Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын тал Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн айлчлалыг хойшлуулаагүй гэв

Б.Ану
2016 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Далай ламын Монголд хийж буй ес дэх удаагийн айлчлалыг эсэргүүцсэн утга бүхий мэдэгдлийг Хятадын Засгийн газраас хоёр ч удаа гаргаад байгаа билээ.  

Тэгвэл өчигдөр орой Монголын Засгийн газарт Хятадын талаас Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д энэ сарын сүүлээр хийх айлчлалыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа талаар мэдээлэл албан бусаар ирсэн талаар Засгийн газрын кабинетийн зарим баттай эх сурвалж мэдээлсэн юм. Айлчлал цуцлагдсан тухай зарим хэвлэлд өнөөдөр мөн мэдээлжээ. 

Тэгвэл энэ талаар Гадаад Харилцааны Яамны холбогдох хүмүүсээс тодруулахад албан ёсоор Хятадын тал айлчлалыг хойшлуулах мэдэгдэл ирээгүй байна гэв. 

XIV Далай лам өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлаараа Хятадын Засгийн газрын тухай "Би хаана ч очсон Хятадын зүгээс ийм асуудал гаргадаг. Би энэ дэлхий дээрх  бурхны шашинтай улс орнуудаас Монгол, Япон хоёрт л очиж чадаж байна. Бусдад нь чадахгүй байна. Би уг нь бурхны шашинтай хүн. Гэхдээ би бурхны шашинтай улс болгонд очиж чадахгүй байна. Хятадад гэхэд бурхны шашинтай 400 гаруй сая хүн бий. Эдгээр хүний зүгээс Хятадад ирээч гэж байнга хүсдэг. 

Бодит байдал дээр би 1974 оноос хойш тусгаар тогтнолын тухай ярихгүй байгаа. Хятадын тал намайг салан тусгаарлагч гэж үздэг. Тусгаар тогтносон улс болохын төлөө би тэмцэхгүй байгааг дэлхий нийтээрээ мэдэж байгаа. Зарим хүн үүнийг маань буруутгадаг. Би анхнаасаа л бид ялна. Тэд ялагдана гэдэг санаагаар биш хоёуланд нь тустай байх юмсан гэсэн бодлоор хандсан" гэлээ. 

Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан “Далай лам бол шашны нэрийн дор Төвдийг БНХАУ-аас салан тусгаарлахыг оролддог улс төрийн дүрвэгч юм” гэж мэдэгдээд  “Бид Монгол улсаас хоёр орны найрсаг харилцааг хүндэтгэн, Төвдийн асуудлаарх байр сууриндаа үнэнч байж, Далай лам болон түүний хүмүүсийг тус улсад айлчлахыг хориглохыг хатуу шаардаж байна” гэсэн мэдэгдэл гаргаад байсан. 

Далай ламын айлчлалтай холбоотойгоор ихэнх хүмүүс Хятад, Монголын харилцаа тэр дундаа хэдхэн хоногийн дараа буюу энэ сарын 28-наас эхлэх Шадар сайд У.Хүрэлсүхийн айлчлалд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх вий гэсэн болгоомжлол байсан. Тэгвэл өнөөдөр өглөөний байдлаар ямартай ч Хятадын талаас албан ёсоор энэхүү айлчлалыг хойшлуулах болоод бусад саад тотгор учирсан талаар мэдэгдэл ирүүлээгүй байна. 

Монгол Улсын хувьд БНХАУ-аас  2.0 хүртэл хувийн хүүтэй, 20-иос дээш жилийн хугацаатай хөгжлийн зээл олгох хүсэлт тавиад буй. Энэхүү зээлийн гол хэлэлцээр энэ сарын 28-нд эхлэх айлчлалын хүрээнд яригдах талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдээд байгаа билээ.