Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Компаниуд нөөцөө шавхаад дууссан. Одоо ажлын байраа хадгалах асуудал болоод байна"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс өнөөдөр валютын ханшийн асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Монголбанкны эдийн засагч Б.Түмэнцэнгэл, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголын Хөрөнгийн зах зээлийн зөвлөлийн судлаач А.Мөнхцог, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчид оролцсон юм.

Хувийн хэвшлийг төлөөлж Б.Лхагважав “Валютын ханшийн хэлбэлзэл, макро түвшний бодлогын алдааг манай хувийн компаниуд дэндүү их үүрч байна. Одоо компаниуд өөртөө байсан нөөцөө шавхаад дууссан. Ажлын байраа хадгалах асуудал болоод байна.

Макро эдийн засагт үүссэн асуудал нь биднээс огт шалтгаалаагүй, том, эрх мэдэлтэй улс төрчдийн хийж буй үйлдэл юм.

Миний хувьд төгрөгийн ханшийн сулралд хоёр зүйл нөлөөлсөн гэж боддог. Эхнийх нь сонгуулийн өмнө Засгийн газар 1.5 их наяд төгрөг хэвлэж ард түмэнд хувьцаа гэж тараасан. Хоёрдугаарт “Эрдэнэт”-ийн хувьцааг худалдаж авахад 400 гаруй сая ам.доллар Монголоос гараад явчихсан. Энэ хоёр үйлдэл хүчтэй хэлбэлзэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.

Манай дээр давагдашгүй хүнд нөхцөлийн гэрчилгээг авах хүсэлтээ 163 компани илэрхийлсний 63 хувь нь ам.долларын ханшийн өсөлтөөс болж гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон байгаа.

Хувийн хэвшилд валютын ханшийн савлагаа хүнд тусч байна” гэв. 

Монголбанкны эдийн засагч Б.Түмэнцэнгэл энэ тухай “Валютын ханшийн огцом савлагаа хүн бүрийн санааг зовоосон асуудал болж байна. Энэ савлалт нь хэд хэдэн үндсэн шалтгаантай. Юуны түрүүнд манайх эдийн засгийн бүтцээ сайжруулахгүй, уул уурхайгаас хэт хараат хэвээрээ байвал ханшийн савлагаа байсаар байна.

Хоёрдугаарт валютын захын дэд бүтцийн асуудал байна. Валютын захын платформыг Монголбанкнаас бий болгож, хөгжүүлэх гэж байгаа. Валютын захын мэдээлэл нээлттэй биш болохоор дам яриагаар ханшийн хөөсрөл үүсгэх эрсдэлтэй байдаг” гэсэн мэдээлэл өглөө.

Мөн тэрбээр "Гадаад валютын албан нөөц нэг тэрбум орчим ам.доллар байгаа. Энэ мөнгө бол ханшийн огцом савлагааг намжаахад хангалттай хэмжээтэй байгаа бөгөөд он гараад валютын урсгал нэмэгдвэл нөөц дагаад нэмэгдэнэ.

Өмнө нь ханшийн савлалтыг намжаахын тулд Монголбанкнаас бодлогын хүүгээс өсгөж 15 хувьд хүргэсэн нь тухайн үедээ үр дүнгээ өгсөн шийдвэр байсан" гэсэн мэдээлэл өглөө.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт зах зээлийн хүлээлтийн асуудал хөндөгдөв. Ам.долларын ханшийн хүлээлтийн талаар Монголын хөрөнгийн зах  зээлийн зөвлөлөөс судалгаа хийхэд иргэдийн 60-аас дээш хувь нь ам.долларын ханш цаашид өснө гэжээ.

Мөн иргэдийн 56 хувь нь өнгөрсөн гурван сард болсон ханшийн огцом хэлбэлзлийг жам ёсны бус зүйл байсан хэмээн үзэж байгаа нь судалгаанаас харагдсан тухай судлаач А.Мөнхцог хэллээ. Энэ нь нийгэмд төгрөгт итгэх итгэл суларсан байгааг харуулсан үзүүлэлт болов.

Сэтгүүлчдийн хувьд өнөөдрийн хэлэлцүүлэгт Монголбанкны цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, эдийн засгийн хүлээлтийг муудахад нөлөөлж байгаа улс төрчдийн хариуцлагагүй үйлдлийг хэрхэн зогсоох талаар сонирхон асууж байлаа.