Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

АШУҮИС-ийн СНЭ-ийн Дурангийн тасагт 25 мянган хүн үйлчлүүлжээ

Б.Даваахүү
2016 оны 12 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг
АШУҮИС

АШУҮИС-ийн Дотрын анагаахын хоёрдугаар тэнхимээс тус сургуулийн дэргэдэх Сургалтын нэгдсэн эмнэлгийн Дурангийн тасгийн үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Японы OLIMPUS компаниас бэлэглэсэн тусламжийн видео дурантайгаар 2004 онд анх “өрхөө татаж” байсан тус тасаг эдүгээ 12 дахь жилдээ олон улсын стандартын шаардлага хангасан сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэйгөөр, найдвартай, тухтай орчинд хоол боловсруулах эрхтний үзлэг оношилгоо, дурангийн шинжилгээ эмчилгээг чанарын өндөр төвшинд хийж байна.

Мөн АШУҮИС-ийн эрдэмтэн профессор багш нар дурангийн тусламж үйлчилгээг үзүүлдэг нь ч тус тасгийн нэгэн баталгаа, нэрийн хуудас нь болдог ажээ. Сургалтын нэгдсэн эмнэлгийн Дурангийн тасгийн үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдөрлөгийг АШУҮИС- ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар нээж үг хэлсэн юм.

Тэрбээр “21 дүгээр зууны анагаах ухаан нотолгоонд суурилсан. Энэ утгаараа бидний оношилгоо, эмчилгээ нотлогдсон байх ёстой. Өөрөөр хэлбэл, хувь хүн өөрийн мэдрэмжээрээ, туршлагаараа эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байсан тэртээ 1950, 60-аад оны анагаах ухаан улирч одсон байна.

Тэгвэл анагаах ухааны салбарт тэрхүү нотолгоог авчрах гол хүчин зүйл нь дурангийн тусламж үйлчилгээ гэж би ойлгодог. Манай их сургуулийн Сургалтын нэгдсэн эмнэлгийн тэргүүлэх чиглэл нь ч дурангийн тусламж үйлчилгээ юм. Дурангийн тасаг 2004 онд байгуулагдсан.

Тэр үед чадан ядан нэг видео дуран авчирч байсныг санаж байна. Тэр багажаа сайн ч ашигласан. Харин энэ жил нэмэлт хөрөнгө оруулалт хийж, OLIMPUS –ын дэвшилтэт технологийн дурангаар тоноглолоо.

Ингэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар нэмэгдэж, бид өвчтөндөө өвдөлт мэдрүүлэлгүйгээр унтуулгатай дуран дах боломж бүрдлээ” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Түүнчлэн, “Бидний өнөөгийн орон зай хязгаарлагдмал хэдий ч, өөрсдийн нөхцөл боломжоо ашиглан багш нарынхаа ур чадварыг сайжруулж, оюутнуудынхаа сургалтын бааз суурийг нэмэгдүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Энэ ажлыг нэр төртэй, зүтгэлтэй авч яваа багш нартаа нэн тэргүүнд баяр хүргэе. Бидний зовлонг бусад хүмүүс ойлгож эмнэлэг хүртэл барьж өгч байна. Тун удахгүй шинэ эмнэлгийнхээ түлхүүрийг гардаж авна. Шинэ эмнэлгийн тэргүүлэх чиглэл нь дурангийн үйлчилгээ байх болно.

Шинэ эмнэлэгтээ үр дүнтэй, чанартай, хүртээмжтэй, нотолгоотой эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд өөрсдийгөө бэлтгэж, сайжруулж буйн нэг хэлбэр нь энэ. Олон хүн өвчнөөсөө салж, өвчнөө зөв оношлуулж, зовлон зүдгүүрээсээ салаасай гэж хүсч байна” гэлээ.

Нээлттэй өдөрлөгийн үйл ажиллагаанд Японы OLIMPUS компанийн албан ёсны төлөөлөгч технологийн дэвшлийг Монголдоо нэвтрүүлнэ уриатай “Медимпекс” компанийн гүйцэтгэх захирал Т.Отгонтуяа болон АШУҮИС-ийн багш, резедент, оюутнууд хүрэлцэн ирсэн байлаа. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн дэд профессор, АУ-ны доктор Х.Оюунцэцэг тасгийн үйл ажиллагааг ирсэн зочдод танилцуулсан юм.

Тасаг өвчтөнийг бүртгэх, бэлтгэх өрөө, дуран, сэрээх өрөө, ариутгал гэсэн хэсгүүдэд хуваагдах бөгөөд орчин нөхцөлөө Х.Оюунцэцэг эмч танилцууллаа. Мөн хэрэгцээт багаж төхөөрөмж, оюутнуудын сургалтад хэрэглэгдэх материалын талаар ч хүсэлт, санал санаачилгуудыг дайж байв.

Харин Г.Батбаатар захирал багш, оюутнууд, үйлчлүүлэгчдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэгдсэн багаж хэрэгслийг хэдий үнэтэй ч, боломж нөхцөлөө дайчлан шийдэж өгөхөө амлаж байсан юм. 

