Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дархлаажуулалтын ач холбогдол

ikon.mn
2016 оны 12 сарын 17
iKon.MN
 

Нийт хүн ам, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ажлын нэг чухал хэсэг  нь халдварт өвчнөөс сэргийлэх нийгмийн арга хэмжээ болсон вакцинжуулалт юм.

Манай улсад цагаан цэцэг өвчний эсрэг вакциныг 1923 оноос, сүрьеэгийн эсрэг вакциныг 1946 оноос, халдварт саагийн вакциныг 1965 оноос, сахуу-хөхүүл ханиад-татран вакциныг 1967 оноос, улаанбурханы вакциныг 1973 оноос, В хепатитын вакциныг 1991 оноос, сахуу-хөхүүл ханиад-татран-В хепатит-В хэв шинжийн хемофилус эсрэг вакцин 2005 оноос, улаанбурхан-гахай хавдар-улаануудын хавсарсан вакциныг 2009 оноос вакцинжуулалтад хамруулж, Монгол улсын Дархлалын Үндэсний Хөтөлбөр боловсрогдож батлагдан, 2000 оноос эхлэн Дархлаажуулалтын хуулийг мөрдөж эхэлсэн.

Халдварт өвчний эсрэг дархлаажуулалт гэж халдварт өвчнөөс сэргийлэх, түүний тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах бэлдмэл хэрэглэх арга хэмжээний тогтолцоог хэлнэ /Дархлаажуулалтын хууль, 2000/.

Заавал хийх дархлаажуулалт гэж дархлаажуулах насны бүх хүнийг хамарвал зохих дархлаажуулалтыг /товлолын дархлаажуулалт/ хэлнэ. Заавал хийх дархлаажуулалтыг Засгийн газраас баталсан үндэсний товлолын дагуу харьяа аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага, сум өрхийн эмнэлгүүдэд үнэ төлбөргүй хийгдэг.

Заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон хүнд дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг нөхөн дархлаажуулалт гэнэ. Харин хүн амын дархлалын ерөнхий түвшин буурахаас  сэргийлж, урьд нь заавал хийх дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг үл харгалзан дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг нэмэлт дархлаажуулалт гэнэ.

Халдварт өвчин гарч болзошгүй нөхцөлд тархвар судлалын заалтаар иргэдэд нэмэлт дархлаажуулалт хийдэг. Дархлаажуулалтын хуульд зааснаар иргэн өөрийн хүсэлтээр дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг сайн дурын дархлаажуулалт гэнэ.

Иргэд халдварт өвчний эрсдэл өндөр улс оронд зорчих, ажил үйлчилгээний онцлогоос шалтгаалан тухайн ажил эрхэлж байгаа хүн холбогдох журмын дагуу дархлаажуулах бэлдмэл хэрэглэх тохиолдолд сайн дурын дархлаажуулалтад хамрагдах ёстой.

Та вакцин тариулснаар халдварт өвчнөөс хамгаалж, урьдчилан сэргийлэх, халдварт өвчний тархалтыг хязгаарлах, товлосон хугацаандаа вакцинаа хийлгэснээр дархлаа тогтох, халдвар авах эрсдэлийг бууруулах, халдварт өвчнийг устгах зэрэг хүний эрүүл мэнд төдийгүй нийгэм ба эдийн засгийн хувьд ач холбогдолтой.

Олон нийтэд хэрэглэхээр зөвшөөрөгдсөн вакцин нь аюулгүй, дархлаа үүсгэх чадвартай, хадгалахад тогтвортой байх ёстой.

Вакцин нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн, аюулгүй, үр дүнтэй болох нь судалгаа, лабораторийн шинжилгээгээр батлагдсан, хадгалах /сэрүүн, харанхуй газар, +2ºС–+8ºС-д хөргөгчид/ ба тээвэрлэх нөхцөлийг /+2ºС–+8ºС, хөлдөөж болохгүй/ хангасан, вакцины хэрэглэх хугацаа нь хэтрээгүй, хадгалах, тээвэрлэх нөхцөлийг хангасан эсэхийг заах шошгон дээрх индикатор үзэх зэрэг мэдээллийг сувилагчаас асуух хэрэгтэй.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн