Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Япончууд хас тэмдгээ хадгалж үлдэхийг хүсэж байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Японы Буддын сүм хийдүүдэд хас тэмдэг түгээмэл үзэгддэг. Энэ тэмдэг нь анх Энэтхэгээс Хятад, Солонгосоор дамжин Японд дэлгэрсэн Буддын шашинтай хамт ирсэн юм байна. Одоо жуулчдад зориулсан газрын зураг дээр хас тэмдгээр Буддын сүм хийдийг илэрхийлж үзүүлдэг ажээ.

Харин энэ оны нэгдүгээр сард Японы Газарзүйн Мэдээллийн Газар (GSI) уг тэмдгийг гадаадын жуулчдад ойлгомжтой болгох үүднээс гурван давхар суваргын дүрсээр солих санал гаргасан байна.

 

Ингэхдээ тэд 90 орчим улсын 1,000 гаруй хүнээс саналыг нь авч, газрын зураг дээрх тэмдэглэгээнүүд ойлгомжтой байгаа эсэхийг судалжээ. Судалгааны дүнд дурдсанаар зарим хүмүүс сүм хийдийг илэрхийлсэн хас тэмдгийг Нацистуудын билэгдэлтэй андуурч байгаа нь харагдсан тул солих санал гаргасан юм байна.

Гэвч энэ санаа зарим Япончуудын эсэргүүцэлтэй тулгарчээ. Эсэргүүцэгчдийн үзэж байгаагаар Японы сүмүүдэд дүрсэлдэг хас тэмдэг нь Нацистуудынхаас ялгаатай. Тухайлбал Японы уламжлалт хас тэмдэг дөрвөлжин байрлалтай байдаг бол, Нацистуудынх ромбо хэлбэртэй байдаг гэнэ. Япончууд хас тэмдгийг “манжи” гэж нэрлэдэг аж.

 
Зүүн гар талд Нацистын хас тэмдэг, Баруун гар талд Манжи тэмдэг

GSI хас тэмдгээс гадна нийт 18 шинэ тэмдэглэгээг холбогдох газруудтай зөвшилцсөний эцэст 2020 оны Токиогийн Олимпийн наадмаас өмнө нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ зөвхөн гадаадын жуулчдад зориулсан хувилбар дээрээ өөрчлөх гэнэ.

Эсэргүүцэгчид энэ талаар сошиал сүлжээнд бичихдээ “Буддизм бол Нацизмаас хамаагүй урт түүхтэй тул манжи тэмдгийг үлдээх нь зөв”, “Бусдын соёлыг хүндэлдэггүй, мэдлэг муутай зарим гадаадын зочноос болоод ингэж өөрчлөхийг эрс эсэргүүцэж байна. Тэнэг санаа”, “Европчууд Японы манжи тэмдэг ямар учиртайг судалж ойлгох хэрэгтэй”, “татвар төлөгчийн мөнгөөр газрын зургаа өөрчилснөөс гадныханд зөв тайлбарлаж ойлгуулах нь зөв” гэх мэтчилэн өгүүлжээ.

Мөн Change.org сайтад газрын зургийн тэмдэглэгээнээс хас (манжи) тэмдгийг хасахын эсрэг иргэдийн гарын үсэг цуглуулах хөдөлгөөн өрнөсөн байна.

Одоогоор манжи тэмдгийг солих санаа хэрэгжихээр болсон эсэх талаар мэдээлэл гараагүй байгаа юм.

 

Эх сурвалж: BBC, Independent, Japan Times