Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Гаррит Вилсон: Амжилттай ажиллах гол хүчин зүйл бол ажлын орчин, уур амьсгал

Л.Жаргал, Зууны мэдээ
2016 оны 12 сарын 7
Зууны мэдээ
Зураг зураг

“Вагнер Ази автомотив” ХХК-ийн захирал Гаррит Вилсонтой ярилцлаа.

-Монголчууд гэлтгүй дэлхий нийтээрээ эрх чөлөөний орон АНУ-д ажиллаж амьдрахыг хүсч байна. Харин Америкт өөрийн гэсэн бизнестэй байсан таныг Монгол руу юу ингэж “уруу татсан” бэ?

-Би 1998 онд 19 настай байхдаа анх Монголд ирж байлаа. Хүмүүнлэгийн ажлаар гурван жил ажиллаад нутаг буцсан. Америкт аавынхаа компанид зургаан жил хамтарч ажиллаж байгаад, тэтгэвэрт гарахаар нь компаниа удирдаад ажиллаж байлаа.

Нэг өдөр “Вагнер Ази” тоног төхөөрөмж компаниас Монголд  ирж  ажиллаач гэсэн хүсэлт  ирсэн. Миний эх орон  биш  ч Монгол Улс цаанаа л нэг сэтгэлд уяатай, дотно учраас би урилгыг нь шууд зөвшөөрсөн.  

Аавдаа  компанийг нь хүлээлгэж өгөөд, байр машин бүх юмаа зараад Монголд амьдрахаар ирсэн. Яах вэ, өнөөдөр  Монголын нийгэм стресстэй байна. Энэ нийгмийг хөгжүүлэхэд би хэрхэн  хувь нэмрээ оруулах, түүний тулд юу хийх вэ гэдгээ байнга  боддог. Аливаа юмыг би сайн талаас нь харахыг хичээдэг.

-“Вагнер Ази” компани Монголын  бизнесийн салбарт барууны соёлыг нэвтрүүлсэн гэж боддог.  Үйл ажиллагаандаа  ямар зарчмыг гол бодлогоо болгож  ажилладаг  вэ?  

-Хүнд сурталгүй ёс зүйтэй ажиллахыг бид хичээдэг. Манай байгууллага ч бас төлбөрийн баримтад гарын үсэг зуруулах гээд  хэд хэдэн  хүнтэй уулздаг хүнд сурталтай байсан. Хувийн компани ийм байж  болохгүй гэж үзээд, сүүлийн гурван жил дорвитой ажилласны үр дүнд хүнд  суртлыг арилгаж чадсан. Энэ манай хамт олны  амжилт гэж болно.

Хамгийн сайн манлайлагч хүмүүстэй эрх тэгш найрсаг харилцах ёстой гэж би боддог. Энэ нь зөвхөн бизнесийн зарчим биш. Амьдралын зарчим юм. Өнөөдөр би тантай  анх удаа уулзаад ярилцаж  байна. Тэр утгаараа таныг хүндлэхээс өөр арга  байхгүй. Амьдралын явсан замнал зарчим ажлын туршлага гээд миний  мэдэхгүй олон зүйлийг та мэдэж  байгаа.

Орон гэргүй  хүн байсан ч би хүндэтгэлтэй ханддаг. Хүнийг ад  үзэх ялгавартай  хандах нь зохимжгүй зан гэж би хувьдаа боддог.

-Та монголоор  их сайн ярих юм. Компанийнхаа ажилчид руу монголоор урам хайрла­сан үг имэйл хаягаар нь илгээдэг гэж сонссон?  

-Компанийнхаа   ажилчдыг өсч  хөгжих, өөртөө итгэх итгэлтэй  болох боломж орчныг бүр­­дүүлж өгөхийг хичээдэг. Бизнесийн гол  хөдөлгөгч хүч, амин чухал хүчин зүйл хүний нөөц гэдгийг компанийн удирдлагууд байнга санаж ажилчдадаа  урам зориг өгч байгаасай. Зарим бизнесмэнүүд ажилчидтайгаа дээрэнгүй, дарангуйлагч маягаар харьцдаг нь бүдүүлэг санагддаг.

