Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

XXI зууны боловсрол: Хандлага, үнэлэмж, оролцоо

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 11 сарын 4
Сурталчилгаа

2000 оны 9-р сард дэлхийн 189 орны Засгийн газрын тэргүүнүүд Мянганы хөгжлийн зорилтуудыг нэгдэн баталсан билээ. 15 жилийн хөтөлбөрт тусгасан хамгийн чухал зорилт нь дэлхийн хүн амын ядуурлыг бууруулахад чиглэж байв. Мэдээж боловсрол, эрүүл ахуйн, хүйсийн эрх тэгш байдлыг тухай бусад зорилтууд туссан боловч хөгжил гэдэг үг ерөөсөө л эдийн засгийн агуулгаараа ойлгогддог байсан гэвэл хилсдэхгүй. Ядуурлын тухай асуудал орлоготой шууд хамааралтай. Орлого нь үйлдвэрлэл, нөөцөөс гээд хөөвөл одоо цагт бидний чухалчлаад байгаа хөгжлийн зураглал өмнөх 15 жилд арай өөр байжээ гэмээр. 2015 онд дэлхийн удирдагчид дараагийн 15 жилийн зорилтуудаа тунхаглан батлав.

“Тогтвортой Хөгжлийн Зорилтууд 2030”-д ядуурлын бүх хэлбэрийг таслан зогсооно гэж зоримог шийдэмгий заасан ба тогтвортой гэдэг өнөөх ойлголт өгүүлбэр бүрт туссан гэвэл хол зөрөхгүй Бид 2030 он хүртэл тогтвортой хөгжих нь зайлшгүй болов. Энэ нь өнгөрсөн хугацаанд эдийн засгийн тулгуур баганадаа хэт их найдсан хүн төрөлхтөн нийгэм, байгаль орчин гэх 2 тулгуурынхаа үүрэг ач холбогдлыг тод томруун ойлгосны шинж. Хэт ерөнхий шинжтэй байсан Мянганы хөгжлийн зорилтууд энэ удаа ТХЗ 2030-д уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, байгалийн нөөцийн хомсдол, эрчим хүч, ундны ус гэх мэтчилэн маш тодорхой зорилтууд болон түүнд хүрэх үр дүнтэй алхмуудын хамт тусгагдан дэлхий нийтэд танилцуулагдлаа. Эдгээрээс хамгийн ойлгомжтой бөгөөд дэлхийн удирдагчдын санал нэгдэж буй нэг санаа нь ТХ-ын бүх зорилтуудад зөвхөн боловсролоор дамжин хүрнэ гэсэн санаа байгаа юм. Боловсрол бол биднийг хүсэн мөрөөддөг ирээдүйд маань аваачих цорын ганц зам юм. Албан ба албан бус боловсролоор дамжуулан тогтвортой нийгмийг бүтээж байгаа олон улсын сайн туршлагууд маш олон. 

ТХЗ 2030 бол Мянганы хөгжлийн зорилтуудын залгамж болон үргэжлэх дэлхий нийтийн зорилтууд бөгөөд 4 дүгээр зорилт буюу боловсролын тухай заалтууд нь биеэ даасан шинжтэй, бусад зорилтуудаа дагуулан манлайлах чиг хандлагатай байна. Бусад 16 зорилтуудад хүрэхэд боловсрол яагаад чухал вэ гэдгийг олон улсын байгууллагуудын гаргасан судалгаа тайлангуудад үндэслэн НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөс гаргасан. Хамгийн их харилцан хамааралтай заалтууд нь боловсрол ба өсөлт (ТХЗ 8), боловсрол ба жендэр (ТХЗ 5) байгаа бөгөөд бусад зорилтууд болох эрчим хүч (ТХЗ 7), ус (ТХЗ 6), хотууд (ТХЗ 11), тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэл (ТХЗ 12), уур амьсгалын өөрчлөлт(ТХЗ 13)  зэрэгтэй шууд  хамааралтай хэмээн дүгнэжээ.

 

Ядуурлыг бууруулахад боловсрол ямар үүрэгтэйг жишээлэхэд:  Дэлхийн банк, ЮНЕСКО-с гаргасан тайлангуудад боловсрол эзэмшсэн хүмүүүсийн орлого үргэлж нэмэгдэхээс гадна ямар нэг төрлийн нийгмийн гэнэтийн асуудалд ул суурьтай хандаж даван гарах чадвар өндөр байдгийг тодорхойлжээ. Хэрэв дэлхийн бүх хүүхдүүд анхан шатны бичиг үсэг сурч чадвал 170 орчим сая хүн ядуурлаас гарах боломжтой гэсэн судалгаа гарсан байна. Энэ нь дэлхий нийтэд нүүрлээд буй ядуурлын хэмжээг 12 хувиар бууруулах боломжтой гэсэн үг юм. 

Манай улсыг тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн урт хугацааны үзэл баримтлалуудаа маш сайн боловсруулан ажиллаж байгаа гэж олон улсын мэргэжилтнүүд үнэлж байна. Монгол улсын Ногоон Хөгжлийн Бодлого, түүнд хүрэх үйл ажиллагааны төлөвлөгөө, ТХБ-ын бодлогын баримт бичиг зэргээс гадна бодит өөрчлөлт хийж богино хугацаанд үр дүнгээ харуулж эхэлсэн Тогтвортой хөгжлийн боловсрол төслийг нэрлэж болно. 
Тус төслийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Швейцарийн Засгийн газрыг төлөөлж Швейцарийн хөгжлийн агентлаг (SDC), хамтран санхүүжүүлж байгаа бөгөөд хэрэгжүүлэгч нэгжээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), Шведийн Упсала Их Сургууль (UU), Швейцарийн Боловсролын салбар дахь ОУ-ын Хамтын Ажиллагааны Хүрээлэн (IZB) ажиллаж байна.  

Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн зорилго нь ТХБ-ын үзэл санааг Монгол улсын ЕБС-ийн системд нэвтрүүлэх, Тогтвортой хөгжил ба ногоон хөгжлийн таатай (институцийн, эрх зүйн, зохион байгуулалтын) орчинг бүрдүүлэх юм. Төслийн эхний үе шат 2015 оны 01-р сараас 2017 оны 12 сарыг дуустал хэрэгжих ба үндсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулна. 

Бүрэлдэхүүн хэсэг 1:

ТХБ-ын үзэл санааг ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын хөтөлбөрт тусгаж, шинэчлэх зорилттой бөгөөд ерөнхий боловсролын салбарыг хамарч, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам болон боловсролын салбарын бусад байгууллагуудтай хамтран ажиллана.

Бүрэлдэхүүн хэсэг 2:

Олон нийт болон шийдвэр гаргагч нарт тогтвортой хөгжлийн боловсрол, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн тухай мэдээлэл, мэдлэг, үзэл санааг хүргэх ба төсөлд хамрагдсан аж ахуйн нэгж, компани, байгууллагуудад байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, ISO 14001 баталгаажуулалт хийлгэх зорилттой. Иймд, тус бүрэлдэхүүн хэсэг нь иргэд, олон нийт, хувийн хэвшил болон төрийн захиргааны байгууллага зэрэг илүү өргөн хүрээний зорилтот бүлгийг хамрах бөгөөд энэ чиглэлд Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам болон бусад байгууллагуудтай  хамтран ажиллана гэсэн байна. 

 

Тус төсөл хэрэгжиж эхлээд удаагүй ч гэлээ ТХБ-той холбоотой суурь судалгаануудыг амжилттай хийж, түүнээс гарсан үр дүндээ суурилан авах арга хэмжээ, ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. ТХБ-ын үзэл баримтлалд нийцсэн  сурах бичгүүд боловсруулан боловсрол, байгаль орчин бусад салбарын мэргэжилтнүүдийг ТХБ-ын чиглэлээр чадавхижуулах сургалтыг 2016 оны 6-р сарын байдлаар гэхэд 1,300 орчим хүнд хүргээд байна. 

