөж байсангүй. Гэхдээ гэр бүлийнхээ санхүүг тэмдэглэж байгаа дэвтэртээ, энэ төлөвлөгөөг бас тусгаад үзнээ. Та ч бас туршаад үзээрэй.

Гийүүлэгч Номин

Ганц бие найзуудын хувьд өөрийн цалингаа хэрхэн зөв зарцуулахад анхаарлаа хандуулдаг. Харин гэр бүл болсон өдрөөс орлого ч гэсэн хамтын өмч болдог. Эрчүүд гэр бүлээ тэжээж, эхнэрүүд гэрийн доторх асуудлаа зохицуулан, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй гэсэн ойлголт нэгэнт хуучирчээ. Ажиллаж хөдөлмөрлөх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх гээд гэр бүлийн бүхий л ажлаа хамтдаа хийдэг болсон. Найзуудын яриан дунд гэр бүлийн орлогоо хэрхэн зарцуулдаг талаар асуухад 2 янз байгаа нь ажиглагдсан.

Эхнэрийн орлого + Нөхрийн орлого = Гэр бүлийн санхүү

 

Нөхрийн орлого Эхнэрийн орлого
Гэр бүлийн болон хүүхдийн зардлын тодорхой хувь Гэр бүлийн болон хүүхдийн зардлын тодорхой хувь

 

Гэр бүлийн хүмүүс тусдаа санхүүгийн тооцоогоо төлөвлөж, зарцуулж байх үед халаасны мөнгө гэсэн ойлголт байдаггүй. Өөрсдийн хүслээр мөнгөө зарцуулдаг. Харин орлогоо нэг болгож хамтдаа тооцоогоо барьдаг гэр бүлийн хувьд халаасны мөнгө гэсэн ойлголт гардаг. Аль ч тохиолдолд халаасны мөнгөө тооцож, хэмжээ тогтоох нь зөв юм.

Миний хувьд өдөрт хоолны мөнгө 5000 төгрөгнөөс гадна /хоолоо бэлдэж амжаагүй үедээ зарцуулдаг/ үүн дээр нэмээд тухайн өдөрт шаардлагатай хэрэглээний мөнгөө хэрэглэдэг.

Харин хоолоо бэлтгээд авч явах өдрүүддээ энэ мөнгөө хуримтлуулан Сэржээгийн маань хэлснээр хэрэгцээтэй үедээ хувийн хэрэглээндээ зарцуулах, хайртдаа гэнэтийн бэлэг барих гэх мэт олон зүйлд хэрэглэх боломжтой. Өөрийн хүслээр зарцуулах мөнгөтэй байна гэдэг эрх чөлөөтэй мэдрэмж, сэтгэл ханамжтай байдлыг олж авах давуу талтай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.