Сүүлийн жилүүдэд цалин нэмээгүй ч бид ажилчдынхаа сэтгэл ханамжийг өндөрт  байлгаж  чадсан. Эдийн засгийн  хүндрэлээс болоод төсөл маань хязгаарлагдмал байсан ч манай ажилчид сэтгэл  хангалуун өөдрөг сэтгэлээр  ажилдаа ханддаг.

Манай компани мөнгөний асуудалгүй байвал бүх ажилчдадаа урамшуулал цалин өгч сэтгэл хангалуун байлгаж чадна. Гэхдээ мөнгө гол хүчин зүйл биш. Амжилттай ажиллах гол хүчин зүйл бол ажлын орчин, уур амьсгал гэж би боддог. Хүн өглөө босоод ажилдаа  явахдаа дуртай  байх ёстой. Ажилдаа өөдрөг  сэтгэлээр ханддаг байлгахад компанийн удирдлагуудын  арга  барил, хандлага маш чухал. 

Манай компанийн хувьд өглөө бүр хамтдаа дасгал хийж, аюулгүй  ажиллагааны зөвлөмж өгөөд өдрийнх  нь ажилд амжилт хүсдэг. Миний хувьд өглөө бүр таван шинэ үг цээжилнэ гэж зорилго  тавьсан. Үндсэн зарчим  үнэт  зүйлсээ өөртөө  сануулахын тулд  би үргэлж  урмын  үг  уншдаг.

Хүнээс сонссон, эсвэл хайж олсон урмын үгсээ дотроо эргэцүүлэн бодоод англиас  монгол хэл рүү орчуулдаг. Хэлээ сайжруулахын  тулд  өөрийнхөө чадах хэмжээнд орчуулаад бусадтай хуваалцдаг.

-Эдийн засгийн хямралтай  холбоотойгоор  иргэдийн худалдан авах  чадвар буурсан.  Дээр нь долларын өсөлт, ханшийн зөрүү гээд импортоор бараа оруулж ирдэг компаниудад хүнд  байх шиг байна. Энэ байдал танай  компанид хэр нөлөөлж  байна?

-Эдийн засгийн хямрал манай  компанид маш хүнд  туссан. Борлуулалт бараг 60 хувиар  буурсан. Манай толгой компани болох “Вагнер  Ази  тоног төхөөрөмж”  уул уурхайн салбарын  зогсонги байдлаас болоод хүнд байдалд ор­сон. Борлуулалт нь 75 хувиар буурсан. Ажилчдынх нь тоо ч сүүлийн дөрвөн  жилд тэр  хэмжээгээр буурлаа.

Группийн хэмжээнд нийт 1,100 ажилчинтай  байсан бол, одоо 400 гаруй ажилчинтай болсон. Хүнээ цомхотгоно гэдэг хэцүү шийдвэр байсан. Уг нь би Монголд ажлын  байр  бий  болгох  зорилготой ирсэн.  Тогтвортой ажиллахын тулд мэдээж ашигтай байх ёстой. Компаниа цаашид тогтвортой байлгахын  тулд зардлаа  танаж, цомхотгол хийхээс өөр аргагүйд хүрсэн.  

Бизнесийнхний бодит байдал ийм л байна. “Вагнер Ази автомотив” компанийн хувьд сүүлийн хоёр жил алдагдалтай ажиллалаа. Борлуулалт  буурснаас  гадна  валютын ханшийн өсөлт нөлөөлж байна. Бид захиалгаар оруулж  ирэх нөөцөө аль болох бууруулж байна. Доллароор  аваад  төгрөгөөр зардаг учраас машин өдрөөс өдөрт үнэ нь буурч байдаг. Тийм учраас борлуулалтаа сайн таамаглаж төлөвлөсний  үндсэнд захиалга өгч нөөцөлдөг.

Нөгөө талаар гэрээний үүргээ биелүүлээгүй 20-иод харилцагчаа шүү­хэд өгсөн байгаа. Зарим хэрэглэгчид төлбөрөө төлөхгүй зугтах, машинаа нуух зэргээр ёс зүйгүй авир гаргахад  үнэхээр харамс­даг. Төлбөрөө төлөх чадваргүй болсон бол ирж уулзаад  ямар нэгэн тохиролцоонд хүрэх ёс зүйтэй байх ёстой.

Энэ мэт  хүмүүсийн шударга биш  байдлаас  болж асуудал үүсэхэд   хүү, алданги  төлүүлэх зэргээр шүүхийн шийдвэр  нь ч хохирогчийг хохиролгүй  болгох эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Монголын ёс зүйн орчин их сонин.  Би хувьдаа  Монгол Улсыг  зөв  замаар  яваасай гэж  хүсдэг.

Түүний төлөө ч өөрийнхөө хувь нэмрийг оруулахаар хичээж явна. Иймэрхүү бизнесийн ор­чинд хор  хөнөөлтэй асуудлыг би өөрчлөх гэж ирсэн.

Тиймээс өөрчлөлтийг өөрөөсөө  эхлүүлж,  компаниа зөв зарчмаар удирдаж, зөв үйл ажиллагаа  явуулахыг эрхэм зорилгоо болгож байна. Төрийн, хувийн  хэвшлийн гэлтгүй бүх байгууллагууд дэлхийн жишигт нийцсэн бизнесийн таатай орчныг бүрдүүлж, ёс зүйтэй шу­дарга бизнесийн орчинг бий болгоосой  гэж  хүсч байна.

-Ирэх онд  тансаг зэрэглэлийн Jaguar автомашин оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа гэж сонссон.  Худалдан авалт байхгүй зах зээлд шинэ машин нэвтрүүлэх нь эрсдэлтэй биш үү?

- Jaguar,  Land rover нь угаасаа нэг компанийн брэндүүд. Английн хамгийн том компанийн нэр хүндтэй  брэндүүд. Бусад орнуудын зах зээлд дандаа л  хосоороо байдаг. Хөгжиж буй зах зээл  учраас “Jaguar” -ийг Монголд хараахан оруулж  ирж амжаагүй байсан. Ирэх жилээс үйлдвэрлэлийн стандартын дагуу “Jaguar”-ийн диллерийн үйл ажиллагааг явуулж  эхэлнэ.

Манай багийнхан энэ төсөл дээр ид ажиллаж, сургалт аваад явж байгаа. Стандартад нийцсэн хамгийн сүүлийн үеийн  үйлчилгээг бид харилцагчиддаа үзүүлэхээр ажиллаж байна. 

Мэдээж хөрөнгө оруулалт маш их  шаардана. Гэвч  бид хэрэглэгчдэд хамгийн дээд зэргийн чанартай  үйлчилгээг нэвтрүүлэх  зорилготой  учраас  “Jaguar” үнэтэй ч гэсэн Монголд  эрэлттэй байна гэсэн өөдрөг таамаглалтай байгаа. Тансаг брэнд сонирхдог хүмүүс  “Jaguar”  сонирхоно гэж бодож байна. Хямрал бол түр зуурын асуудал. Ирээдүйд ашигтай байх боломжтой  гэж бид үзэж байгаа.

-АСЕМ-ийн үеэр хэдэн зуун  Япон машин татваргүй оруулж ирсэн. Энэ нь ижил төрлийн машины бизнес эрхэлдэг танай  компанид хэр нөлөөлсөн бэ?

-Нөлөөлөлгүй яах вэ. АСЕМ-ийн үеэр 350 машин татваргүй оруулж ирсэн. Өрсөлдөх чадвар маань  бага зэрэг  буурсан.Япон улстай эдийн засгийн түншлэлийн гэрээ хийгээд бүх япон машиныг  татвараас чөлөөллөө. Харин манай машин татвартай  орж ирдэг. Бусад компанид давуу эрх өгсөн иймэрхүү шударга биш өрсөлдөөн манай бизнестсөргөөр нөлөөлж байна. Бидэнд хэцүү байгаа ч бид шударгаар өрсөлдөхийг хичээж байна.

Миний хувьд групп компанидаа захирлаар ажиллаж байгаад сүүлийн нэг жилд автомотивд захирлаар ажилласан. Энэ хугацаанд алдагдлыг 50 хувиар бууруулсан ч ханшийн зөрүүнээс үүдэлтэй алдагдал  хэвээр байна.

Намайг ажил хүлээж авахад авлага ихтэй, үйл ажиллагааны  үр ашиггүй зар­дал их байсан. Мөн машины нөөц хэтэрхий их байсан. Нөөцдөө хэт их машин байлгахаар өдрөөс өдөрт өртөг нь унадаг. Энэ мэтчилэн олон хүчин зүйлээс болоод манай компани ашиг муутай  ажилласан.

Зураг