Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батсүрэн: Нэг сайд боловсролын салбарыг өөрийн дураар өөрчлөөд байх нь буруу

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 12 сарын 13
iKon.MN
 

Их дээд боловсролын хуулинд оруулсан өөрчлөлтийн талаар Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо болон Их, Дээд Сургуулиудын Үйлдвэрчний эвлэлийн Хороодын Зөвлөлөөс мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Дээд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-аар баталсан. Энэхүү хуулийн төсөл боловсролын салбарын бие даасан байдалд харшилж байгаа ажээ.

Энэ талаар Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Ж.Батзориг “2016 оны дөрөвдүгээр сард Их, Дээд Боловсролын тухай хуульд өөрчлөлт орууж баталсан. Энэхүү өөрчлөлтийг УИХ-аар хүчингүй болголоо. Үүнийг бид боловсролын тогтолцоог хөгжүүлэх бус хойш татсан зүйл болж байна.

Засгийн Газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Их, Дээд сургуулиудын бие даасан байдлыг хангаж, эрх зүйн орчныг сайжруулна гэх зүйлийг оруулсан байгаа. Мөн манай холбоотой БСШУСЯ хэлэлцээр хийхдээ мөн бие даасан байдлыг хангах чиглэлээр хамтарч ажиллана гэсэн зүйлийг тусгасан байгаа.

 

Энэ мэтчилэн болосвролын салбарыг аль болох улс төрөөс ангид байх асуудлыг бид бодлогын түвшинд ярилцаж байсан. Гэвч шинээр томилогдсон Боловсролын сайд Их, Дээд Боловсролын тухай хуулин дахь бие даасан байдлыг тусгасан зохицуулалт болох захирлын томилгоо болон удирдах зөвлөлийн асуудлыг хүчингүй болгохыг зорьж байна.

Үүний цаана улс төр явж байна гэж бидний зүгээс үзэж байна. Боловсролын сайд болон эрх баригч намд эрх мэдлийг хадгалах сонирхол байна гэж харж байна. Бид боловсролын салбар улс төрөөс ангид байж, сайд сургуулийн үйл ажиллагаанд бага оролцох ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байна” гэв.

2016 оны дөрөвдүгээр сард баталсан нэмэлт өөрчлөлтөөр төрийн өмчийн их сургуулиудын захирлыг сайд биш удирдах зөвлөл нь томилдог байхаар зохицуулж байжээ.

Төрийн өмчийн их сургуулиудын захирлыг сайд томилж, захирлууд сайдтай гэрээ байгуулдаг байхад удирдах зөвлөл захиралтай хариуцлага тооцох боломжгүй байсан учраас захирлыг сайд биш удирдах зөвлөл томилдог байхаар зохицуулсан байна. 

Харин мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар болон БСШУЯ дээр дурдсан бодлогын асуудлыг авч үзэлгүй, холбогдох байгууллагуудын санал байр суурийг үл харгалзан нам, засгийнхаа ашиг сонирхолд нийцүүлэн тус зохицуулалтыг Засгийн Газрын 2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар хүчингүй болгож, Дээд Боловсролын тухай хуулийг дордуулан баталж, боловсролын салбарын хөгжилд саад тотгор учруулахуйц шийдвэр гаргалаа гэж үзэн эсэргүүцэж байгаа аж.

"Монгол Улсын толгой эрдэмтэд их, дээд сургуулиудад л байдаг"

 

Энэ тухай Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, доктор профессор Ж.Батсүрэн “Монгол Улсын Их Сургуулийн Эрдмийн Зөвлөл маш чадвартай зөвлөл байдаг. Эрдмийн Зөвлөлөөр нууцаар санал хураан захирлаа томилж, сайдаар батлуулдаг байсан.

Монгол Улсын толгой эрдэмтэд их, дээд сургуулиудад л байдаг. Эрдмийн ямар ч цол зэрэггүй, нэг яамны сайд өөрийн дураар өөрчлөөд байх нь буруу. Залуучууд, хүүхдүүд Монголын ирээдүйг авч явна шүү. Тиймээс битгий боловсролын салбараар ингэж тоглоом хий” гэлээ.