Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын шинэ хориг Хойд Солонгосын нүүрсний орлогыг $600 саяар бууруулна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн бэлдэж байгаа эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ Хойд Солонгосын нүүрсний экспортод хүчтэй нөлөөлөхөөр байгааг Ройтерс агентлаг мэдээлжээ.

Бэлтгэл шатандаа яваа хориг хэрэгжвэл Хойд Солонгосын дэглэмийн жилд олдог нүүрсний экспортын орлого $400 сая болж буурах гэнэ. Өнгөрсөн жил Пьёньян Хятад руу 17 сая тонн нүүрс гаргасан нь $1 тэрбум орчмын орлого оруулжээ. 2016 онд тэд үүнээс ч илүүг экспортлох төлөвтэй байгаа.

Хориг арга хэмжээ нь мөн зарим албаны хүмүүсийг, тухайлбал Египет, Мьянмарт сууж байсан элчин сайд нарыг НҮБ-ын хар жагсаалтад оруулах гэнэ.

Мөн Хойд Солонгосын өөр нэг чухал экспортын бүтээгдэхүүн болох хөшөө урлаж босгох ажлыг НҮБ-ын гишүүн орнуудад хориглохоор заажээ. Голдуу Африкийн орнууд Хойд Солонгосын Пьёньянд ажилладаг Мансудэ Урлагийн Студид хөшөө захиалж хийлгэдэг байна.

Мансудэгийн урласан хөшөөг Камбож, Ангол, Бенин, Чад, Ардчилсан Конго, Экваторын Гвиней, Этиоп, Того улсуудад харж  болно.

Хойд Солонгосоос их хэмжээний нүүрс экспортлодог Хятад улсыг олон улсын байгууллагууд НҮБ-ын энэ оны гуравдугаар сард тавьсан хоригийг зөрчиж байна гэж шүүмжилдэг.

Тэгвэл Баасан гарагт Хятадын гадаад хэргийн яам мэдээлэхдээ “НҮБ-ын хоригт Хойд Солонгосын нүүрс, төмөр, төмрийн хүдрийн экспортыг хориглосон. Гэхдээ энэ нь цөмийн зэвсгийн хөтөлбөрт хамаагүй, хүн ардын аж амьдралын тусын тулд бол хориг үйлчлэхгүй” гээд “тиймээс Хятадын нүүрсний импорт НҮБ-ын шийдвэрт нийцэж байгаа” гэжээ.

 

Эх сурвалж: NKnews.org