Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

З.Энхболд: Та тавын хэлсэн үг, хийсэн үйлдэл болгон АН-ыг эв нэгдэлтэй, нэг зүгт харсан нам болж төлөвшихөд нөлөөлнө

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир / mpa.mn

Ардчилсан Намын даргын сонгуульд нэр дэвшиж буй таван хүнд үнэмлэхийг нь гардуулах ёслол өнөөдөр “Blue Sky” зочид буудалд боллоо. 

Нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулахын өмнө намын дарга З.Энхболд үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг товчлон хүргэж байна. 

З.Энхболд “АН-ын 6-р Их хурлаас анх удаа намын даргыг нийт гишүүдээ сонгохоор болсон. АН бол байнга анхдагч байж ирсэн. Өнөөдөр ч гэсэн намын даргаа нийт гишүүдээсээ сонгодог хамгийн анхны нам боллоо. Гишүүдээрээ хэлэлцүүлж, гишүүдээ шийдвэр гаргуулдаг, түүнийгээ сонгогдсон удирдлагууд нь дагаж биелүүлдэг нь туйлын шинэлэг юм. 

Энэ сунгаа гэдэг юм манай намын түүхэнд сайнаар ч муугаар ч бичигдсэн түүх бий. Сайнаар бичигдсэн жишгийг манай таван нэр дэвшигч цаашид авч явна гэдэгт би итгэлтэй байна. 

Сонгуульд нэр дэвшигчдэд ямар нэгэн шалгуур байгаагүй. АН-ын гишүүн байна, сунгааны журмыг хүлээн зөвшөөрөөд явна гэсэн шалгуур л бий. Сунгааны журмын дагуу материал бүрдүүлж, орж чадаагүйдээ гомдсон хүмүүс сошиалаар илэрхийлээд байгаа. Тэр бол дүрмийн дагуу явж байгаа ажил юм. Түүнээс биш энэ дүрэмд хэн нэгэн хүнийг насаар нь, намд байсан хугацаагаар нь ялгаагүй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан хүнд зориулж хөнгөлөлт үзүүлсэнгүй. Энэ дүрэм бүх 180 мянган гишүүнд нээлттэй байсан. Дүрмийн дагуу явж чадахгүй бол уучлаарай, бүртгэлийн хугацаа дууссан.   

Хоёрдугаарт, АН-ын даргын сонгуульд ямар нэгэн босго тавиагүй боловч, таван өрсөлдөгч маань тавуулаа ард түмнээсээ итгэл авч, УИХ-ын гишүүн, сайд хийж байсан болон хийж байгаа хүмүүс байна. Энэ нь ядаж УИХ-ын гишүүн байж үзсэн хүн өрсөлдөх нь зүйтэй гэж үзсэнтэй холбоотой байх. 

Сунгаа зохион байгуулахын тулд 30 нэгжээсээ 30 хүний бүрэлдэхүүнтэй АН-ын даргын сонгуулийн хороог байгуулсан. Энэ сонгуулийн хороонд бүх эрх мэдэл үүрэг шилжсэн байгаа. Сонгууль явуулахад зардал гарах нь тодорхой. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг орон даяар зохион байгуулахад 10-15 тэрбум төгрөг дөрвөн жил тутамд зарцуулдаг. Үүнийг манай сонгуулийн хороо 1.2-хон тэрбумд багтааж байгаа юм. Бид арван хэд дахин бага зардлаар сонгууль явуулж байгаа. 

Манай улс төрийн өрсөлдөгч МАН-ынхан АН-ын шинэчлэлд их санаа зовж байсан. Манай намын даргын сонгуулиас хол бай. Энэ бол 180 мянган гишүүний ажил юм. Төрийн эрх авсан та нарт толгойтой үснээс илүү ажил байгаа. Улаанбаатарынхаа утааг алга болго.  АН-ын реформд бүү санаа зөв. 

