Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол ноёд, тайж нарыг Хятад хүнтэй ураг холбохыг ҮҮРД ХОРИГЛОХ зарлиг буулгаж байсан"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 12 сарын 8
iKon.MN
 

Богд Хааны Ордон Музейгээс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 105 жилийн ой, Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “Богд Хаан: Амьдрал, өв” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.

VIII Богд Жавзандамба Агваанлувсанчойжиннямданзанванчигбалсанбуу 1869 онд Төвдийн далай ламын сангийн түшмэл Гончигцэрэнгийн гэрт мэндэлжээ.

Түүнийг таван настайд нь 1874 онд Монголын шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагтад өргөмжилсөн юм. Богд төрөлхийн мэргэн ухаантай, чин шударгуу зүтгэлтэй тул бага залуу наснаасаа Монголчуудын итгэл хүндлэлийг хүлээж байжээ.

Энэ тухай МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор З.Лонжид “Ерөнхийдөө Богд Хаан 20-р зууны Монголын түүхэнд гурван удаа төрийн тэргүүнээр өргөмжлөгдсөн. Тэрээр Монголын түүхэнд хэзээ ч мартахааргүй үүрэг гүйцэтгэсэн.

1911-1924 оныг хүртэл Монголын төрийн тэргүүнээр өргөмжлөгдөж байсан. 1911-1919 оны хооронд Богд Хаан улс гэрийг төвхнүүлэх талаар маш олон зүйлийг санаачилж, хэрэгжүүлсэн.

 

Богд Хаан юуны түрүүнд Монголчуудыг эх түүхээ мэддэг байх ёстой гэдэг асуудлыг чухалчилж байсан. Тийм учраас ч эрт үед хэвлэгдэж байсан Монголын Нууц Товчоо, Юань Улсын судар зэрэг олон сурвалж бичгийг Богд Хааны зарлигаар монголчилсон байдаг юм.

Мөн Монгол үндэстэн Хятадад уусахаас сэргийлж 1913 онд “Монголын ноёд тайж нар Хятад хүнтэй ураг холбохгүй байх ёстой. Үүнийг үүрд хоригло” гэсэн зарлиг буулгаж байсан.

Тухайн үед бүх хүнийг Хятад хүнтэй ураг холбохыг хориглох боломжгүй байсан учраас юун түрүүнд ухамсартай, төр улсын хэргийг авч явах ноёд тайж нарыг Хятад хүнтэй ураг холбож болохгүй гэдгийг зааж хэрэгжүүлж байсан юм.

 

Үүнээс гадна Монголчууд гэр бүл болохдоо өөр овгийн хүнтэй гэр бүл болж байх ёстой гэдгийг зарлиглаж, үүнийг мөн тайж нараас эхлэх ёстой гэж зааж байсан.

Энэ бол эртнээс Монголчуудын эрхэмлэдэг байсан ёс боловч Манж Чин улсын үед мартагдсан байсныг Богдын зарлигаар дахин сэргээсэн. Энэ мэтчилэнгээр Богд Хаан Монголын түүхэнд олон олон гавьяат үйл хэргийг бүтээсэн хүн юм” хэмээн тайлбарлалаа.

Харин өнөөдрийн зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурал нь Богд Хааны намтар түүх, улс төрийн амьдрал гүйцэтгэсэн үүрэг, түүхэн байр суурь, үлдээсэн өв, Богд хаант Монгол улсын нийгэм, шашин соёл, Богд хааны ордон музейн түүх, холбогдох үзмэрийн талаар нарийвчлан судлах, судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг илрүүлэх судлан сурталчлах зорилготой юм.

 

Хурлын тухай Богд Хааны Ордон Музейн захирал О.Мэндсайхан “Богд Хааны Ордон Музейн 90 жилийн ой тохиож байна.

Өөрөөр хэлбэл 1924 онд байгуулсан музейг 1926 онд Богд Хааны өвлийн ордонд ирүүлэх шийдвэр гаргаж, тус оны намар өвлийн ордонд авчирснаас хойш нийт 90 жил болсон байна.

Ингэж музей болгосон нь магадгүй энэ ордныг өдийг хүртэл авч үлдэх чухал арга хэмжээ болсон байх. Тэгэхээр ерөнхийдөө тэгш ойн баярын жилийг тохиолдуулан бид тодорхой хэмжээний мэдээлэл өгөх, сурталчлах ажлуудыг хийж байгаагийн нэг бол энэхүү “Богд Хаан: Амьдрал, өв” эрдэм шинжилгээний хурал байгаа.

Мэдээж хэрэг Богд Хаант Монгол Улсын үеийн түүхийг судлах, сурталчлах, шинэ шинэ мэдээ баримтыг дэлгэх зэрэг хэрэгцээ маш их байгаа.

Энэ чиглэлээр сүүлийн үед олон судлаачид төрөн гарч байна. Үүний нэг илрэл бол энэхүү эрдэм шинжилгээний хуралд маш олон илтгэл ирсэн явдал юм. Цаашид бид энэ үеийн түүхийн судалгааны ажлыг тогтмол явуулах төлөвлөгөөтэй байна” гэлээ.