Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

"ХЭТ ТАРГАЛАЛТ, ЗОХИСГҮЙ ХООЛЛОЛТ нь чихрийн шижин үүсгэх гол хүчин зүйл болдог"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг “Чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Үүнтэй холбогдуулан Гранд Мед эмнэлэг өнөөдөр иргэдэд чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгөх, үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулах өдөрлөгийг гурав дахь жилдээ зохион байгууллаа.  

Өдөрлөгийн талаар Гранд Мед эмнэлгийн үйлчлүүлэгч Д. Энхбат “Би энэ үйл ажиллагаанд хоёр дахь жилдээ оролцож байна.

Жил бүр ийм өдөрлөгт оролцож, сахарын түвшингээ тодорхойлуулаад, зөвлөгөө мэдээлэл авахад таатай байдаг. Өдөрлөгөөр шинжилгээнд хамруулаад, эрүүл хооллолтын талаар зөвлөгөө сургалт явуулж байгаа нь таалагдаж байна” гэлээ.

Чихрийн шижин өвчин манай улсад эрс ихэсч байна

 

Бид Гранд Мед эмнэлгийн дотоод шүүрлийн булчирхайн эмч Г.Оюунгэрэлээс дараах зүйлийг тодруулсан юм.

- Манай улсад энэ өвчнөөр өвчлөх түвшин ямар байгаа вэ?

- Чихрийн шижин манай улсад 1990-ээд оноос эрс ихэссэн. Үүнтэй холбоотой 1996 болон 2006 онд Монгол Улсын хэмжээнд тархалтын судалгаа явагдсан байгаа.

Эхний судалгаагаар нийт хүн амын дунд өвчлөл 3.2 хувьтай байсан бол 2006 онд хийсэн судалгаанд 6.1 болж өссөн байгаа. 

Бид иргэдийг сахарын шинжилгээнд хамруулж, сахарын түвшинг нь тодорхойлох зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

Гэтэл одоогоор 44 хүн шинжилгээ өгсөнөөс дөрвөн хүн анх удаа сахарын шинжилгээнд хамрагдаж, чихрийн шижин илэрсэн байна. Тэгэхээр манай улсад энэ өвчлөл их байна гэсэн үг.

- Чихрийн шижин үүсэх шалтгаан нь юу юм бол?

- Хэт таргалалт, зохисгүй хооллолт, хэт их архидалт зэрэг нь чихрийн шижинг үүсгэх хүчин зүйл болдог. Үүнээс гадна чихрийн шижингийн удамтай хүмүүс тусах магадлалтай байдаг.

- Насны түвшингээр авч үзвэл ямар байдаг вэ?

- Насны хувьд хүүхдүүд буюу хэв шинж нэг, насанд хүрэгчид буюу хэв шинж хоёр гэсэн хоёр янз байдаг. Хүүхдүүдийн хувьд нойр булчирхайнаас инсулин огт ялгарахгүйгээс болж, насан туршдаа инсулин тариулж байна.

Харин манай улсын ид хөдөлмөрийн насны буюу судалгаагаар 40-50 насныханд илүүтэйгээр чихрийн шижингийн өвчлөл их гарч байна гэсэн үр дүн гарсан байгаа.

- Чихрийн шижин өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

- Шинж тэмдгийн хувьд нэн тэргүүнд ам цангах, ямар ч шалтгаангүй турах, шингэн ихээр уух, шүд унах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

- Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юу?

- Чихрийн шижин өвчний гол онцлог нь урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Сахарын өвчнөөр өвчлөхгүй байя гэвэл биеийн жингээ хэвийн барьж, амьдралын зөв хэв маягтай байж, зохисгүй хооллолт, хэт их архидалт зэрэг эрсдэлт хүчин зүйлсээс хол байх нь хамгийн чухал.

Мөн ялангуяа чихрийн шижингийн удамтай хүмүүс биеийн жингээ тодорхой хэмжээнд барьж, цаг тухайд нь сахарын шинжилгээ өгч байх хэрэгтэй.

Чихрийн шижин өвчний үед илчлэг багатай хоол идэх нь чухал

 

Харин Чихрийн шижин өвчлөлийн үеийн зөв хооллолтын талаар Гранд Мед эмнэлгийн хоол зүйч Д.Долгормаа “Чихрийн шижингийн өвчлөл амьдралын хэв маяг буруу байсан, хоолны илчлэг хэтэрхий өндөр байсан, хүнсний сонголт буруу байсан зэргээс шалтгаалан үүсдэг.

Ерөнхийдөө энэ өвчний үед хүмүүс тийм зүйл идэж болохгүй, ийм зүйл хэрэглэж болохгүй гэсэн хориглосон зүйл байдаггүй. Харин хүнсний сонголтон дээр анхаарах нь чухал байдаг.

Чихрийн шижинтэй хүмүүс,

  • хооллолтын хувьд илчлэг багатай хоол хүнс хэрэглэх,
  • ислэг их агуулсан хүнс хэрэглэх,
  • цусны сахарыг ихэсгэж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдийг хязгаарлах,
  • хэт их идэхгүй, хэт их өлсөхгүй гэсэн зарчмын дагуу хооллох хэрэгтэй.
Ислэг ихтэй бүтээгдэхүүн нь хүний биед маш их ач холбогдолтой байдаг.

Тухайлбал, үр тарианы илсэг агуулсан гурвалжин будаа, хөц будаа, бүхэл үрийн гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүд нь удаан хугацаагаар цатгалан мэдрэмжтэй байлгаж, бие дотор байгаа янз бүрийн бохирдлуудыг өөртөө татаж, цэвэрлэх ач холбогдолтой. Тиймээс чихрийн шижин өвчтэй хүний хувьд нэн тэргүүний сонголт болдог.

Мөн ногооны ислэг нь хүний гэдэс, ходоодыг цэвэрлэх судасны хананд хуримтлагдсан өөх тосыг задалж, цэвэрлэх үйлчилгээтэй байдаг.

Ерөнхийдөө энэ өвчний үед болон жингээ хасах, илчлэгээ багасгах үед,

  • өглөөний цайгаа уух,
  • үд дунд ааруул зэрэг завсрын хоол идэх,
  • өдрийн хоолонд зутан шөлтэй, баяжуулсан гурилаар хийсэн хоолнуудыг салаттай идэх,
  • үдээс хойш нэг ширхэг алим идэх,
  • оройдоо хөц будаатай шөл уух гэсэн нэг өдрийн хоолны жор байж болно.

Энэ нь тухайн хүнд өлсөх, хоолны дэглэм барьж байна гэсэн мэдрэмж төрүүлэхгүйгээр илчлэгийг бууруулж байдаг” хэмээн зөвлөлөө.