Төв нам, дунд шатны нам, анхан шатны намын аппарат энэ сонгуульд ямар оролцоотой байх вэ. Бид зөвхөн техникийн туслалцаа үзүүлнэ. Сонгуулийн шийдвэр гаргах ямар нэгэн ажиллагаанд намын албан ёсны аппаратын аль ч байгууллагын хүмүүс оролцохгүй.  

Нэр дэвшигчдийн багийн явах албан ёсны уулзалтуудад сум болгоны төлөөлөл зайлшгүй байна. Аймгийн төвүүд болон бусад газраас явахад энэ бүх зардал шингэсэн байгаа. 

Та тавын хэлсэн үг, хийсэн үйлдэл болгон энэ намыг цаашид эв нэгдэлтэй, нэг зүгт харсан, нэг лидерээ хүлээн зөвшөөрсөн нам болж төлөвших, 2020 оны сонгуулийн амжилт өнөөдрөөс эхэлнэ. Тийм учраас хариуцлагатай байгаарай” гэсэн юм. 

Үүний дараа намын даргын хувиар З.Энхболд нэр дэвшиж буй таван эрхэмд үнэмлэхийг нь гардуулав. Ингээд албан ёсоор АН-ын даргын сонгуульд нэр дэвших эрхээ авсан нэр дэвшигчид үг хэлсэн юм. 

Нэр дэвшигчдийн хэлсэн үгийг хүргэж байна. 

Д.Эрдэнэбат: Би даргын сунгаад оролцох уу, үгүй юү гэдэгтээ маш их эргэлзэж байсан

“Миний хамтрагч, энэ намын жаргал зовлонг хуваалцагч, АН-ын нүүр царай болж байгаа хүмүүстэй намын даргын төлөө өрсөлдөж байна. Даргын сунгаад оролцох уу, үгүй юү гэдэгт хувь хүнийхээ хувьд маш их эргэзлэж байсан.

Гэхдээ намын гишүүд дэмжигчид “Д.Эрдэнэбат аа чи намын даргын сунгаад оролцох чинь намын нэр хүндийн асуудал шүү” гэдэг шаардлага тавьсан учраас даргын сунгаад оролцож байгаа юм.

Ардчилсан төрийн баталгааг хангах, АН-ын шинэтгэлийг цоо шинэ төвшинд гаргах ажлын эхлэл учраас энэ сонгуульд би оролцож байгаа юм. 2016 оны УИХ-ын сонгуулийн ялалт энэ намыг цааш хэрхэн авч явах вэ гэдэг дохиог бидэнд өглөө.  Сонгуулийн маргаашаас намын нүүр царай өөрчлөгдөж, бид эв нэгдэлтэй, бие биенээ дэмжсэн бодлоготой, хариуцлагатай нам болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.

Л.Гантөмөр: Энэ удаагийн өрсөлдөөн АН-ын гишүүдийн итгэлийг сэргээсэн үйл ажиллагаа болоосой гэж хүсч байна

“АН-ын даргын сонгуулийн ажлыг зохион байгуулахад асар их зардал гарч байгаа. Энэ зардлыг хуваалцсан журмын олон нөхөддөө талархаж байна. УИХ-ын сонгуулийн их ялагдлын дараа АН-ын гишүүн бүр нэгийг бодож, хоёрыг тунгаасан. АН-ын 180 мянган гишүүн хэлэлцэж байгаад намаа шинэчлэх хэрэгтэй гэж үзсэн. 6-р Их хурал хоёр том шийдэлд хүрсэн.

Нэгдүгээрт, АН-ын шат шатны дарга нар намынхаа гишүүдээс сонгогддог байх, хоёрдугаарт, АН-ын шинэтгэлийн хөтөлбөрийг баталсан. Энэ удаагийн намын даргын өрсөлдөөн АН-ын гишүүдийн итгэлийг сэргээсэн үйл ажиллагаа болоосой гэж хүсч байна. Хүний нөөцийн зөв бодлоготой, эв нэгдэлтэй нам болж чадвал бид ирэх сонгуулиудад амжилт гаргаж чадна.

Улс төрийн нам бол үзэл бодлын уралдааны талбар юм гэдэг итгэл үнэмшлийг ард түмэнд эрүүлж авчрах том боломж” гэлээ. 

Ж.Батзандан: АН шинэчлэгдье гэж байгаа бол бүх үүд, цонхоо ард түмэндээ нээх хэрэгтэй

“АН яагаад шинэчлэгдэх ёстой вэ гэж олон хүн асууж байгаа. Монгол шинэчлэх ёстой учраас АН шинэчлэгдэх ёстой байна. АН-ын шинэчлэл юу руу чиглэх вэ гэж олон хүн анхааралтай харж байгаа. Өнгөрсөн найман жил АН хаалттай нам байсан. Одоо үүнийг эцэс болгоё.

АН шинэчлэгдье гэж байгаа бол бүх үүд, цонхоо ард түмэндээ нээх хэрэгтэй. Мөн үзэл санааны шинэчлэл хийх хэрэгтэй байна. АН эрх чөлөө, шударга ёс, хүний эрхийн төлөө нам байх ёстой. АН бүлэглэл, фракцын гарт орсон нам байх уу, ард түмний нам байх уу гэдгийг энэ шинэчлэлээр бид шийднэ” гэлээ. 

Н.Алтанхуяг: Хариуцлагатай цаг үед нэр дэвших шийдвэрийг журмын нөхдийнхөө санал хүсэлтээр гаргалаа

“Намын даргын сунгаад өрсөлдөж байгаа таван хүн 2012-2016 оны УИХ-ын нэг ангийхан. Намын даргын сунгаанд нэр дэвших шийдвэрийг би их тулгуу гаргасан. АН-ыг зургаан жил удирдсан учраас энэ удаагийн намын даргын сунгаад оролцохгүй байя гэдэг байр суурьтай байсан. Гэсэн ч хойшлуулж боломжгүй хариуцлагатай цаг үед нэр дэвших шийдвэрийг журмын нөхдийнхөө санал хүсэлтээр гаргалаа.

АН-ын даргыг сонгох энэ ажил ганц манай намын дотоод асуудал биш. Нийт Монголчуудын асуудал.

АН-ынхан бид нар орон сууц, зам барилга, жижиг дунд үйлдвэрлэл гээд урьд өмнө нь байгаагүй том бүтээн байгуулалтыг хийж чадсан. Хууль эрх зүй, боловсрол нийгмийн халамжийн салбарт шинэчлэл эхлүүлж чадсан. АН засаглаж чаддаг гэдгээ харуулсан.

Засаглахдаа ард түмнийхээ төлөө амаар биш ажил хэргээр засаглаж чаддагаа харуулсан. 

С.Эрдэнэ: Энэ сунгааг дотоод өрсөлдөөн гэж битгий хараасай

Нэр дэвшиж байгаа нөхдөө миний хамтран зүтгэгч гэж харж байгаа. Ардчилсан намыг байгуулсан цагаас хойш 26 жилийн түүхэнд энэ намын алдах, онох, бүхий л жаргал зовлонг хамтдаа үүрч, явсан журмын нөхөдтэйгээ намын даргын сунгаанд явж байна.

Энэ сунгааг дотоодын өрсөлдөөн гэж битгий хараасай гэж хүсч байна. Энэ бол шинэчлэлийн төлөө оруулж байгаа хувь нэмэр гэж хараасай.

Тийм учраас АН-ын мянга, мянган гишүүд нийт ард иргэд маань бидэнд тэгш, шударга хандаасай, бүхий л үйл ажиллагаанд бүх шатны намын байгууллагууд шударгаар ажиллаасай. Журмын нөхөддөө амжилт хүсье” гэлээ. 

 

Зураг
13 | 18 | 17 цаг