Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдоганы хэлсэн үг Орос-Туркийн харилцаанд үл ойлголцол үүсгэлээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Мягмар гарагт Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган олны өмнө үг хэлэхдээ наймдугаар сарын 24-нд тус улсын цэрэг Сирийн нутагт нэвтэрсэн зорилгыг Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг зайлуулах явдал гэж зарласан юм.

Тэрээр “Бид Сирид орохдоо төрийн өмнөөс террор хийж байгаа дарангуйлагч Ассадын засаглалыг унагах зорилготой байсан. Бидэнд өөр ямар ч зорилго байхгүй” гэжээ.

Сиритэй Турк улс газар нутгийн маргаан байхгүй, харин Сирийн ард түмэнд эрх мэдэл өгч шударга ёс тогтоох нь Туркийн зорилго гэсэн юм.

Гэвч Туркууд анх хуурай замын цэрэг, агаарын хүчнийг Сирийн хойд хэсэгт оруулахдаа Исламын улс, Курдын арми зэрэг террорист бүлэглэлүүдийг өөрийн хилийн бүсээс цэвэрлэх зорилготой гэж байв.

Эрдоганы сүүлд хэлсэн үг Анкараг Москватай үл ойлголцолд хүргэжээ. Өчигдөр буюу Лхагва гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “Хэдийгээр энэ мэдэгдэл нь хэвлэлийн мэдээ ч гэсэн тун ноцтой байна. Бидний өмнөх ерөнхий ойлголттой зөрчилдөж байна” гээд “Манай Туркийн түншүүд ойрын үед энэ мэдэгдлийн талаар тайлбар хийнэ гэдэгт найдаж байна” гэжээ.

Тэрээр өнөөдрийн байдлаар зөвхөн ОХУ нь Сирийн засгийн газраас зөвшөөрөлтэйгээр, хууль ёсны дагуу тус улсад цэргийн ажиллагаа явуулж байгаа орон гэдгээ хэлсэн байна.

Эрдоганы хэлсэн үг Москва-Анкарагийн харилцаанд сэв суулгах уу гэсэн сэтгүүлчийн асуултад Песков “Турк бол Москвагийн түнш, тиймээс Анкарагийн тайлбарыг сонстлоо бид ямар нэг дүгнэлт хийх боломжгүй” гэжээ.

Өчигдөр мөн Путин, Эдоган нар утсаар Сирийн нөхцөл байдлын тухай ярилцсан байна. Харин энэ үеэр Эрдоганы мэдэгдлийн талаар ярилцсан эсэхийг хэлэхээс Песков татгалзжээ.

 

Эх сурвалж: Russia Today