Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн ФОРУМ 2016 амжилттай зохион байгуулагдлаа

ikon.mn
2016 оны 11 сарын 28
iKon.MN

2013 оноос “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний дагуу нийт банкууд хөрөнгө оруулалт хийх, зээл олгох болон аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа тухайн бизнесийн үйл ажиллагаа нь байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөлөл үүсгэх эсэхийг харгалзах, сөрөг үр дагавар үүсгэхээр бол түүнийг бууруулах арга хэмжээ авах, ноцтой хохирол учруулж болзошгүй бол санхүүжүүлэхээс татгалзах хүртэл шийдвэр гаргахаар болж Тогтвортой санхүүжилтийн зарчмууд, салбарын удирдамжуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн юм.

Энэ санаачилга, хөтөлбөрийг олон нийт, харилцагчиддаа мэдээлэх, ач холбогдлыг таниулах зорилгоор Монголын Банкны Холбоо (МБХ) 2013 оноос хойш жил бүр “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум” арга хэмжээг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилийн хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Сангийн яам, Ерөнхий сайдын ажлын алба, Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд” үндэсний чуулганы нэг хэсэг болж зохион байгуулагдаж буйгаар онцлог болж байна. Үндэсний чуулганы 2 дахь өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан “Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн (ТоС) Форум 2016” арга хэмжээг МБХ, БОАЖЯамнаас Голомт банк, Монголбанк, Сангийн яам, СЗХ, НЗД, МҮХАҮТ, Олон улсын санхүүгийн корпараци (IFC), Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (GGGI), Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE), Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл (ESD) зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулав.

 

Уг форумд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын 400 орчим төлөөлөгч оролцож, өнгөрсөн хугацаанд тус хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар ярилцав. Тухайлбал, ТоС хөтөлбөрийг банкны бус санхүүгийн салбарт нэвтрүүлэх, санхүүгийн салбарын зохицуулагч байгууллагуудын бодлогын дэмжлэгийг нэмэгдүүлэх, ААНБ-уудын байгаль орчин, нийгмийн удирдлага болон ногоон төсөл бичих чадавхийг сайжруулах, олон нийтэд чиглэсэн мэдээллийн ажлуудыг идэвхжүүлэх зэрэг чиглэлийн хүрээнд холбогдох байгууллагууд хамтран ажиллахаар болов. Мөн Ногоон зээлийн сан байгуулах санаачлагын дагуу Монгол Улсын ногоон зээлийн эрэлт, ногоон зээлийн шалгуур үзүүлэлтийн судалгааны үр дүн, ногоон зээлийн сангийн үзэл баримтлалын төсөл зэргийг танилцуулж, сангийн бүтэц, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, ногоон зээлийн боломжит бүтээгдэхүүнүүдийг  бий болгох талаар санал солилцож, цаашид ажлын хэсгийн хүрээнд эдгээр ажлуудыг нарийвчлан судлахаар болов. Олон улсын байгууллагуудын зүгээс Монгол Улсын ТоС хөтөлбөрийн хэрэгжилтийг онцлон сайшааж, Ази бүс нутагтаа сайн жишээ болж байгааг мөн тэмдэглэв.

ТоС-ийн хөтөлбөрийн хүрээнд жил болгон манлайлагч байгууллага нь бусад ТоС-ийн гишүүн байгууллагаа манлайлж, санал санаачилга гарган хэрэгжүүлдэг бөгөөд Голомт банк “ТоС Манлайлагч байгууллага-2016” байгууллагаар ажилласны хувьд тайлангаа тавьж 2017 онд манлайлан ажиллах эрхэм үүргийг Ариг банкинд хүндэтгэлтэйгээр шилжүүллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.