Мөн Тогтвортой хөгжлийн боловсрол төслөөс БСШУЯ, БОАЖ-ын яамны төлөөллүүдийн бүрэлдэхүүнтэй сургалт мэдээллийн аяныг Швед улсад 2016 оны 4-р сард зохион байгуулсан юм. Тус төсөл Монгол улсад хэрэгжиж эхэлснээс жил гаруйн дараа ТХБ-ын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Упсала их сургуулийн кампуст төслийн хүрээнд хийсэн ажлуудаа танилцуулан, Ази Номхон далайн бүс нутгийн бусад орнуудын  ТХБ-ын туршлагуудтай харьцуулан, харилцан санал шийдлээ солилцох томоохон завшаан олдсон нь энэ юм. 

10 хоногийн турш дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч Швед улсад суралцах аялалд явахдаа Тогтвортой хөгжлийг гол чиглэлээ болгон ажилладаг ЮНЕСКО-ын консул, Шведийн Сангийн Яам, Шведийн Үндэсний Боловсролын Газар, Байгаль Орчны Хүрээлэн, SWEDESD зэрэг байгууллагуудаар зочилж эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдээр онол, практикийн хичээлүүд заалгав. Улс төрийн ухаалаг шийдвэр гаргалт, хөрөнгө оруулалт, технологийн дэвшил, боловсролын тухай асуудлуудад анхаарахгүйгээр тогтвортой хөгжилд хүрэх боломжгүй юм. Тиймдээ шийдвэр гаргах түвшнийхээ сургалт мэдээллийн аянд биечлэн оролцож туршлагаа хуваалцсан нь төслийн дараа дараагийн ажлуудад бодитой үр дүн үзүүлсэн. 

Сургалтын үеэр яамнуудын төлөөллүүд батлагдсан гарсан бодлогын баримт бичиг маш сайн боловсруулсан ч гэлээ газар дээрээ хэрэгжүүлэх алхмууд нь чухал юм  байна гэдгийг онцоллоо. Боловсролын салбарын тэн хагасыг дүүргэдэг ЕБС-уудын хичээлийн хөтөлбөр, сурах бичгийн агуулгад ТХБ-ын үзэл санаа сайтар суусан боловч хичээл явагдах арга барил буюу ардчилсан, оролцооны аргаар заах, сургуулийн орчин гэх мэт асуудлууд дутмаг байгааг Шведийн туршлагатай харьцуулахад тод харж болохоор байна гэлээ. 

Сургалт мэдээллийн аянд хамрагдах үедээ сургуулийн үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт, Натур сургуулийн үйл ажиллагаа, сурагчид болон орон нутгийн захиргааны хамтын ажиллагаа, хамтран шийдвэр гаргах үйл явц зэргээс харахад ТХБ амжилттай хэрэгжсэний гол үр дүн нь хүүхдүүдийн үйлдэл хандлагаас шууд харагддаг нь мэдрэгдсэн юм.

Шведийн ТХ-ын бодлого салбар бүрт туссан байдаг бөгөөд боловсролоор дамжуулан бусад 16 зорилтдоо хурдан хугацаанд хүрэх боломжтой гэдэг дээр санал нэгддэг тухай Сангийн яамны төлөөлөлтэй уулзах үед хэлэв. Яам бүрт ТХ-ын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд томилогдон төсөв, гүйцэтгэлээ хянан ажилладаг байна. ТХБ-ын чиглэлээр хийгдэж буй ажлууд нь боловсролын салбарт шат бүртээ амжилттай тусаж багш нараа 21-р зууны харилцаа холбоонд тулгуурласан, хамтран ажиллах чадвар бүхий, бүтээлч багш болгон хөгжүүлж чаджээ.  Иймээс сургалтын арга барил, хичээлийн хөтөлбөрүүд ч цогцоороо өөрчлөгдөж хичээл заах явц багшаас шууд хамааралтай дээрээс доош чиглэлтэй бус харин сурагчдаас ирэх санал, асуултууд илүү ач холбогдолтой болж ирсэн байна.

