Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд агаарын бохирдол эрс нэмэгдэж, амьсгалын замын халдварт өвчлөлийн тархалт улам бүр ихсэх хандлагатай болж байгаа. Гэр хороолол төдийгүй хотын төвд хүртэл сааралтах утаа униарын хортой чанараас үүдэн бага насны хүүхдүүдийн дунд дархлаа сулрах, ханиад томууны өвчлөлд өртөмтгий болох асуудал бараг энгийн үзэгдэл мэт болж.
Тэгвэл бид бүхэн агаарын бохирдлыг бууруулах, эрүүл мэндээ хамгаалахын тулд өдөр тутмынхаа амьдралд чухам ямар дадлыг хэвшүүлэх нь зүйтэй вэ?
Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс сэргийлэх, агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо маш чухал учраас Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас энэхүү зөвлөмжийг хүргэж байна.
Хүүхдээ тэвэрч явах. Агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд нь 1,5 м-ээс доош түвшинд хамгийн ихээр хуримтлагдах, тунах магадлалтай байдаг тул агаарын бохирдлын “оргил” сарууд болон тодорхой цагуудад гадуур гарахдаа бага насны хүүхдээ тэвэрч явж хэвших нь чухал ач холбогдолтой. Ялангуяа автозамын хажуугаар бага насны хүүхдээ дэргэдээ хөтөлж явах, замын ойролцоох тоглоомын талбайд салхилуулж, тоглуулахаас зайлсхий.
Сургуулийн анги танхимд өдөрт 2-оос доошгүй удаа тоосоо арчих, чийгтэй цэвэрлэгээ хийх, өдрийн цагаар хоёр цаг тутамд өрөөний салхивчийг онгойлгож, агаар сэлгэлт хийх хэрэгтэй. Бага насны хүүхдийг 7-11 цаг хүртэл орой 17-24 цагийн хооронд салхилуулахгүй байхыг анхаарна уу. Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх хэрэгтэй.
Ялангуяа өглөө, орой буюу гадаад орчны агаар дахь бохирдуулах бодисын агууламж өндөртэй үед амны хаалт хэрэглэх нь агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс сэргийлэх боломжтой. Тухайлбал АНУ-ын агаарын бохирдол өндөртэй үйлдвэрийн ажилчдын дунд явуулсан судалгаагаар амьсгалын замыг хамгаалах гурван төрлийн амны хаалтыг хэрэглэснээр амьсгалын замын эмгэгээс хамгаалж чаджээ. Амны хаалтыг сонгохдоо энгийн материалаар хийсэн бус шүүлтүүртэй амны хаалт хэрэглэх нь зүйтэй. Амны хаалтыг хэрэглэхдээ өдөр бүр сайтар угаах, бусдад дамжуулахгүй байх, цэвэр уутанд хийн хадгалах нь зүйтэй.
Хүн амьдралынхаа ихэнх цаг хугацааг гэртээ өнгөрүүлдэг. Хэрэв гэрийн доторх агаарын чанар муу, бохирдолтой байвал гадаад орчны бохирдолтой нэгэн адилаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс та гэр доторх агаарыг бохирдуулахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
Манай улсын автомашины тоо жилээс жилд 10 орчим хувиар өсч байгаатай холбоотойгоор азотын давхар ислийн хэмжээ зуны улиралд ч төдийлөн буурахгүй байна. Автомашинаас ялгарч байгаа хийн найрлагад этилт хар тугалга, нүүрс устөрөгч, азотын ислүүд, нүүрс устөрөгчийн дутуу ислүүд зэрэг 270 гаруй төрлийн хорт бодис байдаг нь тогтоогджээ.
Иймд замын хөдөлгөөн их, агаарын бохирдлын тогтонгишил үүссэн үед замын хөдөлгөөнд оролцохдоо гадна агаарыг машиндаа шууд оруулахгүй, цонхыг нээхгүй байх учир нь автомашинаас ялгарсан утаа машин дотор нэвтэрч таны болон зорчигчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлнэ.
Эх сурвалж: НЭМГ