Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын хэвлэл: Монгол улс Далай ламыг дахин хүлээж авахгүй

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр Хятадын төрийн мэдлийн Синхуа, Global Times, Ардын Өдрийн Сонин зэрэг хэвлэлүүдэд Монгол улсын гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилын хэлсэн үгийг эш татсан мэдээллүүд нийтлэгджээ.

Эдгээр хэвлэлүүдэд бичсэнээр Монгол улс цаашдаа Далай ламыг ямар ч зорилготой айлчлан ирэхийг нь хориглоно гэсэн байна. Тухайлбал шашны нэрийн дор ирэхийг нь ч зөвшөөрөхгүй гэжээ.

Ингэхдээ тэд Ц.Мөнх-Оргил сайдын Мягмар гарагт “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагаас нь эш татсан байна.

Гэвч “Өнөөдөр” сонины ярилцлагад гадаад хэргийн сайд “энэ засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд дахин айлчлахыг зөвшөөрөхгүй” гэсэн юм.

Ц.Мөнх-Оргил сайд хэлэхдээ “Төр, шашны хэрэг тусдаа учраас Засгийн газрын шугамаар өмнө ч Далай ламыг урьж байгаагүй, цаашид ч урихгүй нь ойлгомжтой. Шашны шугамаар ч Далай лам энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Монголд айлчлахгүй гэж ойлгож болно” гэсэн байна.

Харин Хятадын тал манай сайдын хэлсэн үгээс “энэ засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд” гэсэн нөхцлийг нь хасаж мэдээлсэн нь сонирхолтой.

Монгол улсын гадаад хэргийн сайдын ярилцлагыг бүрэн эхээр нь уншвал энд дараарай.