Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн ЕБС-ийн номын сангууд ШИНЭ номоо хүлээн авлаа

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол улсын Шинжлэх ухааны Академиас хоёрдахь жилдээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудад зориулан эрхлэн гаргаж буй шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал 12 бүтээлийн нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

ШУА-иас 2015 онд шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал 10 номыг бүтээж, аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын 230 гаруй сургуулийн сурагчдын хүртээл болгож байсан.

Харин энэ удаад тус цувралын үргэлжлэл болгон,

  1. “Эх дэлхий”,
  2. “Монголын эзэнт гүрэн”,
  3. “Дэлхийн шашин”,
  4. “Хотжилт”,
  5. “Хэл гэж юу вэ?”,
  6. “Монгол орны эртний амьтан ургамал /мезозойн эрин-динозавр/”,
  7. “Монгол орны хөхтөн амьтан”,
  8. “Монгол орны сонирхолтой цэцэгт ургамал”,
  9. “Тоон гарын үсэг”,
  10. “Вирусын гаралтай өвчин”,
  11. “Хачгаар халдварлагддаг өвчнөөс сэргийлэх нь",
  12. “Хог хаягдлын шатаалтаас үүсэх хорт бодисууд” зэрэг 12 товхимлыг эрхлэн гаргажээ.

Хүүхэд багачуудад зориулан хялбаршуулсан товхимол гаргаснаар тэдэнд шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжпэх ухаанч иргэн болон төлөвшүүлэх чухал ач холбогдолтой юм.

 

Энэ тухай Нийслэлийн Боловсролын Газрын дарга Ж.Гантулга “Энэхүү товхимол 2015 онд 10 цуврал хэвлэгдэж байсан. Энэ удаад 12 цуврал болгон баяжуулж, нийслэлийн ЕБС-ийн номын сангуудын хэрэгцээнд зориулан бүх сургуульд хүлээлгэн өгч байна.

Танин мэдэхүйн энэхүү цуврал маань ШУ-ны салбарын ололт, амжилт, ШУ-ны салбарын ерөнхий мэдээллийг ЕБС-ийн хүүхдүүдийн хүлээн авах түвшинд тохирсон товхимол юм.

ШУ-ны докторуудын судалгааны түвшинд материалаа гаргах юм бол тэр бүр ЕБС-ийн сурагчид ойлгож, хүлээж авах нь хязгаарлагдмал байх учраас хүүхдүүдийн хүлээж авах онцлогт тааруулснаараа онцлог юм.

Ерөнхийдөө сүүлийн үед гар утас, цахим сүлжээ түгээмэл болсноор оюутан, сурагчдын оюун санаа ном уншихаас илүүтэйгээр гар утас, компьютер тоглоомд чиглэж байна. Харин хүүхдүүдийн нас сэтгэхүйн түвшинд тохирсон ШУ-ны ном товхимол гарснаар хүүхдүүдийг номонд дуртай болох, номтой нөхөрлүүлэх тал дээр дэмжлэг болно гэж бодож байна” хэмээв.

Нээлтийн үеэр шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал товхимлыг нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, номын сангууд, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад бэлэглэлээ.

 

Номын талаар Нийслэлийн ЕБ-ын 50-р сургуулийн сурагч Б.Энгүүн “Сургуулийн номын санд танин мэдэхүйн ном ховор байдаг.

Хүүхдэд зориулсан, хялбаршуулсан хэлбэрийн танин мэдэхүйн ном гарч байгаа нь бидэнд маш хэрэгтэй юм. Хүн бүр танин мэдэхүйн мэдлэгтэй байх ёстой. Тиймээс хүүхэд бүр энэ номыг уншиж, мэдлэгээ өргөжүүлээсэй гэж хүсч байна.

Миний хувьд чөлөөт цагаа сургуулийн төрөл бүрийн зохион байгуулсан ажилд оролцох, интернет ашиглах зэргээр өнгөрүүлдэг. Би өөрөө шинжлэх ухаанд маш сонирхолтой, дуртай учраас интернет ашиглах цагаа багасгаж, номоо уншина гэж бодож байна” гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn