Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Намбарын хүү, Норовын хүү нарын ижил зовлон

Б.Төрбат
2016 оны 11 сарын 30
MorninigNews.mn
Зураг зураг

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг хуулиар бамбай хийж УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй шигээ өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд ч нэр дэвших эрхийг нь хязгаарласан бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг ч мөн адил хууль, хяналтынхнаар хүч түрэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүслийг ч унтраах гэж оролдож байхыг үгүйсгэхгүй-

Тэд цагтаа төрийн өндөр албан тушаалыг хашиж байсан. Нэг нь төрийн тэргүүн, нөгөө нь Ерөнхий сайдаар ажиллаж байв. Гэвч мань хоёрыг албан тушаалаа хүлээлгэж өгсний маргаашаас нь хуулийнхан хараандаа авч, ижил хувь тавиланг нь зурж эхэлсэн гэлтэй.

Хэдийгээр цаг хугацааны хувьд адилгүй ч Намбарын хүүгийн туулсан зовлонг Норовын хүү өнөөдөр үргэлжлүүлэх нь тодорхой дүр зураг бууж байна. Гагцхүү МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хоёрын аль аль нь ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаагаараа тэдний зовлон ижилхэн.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг саяхан нам дамнасан бүлэглэлтэй тэмцэхээ мэдэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаагаа зарласан бол МАХН-ын дарга Н.Энхбаяр ч мөн нэр дэвших битүүхэн хүслээ ил болон далд аргаар илэрхийлсэн билээ.

Харамсалтай нь өмнөх болон өнөөгийн эрх баригчид мань хоёроос ондоо бодолтой байгааг улс төрийн үйл явдлаас бэлхэн харагдана. Учир нь, Н.Алтанхуягийн ойр тойрны гэсэн бүхнийг хууль, хяналтын байгууллагаас шалгаж, бүр заримыг нь цагдан хориод байгаа юм.

Түүний гэр бүлийнхнийг 4.2 тэрбум төгрөгийн хууль бус тендерийн хэрэгт буруутган, эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэгээд ч албаны эх сурвалж "Дээрх ажлын хүрээнд улсын төсвөөс авсан санхүүжилтийн зарцуулалттай холбоотойгоор Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарын зэрэг хүнийг сэжигтнээр тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан.

Ц.Насанбатын нөхөр нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүү, харин Н.Наранцэцэг нь түүний төрсөн дүү юм" гэдгийг олон нийтэд мэдээлсэн бол хүргэн хүү Г.Дэнзэнгийнх нь цагдан хорих хугацааг сунгасан билээ. Харин эхнэр Х.Сэлэнгийг нь одоогоор ямар нэгэн хэрэгт холбогдуулан шалгасан зүйл байхгүй гэдгийг эх сурвалж өгүүлж байгаа.

Энэ мэтээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ойр тойрны хүмүүсийг хуулийн байгууллагаас шалгаж байна. 

Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлээгүй гэх маргааныг Улсын Дээд шүүх уржигдар хянан хэлэлцсэн билээ. Тодруулбал, Н.Энхбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх боломжгүй гэж Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлэсэнтэй холбоотойгоор мань эр Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм.

Дээд шүүхээс “Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвийн 2016 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн 000230 дугаар "Тодорхойлолт"-ыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь “Н.Энхбаярын ял эдлэх хугацаа дуусаагүй тул сонгуульд нэр дэвших боломжгүй” гэсэнтэй агаар нэг юм. 

Энэхүү хоёр үйл явдлаас харахад үнэхээр ч МАХН-ын дарга Н.Энхбаярыг хуулиар бамбай хийж УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй шигээ өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд ч нэр дэвших эрхийг нь хязгаарласан бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг ч мөн адил хууль, хяналтынхнаар хүч түрэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүслийг ч унтраах гэж оролдож байхыг үгүйсгэхгүй.

Цаашид хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Зураг