Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг брэндийн төлөө нэгдэж чадахгүй бол ТӨР оролцож эхлэхийг Тавантолгойнхонд анхаарууллаа

С.Бадрал, iKon.mn
2016 оны 11 сарын 7
iKon.MN
 

Ерөнхий сайд Оюутолгой, Тавантолгой, Энержи ресурс компанийн ажилтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ амралтын өдрүүдэд  Өмнөговь аймагт ажиллаж,  уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийн ажилтай танилцлаа.

Тэрээр Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн ажил, далд уурхайн бүтээн байгуулалт, Цагаан суваргын орд, Гашуунсухайтын боомт, “Тавантолгой” ХХК, “Энержи ресурс” компанийн ажилтай газар дээр нь танилцсан.

Мөн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нар уул уурхайн үйл явцтай танилцлаа. 

 

“Монгол Улсын цаашдын хөгжил, эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг  давах гол гарцын нэг нь том төслүүдээ эхлүүлэх, эрчимжүүлэх явдал. Гэхдээ уул уурхайн баялаг дээр түшиглэсэн  бүх төсөл хөтөлбөрүүд бизнесийн зарчмаар, харилцан ашигтай байхаас гадна Монгол Улс, Монголын ард түмний эрх ашигт нийцэж байх ёстой” гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцоллоо.

Түүнчилэн уул уурхай, эрчим хүч зэрэг дэд бүтцийн чиглэлийн төслүүдийг аль болох богино хугацаанд эхлүүлэх, эхэлснийх нь ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй, сул зогсож цаасан дээр маргаж цаг алдах нь Монгол Улс, хөрөнгө оруулагч ч талдаа ашиггүй учраас энэ чиглэлээр холбогдох яамдыг эрчтэй, санаачилгатай ажиллахыг анхаарууллаа.

 

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр Ерөнхий сайд Тавантолгойнхонд хатуу, бас хугацаатай үүрэг өгсөн талаар фэйсбүүк хуудастаа бичжээ..

Тавантолгойн нүүрсний ордын бассейнд Эрдэнэс-Тавантолгой, Энержи ресурс, орон нутгийн Тавантолгой гэж 3 компани олборлолт, экспорт хийдэг. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдгээр гурван компанийн удирдлагуудын тайлбарыг сонссоны дараа тодорхой үүрэг өглөө.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Хэн олборлож байгаагаас үл хамаараад Таван толгойн нүүрс бүхлээрээ Монголын ард түмний өмч. Ашгийг нь улсаараа, ард түмнээрээ хүртэх ёстой. Гэтэл олборлолт явуулж байгаа гурван компаниуд маань хоорондоо үл ойлголцолтой, бие биеийнхээ үнийг унагаж хэдэн жил явлаа, Үр дүнд нь нүүрсний экспорт Монгол Улсад ашиггүй, нөгөө талдаа ашигтай явж байна. Танай 3 компани хоорондоо хямд үнээр өрсөлдөх бус, гурвуулаа нийлж байгаад "Монголын нүүрс" гэдэг нэг брэндээр гадаадынхантай өрсөлдөх ёстой. Үүний тулд, бүгдээрээ баяжуулаад гаргадаггүй юмаа гэхэд дотооддоо нэг ам, нэг үнэтэй байх хэрэгтэй.

Одоо ойлголц, нэг бодлого, нэг үнэтэй бол, тэр саналыг чинь Засгийн газар төрийн шийдвэр болгоод өгье. Би та нарт тодорхой хугацаа өгье. Энэ хугацаанд ойлголцож нэгдэж чадахгүй бол нүүрсний экспортын нэг цонхны бодлого, ялангуяа үнийн зохицуулалт дээр төр оролцож эхэлнэ шүү гэдгийг хатуу хэлье. Дахиад хэлье, төр, хувийн хэвшлийн хэн олборлож байгаагаас хамаараад Таван толгойн нүүрс Монголын ард түмний баялаг. Үнэ нь зах зээлийнхээ зарчмаар, зохицуулалт нь баялгийн нийт эзний эрх ашигт нийцэж явах ёстой гэв. Товчоор, Нэг брэндийн төлөө нэгдэж чадахгүй бол төр оролцож эхлэхийг Ерөнхий сайд Тавантолгойнхонд анхаарууллаа.