Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Төсвийн хөрөнгөөр ШИНЭ ЖИЛийн баяр тэмдэглэхгүй байхыг анхаарууллаа

ikon.mn
2016 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

- Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүд -

Төсвийн хөрөнгөөр шууд болон шууд бус хэлбэрээр шинэ жил, баяр ёслолын аливаа арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, өмнө нь ийм зориулалтаар гаргасан зарим шийдвэрийг эргэж авч үзэх зэргийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

Онцгой нөхцөлд дайчлагдан ажилласан иргэд, албан хаагчдын урамшуулал, томилолтын зардал, улсын нөөц нөхөн бүрдүүлэх, түймрийн хохирол арилгах, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, вакцин үйлдвэрлэх, малын эм, тарилга зэрэгт зориулж энэ онд таван тэрбум гаруй төгрөгийг зайлшгүй санхүүжүүлнэ.

Харин ажил гүйцэтгэх гэрээний дүнгээр болон гүйцэтгэлээр хэмнэсэн зардлууд, Үндэсний аудитын зөвлөмжид заасны дагуу Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг хориглосон арга хэмжээний зардлуудыг хэмнэхээр боллоо. Ингэснээр Засгийн газрын нөөц сангийн 2016 оны батлагдсан 25 тэрбум төгрөгөөс гурван тэрбум гаруйг зарцуулах шаардлагагүй болж байна.

Хэмнэгдсэн хөрөнгийг урьдчилан таамаглах, төлөвлөх боломжгүй гамшиг, осол, бусад нөхцөл байдлын улмаас үүссэн хохирлыг бууруулах, арилгах, төсөвт урьдчилан тусгах боломжгүй олон улсын гэрээ, шүүхийн шийдвэрийн улмаас төлөх төлбөр, хураамж зэрэгт зарцуулах боломж бүрдэх юм. 

МАК компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрлөө

“Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн концессын гэрээг Монголын алт /МАК/ ХХК-тай байгуулах эрхийг Үндэсний хөгжлийн газарт зөвшөөрлөө.

Уг төсөлд зарцуулагдах 32.231.104.00 ам.доллартай тэнцэх төгрөгийг концессын гэрээнд заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарийн дагуу жил бүр улсын төсөвт тусгахыг Сангийн сайдад даалгалаа.

Энэ төслийг хэрэгжүүлснээр Цагаансуваргын ордын бүтээн байгуулалтыг цахилгаанаар хангахын зэрэгцээ Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумыг төвлөрсөн эрчим хүчний системд холбох юм. 

Цалин хөлс, тэтгэмжтэй холбоотой өр төлбөрийг эцэслэн шийднэ

Төсвийн зарим байгууллагад хийсэн бүтцийн өөрчлөлттэй холбогдон гарсан төсөвт урьдчилан тусгах боломжгүй дараах зардалтай холбоотой асуудлыг 2016 оны есдүгээр сарын есний өдрөөр тасалбар болгон эцэслэн шийдвэрлэхийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

Үүнд:

  • Цалин хөлс, байр ашиглалттай холбоотой тогтмол зардлыг өр төлбөрийг барагдуулах;
  • Байгууллага нь татан буугдсан, чиг үүрэг нь орон тооны хамт цомхотгогдсоны улмаас ажлаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчдад хууль тогтооомжийн дагуу олгох нэг удаагийн тэтгэмжийн зардал;
  • Бүтцийн өөрчлөлттэй холбогдох шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах үүрэг бүхий комисс, ажлын хэсгийн үйл ажиллагааны тусгагдаагүй нэмэлт зардал, татан буугдсан буюу өөрчлөн байгуулагдсан байгууллагын архив, эд хогшлыг нүүлгэн шилжүүлэхэд гарсан бусад зардал зэргийг эцэслэн шийдвэрлэх юм.

150 орчим хүүхэд “Байгууллагын цэцэрлэг”-т хамрагдана

Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны нутагт байрлах Тагнуулын ерөнхий газрын эзэмшиж байгаа хоёр давхар, 546 ам.метр талбай бүхий барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар тохижуулж ажиллуулахыг холбогдох хүмүүст даалгалаа.

Ингэснээр тагнуулын байгууллагын албан хаагчдын 150 орчим хүүхэд цэцэрлэгт явах боломж бүрдэх юм. Тус байгууллагын нийт албан хаагчдын 80 гаруй хувь нь залуу гэр бүл бөгөөд 2-5 настай 350 орчим хүүхэд байдгаас 40 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна.

Засгийн газар хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт тавин  “Байгууллагын цэцэрлэг” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсний дүнд одоогоор яам, агентлагийн албан хаагчдын 230 гаруй хүүхэд цэцэрлэгт явж байна.

40-50 орны хүүхдийн спортын их наадам Улаанбаатарт болно

“Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын YII наадмыг 2020 онд Монгол Улсад зохион байгуулна. Тэмцээний зохион байгуулалт, арга хэмжээний зардалд зургаан тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд үүний 60 хувийг улс, орон нутгийн төсвөөс, үлдсэн 40 хувийг ивээн тэтгэгчид болон олон улсын байгууллагаас бүрдүүлнэ гэж тооцжээ.

Энэ наадамд 45-50 орны 3000 гаруй тамирчин, 500-гаад дасгалжуулагч, 90 шүүгч, албаны 120-иод төлөөлөгч ирнэ гэсэн урьдчилсан тооцоо гараад байна. Олон улсын нэр хүнд бүхий наадмын бэлтгэлийг хангах, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьт үүрэг болголоо.   

Товч мэдээ

  • Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.Төсөл батлагдсанаар Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг хамгаалах Дэлхийн өвийн газрын Менежментийн төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх юм.
  • УИХ-ын дарга М.Энхболдын 2016 оны 10 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд БНХАУ-д хийсэн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов. 
  • УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар  Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласан жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны түүхэн өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох тухай хуулийн төсөл боловсруулсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжлээ.
  • “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн төслийг зарчмын хувьд дэмжив. Санамж бичиг нь 19 зүйлтэй бөгөөд хоёр орны нийгэм, эдийн засгийн хөгжилд туслалцаа үзүүлэх, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх ач холбогдолтой бичиг баримт юм. Австрали Улс манай улсад Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, “Монгол, Австралийн олоборлох үйлдвэрлэлийн төсөл”, Австралийн сайн дурын ажилтны хөтөлбөр гэсэн үндсэн гурван чиглэлээр хөгжлийн тусламж үзүүлж байна. 
  • Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнг “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв” болгон өөрчилж орон тооны дээд хязгаарыг 95 байхаар тогтов. Хүрээлэнгийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг “Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа төв”-ийн нэрийг “Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лаборатори” болгон өөрчилж, “Биобэлдмэлийн үйлдвэр” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, чиг үүргийг нь “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв”-д шилжүүлэв.
  • Нялх, балчир хүүхдийн хоол, ундны бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.
  • Монгол Улсын төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан А.Амарын мэндэлсний 130 жилийн ойг энэ сард,  Монгол Улсын үндэсний спортын ууган мастер, даяар дуурсагдах далай даян дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэх тухай тогтоол гаргалаа. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комисс, арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг сайд Ж.Батсуурьт даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.