Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

ЗГ: Ирэх онд тусгай зориулалтаар 68 угалз агнана

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

22 автомашиныг сумдын эмнэлэгт яаралтай олгоно

 Өвөлжилт хүндэрч, зуд, үер болон болзошгүй гэнэтийн аюул, байгаль цаг уурын бэрхшээл тохиолдож болзошгүй энэ өдрүүдэд ашиглалт болон гүйлтийн нормын хугацаа дууссан, эвдрээд зогссон, нэн яаралтай машин хэрэгтэй зарим сумын түргэн тусламжийн автомашины асуудлыг шийдлээ.

Сумдын эмнэлэгт туулах чадвар сайтай УАЗ маркын 22 автомашиныг яаралтай олгож, хөрөнгийг 2017 оны төсвийн багц, Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг 2016 оны арванхоёрдугаар сарын 11-13-нд Улаанбаатар хотод хийхээр хоёр тал тохироод байгаа юм.

Уг хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Монголын төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга У.Хүрэлсүх ахлах юм. Комиссын хуралдаанаар худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэх юм.

Ирэх онд тусгай зориулалтаар 68 угалз агнахыг зөвшөөрөв

Ирэх онд тусгай зориулалтаар 68 угалз, 75 тэх, 32 халиу буга болон бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 100, агнуурын шувуу 400 толгойг хүртэл агнуулахаар, тул загас 500 толгойг барьж буцаан тавиулахаар Засгийн газраас тогтоолоо.

Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээс үзвэл дээрх тооны ан амьтан агнуулахад тоо толгойн өсөлтөд сөргөөр нөлөөлөхгүй юм.

Мөн хуралдаанаар агнуурын амьтны нэг тоо толгойд ногдуулах жишиг үнэ, төлбөр, хураамжийг 2001, 2005 оны инфляцийн түвшин, мэргэжлийн байгууллага, Шинжлэх ухааны академи, Сорилын биологийн хүрээлэнгийн санал зэргийг харгалзан 30 хүртэл хувиар нэмлээ. Ингэснээр ирэх онд улсын төсөвт гурван тэрбум гаруй төгрөгийн орлого орно гэж тооцоолж байна.

2016 онд  60 угалз, 70 тэх, 30 халиу буга, 20 саарал чоно, тус бүр 10 зэрлэг гахай, бор гөрөөс, 150 цагаан зээр, 400 хүртэл агнуурын шувууг агнуулах, 400 тул загас барьж буцаан тавиулахаар 2015 онд шийдвэрлэж байжээ. Амьтны нөөц ашигласны төлбөрт 13 аймгийн 37 сумын төсөвт 940 гаруй сая төгрөг ороод байгаа юм.

Товч мэдээ

  • Хөрс, бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж хэд хэдэн саналыг уламжлахаар болов.
     
  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас  2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт, Хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг тус  тус  баталлаа.
     
  • Монголын оюутны спортын IY их наадмыг 2017 онд орон даяар зохион байгуулахаар Засгийн газрын тогтоол баталлаа.
     
  • Энэ оны гуравдугаар улиралд Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн удирдлагад хандан иргэдээс 40 орчим мянган өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсний 37 мянга гаруйг нь хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна. Энэ нь 95 орчим хувьтай гэсэн үг юм. Иргэдийн дийлэнх нь нийгмийн халамжид хамрагдах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, газар эзэмших, ашиглахтай холбоотой асуудлаар ханджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.