Дурангийн тасагт нийт 25 мянган хүн үйлчлүүлжээ 

2004 онд “OLIMPUS” компанийн тусламжийн видео дурантайгаар анх “Дурангийн оношилгоо эмчилгээ, сургалт судалгааны төв” гэх нэрээр тасаг байгуулагдаж байжээ. Харин АШУҮИС өөрсдийн хөрөнгөөр 2008 онд Японы мөн “OLIMPUS” компанийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн “Evis EXERA” гэх дуранг худалдан авч, үйл ажиллагааг нь өргөтгөн “Дурангийн тасаг”-ийг байгуулж байсан түүхтэй.

Улмаар байгуулагдсан цагаас хойш өнөөг хүртэл нийтдээ 25 мянган хүн тус тасагт хандаж, дурангийн үйлчилгээ авчээ. Харин жилдээ 2,500-3,000 хүн ханддаг гэдгийг Х.Оюунцэцэг эмч дурдаж байсан юм. Тэд хэдийн иргэдэд үйлчилгээгээ хүргэж, чанар, баталгаагаараа танигдсан байна.

Дурангийн тасагт Хоол боловсруулах дээд замын дуран, Хоол боловсруулах доод замын дуран, Цөс нойр булчирхайн сувгийн дуран, Хеликобактерийн оношилгоо хийгдэхээс гадна цус тогтоох, ургацаг авах, судас боох, нарийслыг тэлэх, цөсний замын чулууг дурангаар авах, цөсний замын нарийсал тэлэх, цөс нойр булчирхайн сувгийн гуурс тавих, ходоодонд дурангаар хооллох гуурс тавих зэрэг эмчилгээ хийгдэж байна.

Тоног төхөөрөмжийн хувьд “EVIS EXERA GIF Q160” загварын видео дурангийн аппарат, EVIS EXERA2” загварын ходоод, дээд гэдэс, бүдүүн гэдэсний иж бүрэн дурангийн аппарат зэргээр тоноглогдож дурангийн мэс ажилбар, эмчилгээ, оношилгоог чанарын өндөр төвшинд хийж байгаа юм.

Түүнчлэн, нэг ялгагдах онцлог нь халдваргүйжүүлэлтийн орчныг найдвартай хангажээ. Тодруулбал, дуранг ариутгах, хадгалах стандартын орчныг бий болгосон байх бөгөөд олон улсын стандартыг хангасан бүх төрлийн нян, вирус устгах хүчин чадалтай Франц, Герман улсад үйлдвэрлэгдсэн дуран ариутгах бодис, ариутгагч машиныг ашигладаг байна. Ингэснээр үйлчлүүлэгчид дурангаар дамжуулан халдвар авах вий гэдгээс айх хэрэггүй гэдгийг дуулгахад таатай байна. 

Дурангийн тасгаас зургаан анагаах ухааны доктор төржээ 

АШУҮИС-ийн Сургалтын нэгдсэн эмнэлгийн Дурангийн тасаг өвчтөн, үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна сургалт, эрдэм шинжилгээний ажлын суурь бааз болдог байна. Тухайлбал, Мэргэжил дээшлүүлэх сургалт явагддаг бөгөөд ходоод гэдэсний дурангийн мэргэжлийн эмч нар эндээс л бэлтгэгдэн гардаг ажээ.

Энэ дашрамд сонирхуулахад, Дурангийн тасагт гахай, хонины ходоод дээр туршилт явуулдаг байх юм. Жил бүр арав гаруй эмч нар энэ чиглэлээр суралцдаг байна. Түүнчлэн, оюутнуудад ч сургалтын бааз болдог ажээ.

Тэд дурангийн шинжилгээ хийх, шинжилгээнд бэлтгэх, өвчтөнд эмчилгээний зөвлөгөө өгөх гэх мэт үйл ажиллагаанд дагалдан суралцдаг байна. Өөрөөр хэлбэл, Их сургуульдаа суралцаж байх хугацаандаа бодит практикт суурилсан мэдлэгийг эндээс олж авдаг байх юм. Мөн эрдэм шинжилгээ судалгааны ажлууд явагддаг гэдгийг ч тус тасгийн эмч нар онцолж байлаа.

Тодруулбал, яг энэ дурангийн тасгийн сургалтын бааз дээр зургаан анагаах ухааны доктор, найман анагаах ухааны магистр эрдмийн зэрэг хамгаалжээ. Харин өнөөдрийн байдлаар таван эмч докторын ажил, зургаан эмч магистрийн эрдмийн зэрэг горилж буй гэнэ. Түүнчлэн байгуулагдсан цагаас хойш нийтдээ 70 гаруй дурангийн эмч, 36 сувилагчийг бэлтгэн гаргажээ.

Дашрамд дурдахад, 45-аас дээш насныхан ходоодоо нэг удаа, 50-аас дээш насныхан жилдээ нэг удаа бүдүүн гэдсээ дурандуулах шаардлагатай байдаг аж. Ингэснээр ходоодны хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хавдрын урьтал эмгэгүүдийг эрт үед нь оношлох зэрэг давуу талтайг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

Гэхдээ удамд нь ходоод, бүдүүн гэдэсний хавдартай хүн байгаа тохиолдолд нас харгалзахгүй урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийлгэх шаардлагатайг зөвлөж байв.

Зураг