Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бямбадорж: Ирэх Баасан гараг гэхэд цас, мөсийг бүрэн арилгаж дуусгана

Г.Номин, iKon.mn
2016 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ сарын 18, 19-нд их хэмжээний цас орсноос хойш ТҮК-ийн ажилтнууд төрийн албан хаагчид, үйлчилгээний байгууллагууд гудамж талбайн цасыг цэвэрлэсээр байна. Явган хүний зам талбайн цасыг үндсэндээ цэвэрлэж дуусч байгаа хэдий ч авто замын зорчих хэсэг гулгаа ихтэй, зам тээврийн осол гарах өндөр эрсдэлтэй байгаа юм.

Тэгвэл замын зорчих хэсгийн цас, мөсийг арилгахаар хэрхэн ажиллаж байгааг Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа.

- Цас цэвэрлэх ажил удаашралтай байгаа талаар иргэдийн гомдол тасрахгүй байна. Мөстсөн замуудыг хэзээ цэвэрлэж дуусах төлөвлөгөөтэй байгаа вэ?

- Зам талбайн цас цэвэрлэх ажлыг төрийн бус байгууллагуудтай хамтраад хийж байна. Мөн Батлан Хамгаалах Яам, Оюутны холбоотой хамтарч ажиллах, цэргийн албан хаагчид болон оюутан залуусыг цас, мөс цэвэрлэх ажилд дайчлах шийдвэрийг гаргалаа. Ингээд ирэх Баасан гараг гэхэд цас, мөсийг бүрэн арилгах даалгаварыг хотын удирдлагаас аваад ажиллаж байна.

- Зам халтиргаа гулгаа ихтэйгээс үүдэн замын хөдөлгөөн удаашралтай байна. Бодис цацахаас өөрөөр халтиргаа гулгааг багасгах чиглэлээр хийж буй ажлууд бий юу?

- Авто машины зорчих хэсгийн хувьд цас, мөстсөн хэсгийг шөнийн цагаар цэвэрлэж тээвэрлээд, өглөө нь бодис цацах ажлыг хийж байгаа. Хамгийн их ачаалал үүсч буй хэсэг буюу гүүрнүүдийн цасыг цэвэрлэчихсэн. Гэсэн хэдий ч хот шөнөдөө -34 хэмээс -40 хүртэл хүйтэрч хоноод өглөө хяруу унаж, дээр нь автомашины яндангаас ус гоожоод хөлдөж мөстөөд байна. Тиймээс бид боломжоороо нар тусмагц бодисоо цацаад явж байгаа.

- Цас хайлуулах бодисын нөөц хангалттай байгаа юу?

-Тийм. Хотын дарга сая туслах замуудад 100 тонн бодис цацах үүрэг өглөө.

Ер нь бол бодисын нөөц хангалттай гэж хэлж болно. Нөгөөдөр буюу энэ сарын 24-нд 198 тонн бодис Улаанбаатар хотод бууна. Дахиад нэмж 400 тонн бодис авах хөрөнгийг Засаг дарга нөөцөөсөө шийдээд өгчихсөн байгаа.


Цас арилгах бодис, давс нэмж авах, цаашид цас цэвэрлэх техникээ шинэчлэхээр төлөвлөж байгааг Хотын дарга өнөөдөр хэлсэн юм.

Өмнөх захиалгын дагуу энэ сарын 24-н буюу ирэх Пүрэв гарагт ОХУ-аас 198 тонн тусгай зориулалтын бодис ирэх бол Засаг даргын нөөц хөрөнгөөс дахин 400 тонн бодис авахаар болсон байна. Түүнчлэн явган хүний замын цас мөс шүүрдэх, хөлдсөн цасыг ховхлох зэрэг бага оврын техник хэрэгсэл авахаар БНХАУ-руу захиалжээ.