Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Берлинд ачааны машинтай халдлага үйлдэгчийн мэдээлэлд 100 мянган евро амлалаа

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл Франц хэлээр

Өнгөрсөн Даваа гарагт Зул сарын баярын зах руу ачааны машинаар дайран орж 12 хүний аминд хүрсэн этгээдийг эрэн сувалжлах ажил Европ даяар явагдаж байна.

Германы тал автомашинаас олдсон бичиг баримтан дээр үндэслэн Тунис гаралтай, 23 настай Анис Амриг эрэн сурвалжилж эхэлжээ. Германы эрх баригчид энэ этгээдийг баривчлахад хэрэгтэй мэдээлэл өгсөн хүнд 100 мянган еврогийн шагнал өгөхөө амлалаа.

Сэжигтэн Анис Амри нь 2012 онд Тунисаас Италид дүрвэн ирж, 2015 онд Германд нэвтэрсэн бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард түр оршин суух зөвшөөрөл аваад байжээ.

Гэвч түүний орогнох хүсэлтэд зургаадугаар сард татгалзсан хариу өгсөн байна. Харин албадан гаргах бичиг баримт нь бүрдээгүйгээс өнөөг хүртэл дүрвэгсдийн хуаранд амьдарч байжээ.

Сэжигтэн автомат зэвсэг худалдаж авах гэж оролдсон шалтгаанаар энэ оны гуравдугаар сараас есдүгээр сар хүртэл цагдаагийн хяналтад байсан хүн гэнэ.

Германы эрх баригчид Тунисын талаас сэжигтэнтэй холбоотой мэдээлэл авахаар хүлээж байгаа юм байна. Болсон явдалтай холбогдуулан канцлерь Ангела Меркель аюулгүй байдлын албаныхантай уулзаж, олон нийтийн газруудад камерын хяналтыг нэмэгдүүлэхийг үүрэг болгожээ.

 

Эх сурвалж: BBC