Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батболд: Гандантэгчинлэн хийдийг шашин, соёлын ТӨВ болгоно

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

“Гандангийн залуусын нэгдэл” төрийн бус байгууллагын санаачлагаар Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дэмжлэгтэйгээр өнөөдөр “Гандангийн хөгжилд залуусын оролцоо” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус уулзалт нь Гандангийн дэнжийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, орчин нөхцлийг сайжруулах талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас авч хэрэгжүүлж буй бодлого, түүнтэй холбоотой төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, төлөвлөгөөний талаар хорооны оршин суугчидтай санал бодлоо солилцох зорилготой юм.

Энэ тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  “Улаанбаатар хотод гэр хорооллын болон хуучин орон сууцны гэсэн хоёр чиглэлээр дахин төлөвлөлтийн ажил явагдах юм.

Өнөөдөр бид Гандантэгчинлэн хийд орчмын дахин төлөвлөлтийн асуудлаар уулзалт зохион байгуулж байна. Гандан бол Монгол Улсын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой, нөгөө талаас манай орны шашин соёлын төв болсон газар байгаа.

 

Манайхаас бусад улс орон шашин соёлын ийм газраа жуулчлалын, эдийг засгийн том төв болгосон байдаг. Цаашид Ганданг шашин соёлын төв болгохоор төлөвлөж байна.

Тэгэхээр үүнд бид зөвхөн өөрсдийн ажлаа төлөвлөөд байх биш иргэдийнхээ оролцоог хангах ёстой учраас энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

Гэр хорооллын хувьд өмчлөлийн газар дээр орчин үеийн шийдэл бүхий дэд бүтцийг хөгжүүлэх, хороогоор, гудамжаар, айл өрхүүдээр гэсэн хэсэгчилсэн байдлаар дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа явагдах юм. 

Бид дүүрэг бүрт орчин үеийн загвар төслийг Азийн Хөгжлийн Банктай хамтран ирэх хавраас эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа” гэв.

Гандангийн дэнж нь Баянгол дүүргийн 16-р хорооны засаг захиргаанд харъяалагддаг бөгөөд нийт 1,854 өрхийн 7,638 хүн амьдарч, 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.