Шведийн Үндэсний Боловсролын Газарт хийсэн уулзалтын үеэр дэлхийн нийтээрээ зориод байгаа “Чанартай боловсрол” гэдгийг хэрхэн ойлгох тухай ярилцав. Энэ нь : 

  • Сурагчдад дэлхийн хэмжээний бодит асуудлуудын тухай чөлөөтэй асуулт асууж, түүндээ шүүмжлэлтэй хандах чадварт сургах
  • Аливаа асуудлыг бүтээлчээр шийдэж, бие даасан байр суурьтай болоход нь туслах 
  • Хүнлэг энэрэнгүй, хүлээцтэй тэвчээртэй нэгэн болоход нь туслах
  • Хүүхдүүдэд аливаа асуудлыг жижгээс том, орон нутгийн хэмжээнээс олон улсын хэмжээнд харж, харилцан харьцуулалт хийж, дүгнэн ярилцах чадварт сургах
  • Хүүхдийн өөрийнх нь цор  ганц хосгүй чанар, авъяас чадвараа хөгжүүлэх, түүнийгээ бусдад дэлгэн харуулах эрмэлзэлтэй болгох 
  • Өөртөө итгэлтэй, үзэл бодлоо хүссэн үедээ итгэлтэй илэрхийлдэг болгох 
  • Аливааг хийж сурах нь мэддэг байхаас илүү дээр юм шүү гэдэг ойлголтыг амьдралд нь хэвшүүлэх зэрэг юм.

Яг энэ хандлага, үзэл бодлыг хэвшүүлэх алхмуудыг Монгол улсад хэрэгжиж буй ТХБ төсөл шат шатаар нь авч хэрэгжүүлж байна. Юун түрүүнд ТХБ-ын үзэл баримтлалд нийцүүлэн ЕБС-н сурах бичиг, сургалтын хөтөлбөр, стандартуудыг шинэчлэв. Үүний дагуу 2015-2016 онуудад 40 мянга орчим ЕБС-ын багш сурган хүмүүжүүлэгч нарт сургалт хичээл зааж тэдний хандлага, заах арга барилыг ТХБ-ын үзэл баримтлалтай уялдуулав. Олон удаагийн сургалт хичээлүүдийн дараа сурагчид өөрсдөө санаачлан төрөл бүрийн аян, сургууль доторх клубууд байгуулж эхэлсэн бөгөөд Хоггүй сургууль эко орчин, Бидний хүсэж буй ирээдүй гэх мэт хөдөлгөөн санаачлан сургуулийн удирдлагууд, орон нутгийн захиргааныхантайгаа хамтран ажиллаж эхэлжээ.

Ийнхүү хүүхдүүдийг багаас нь чанартай боловсролоор хангаж насан туршид нь суралцах, бүтээлч байх чадвар суулгаснаар иргэдийн улс төрийн оролцоо сайжрах, нэг хүнд ноогдох ДНБ урт хугацаандаа нэмэгдэх, хүн амын эрүүл мэнд сайжрах, хүнс тэжээлийн чанар дээшлэх, байгальд улам ээлтэй болж эерэг хандлагуудыг хэвшүүлэх зэрэг үргэлж эерэг үр дүн авчирдаг байна. 

Хүүхдүүдийнхээ боловсролын тухай үнэлэмжийг бид өөрчлөх цаг болсон гэдгийг дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч орнуудын боловсролын заах арга барил, багш эцэг эхчүүдийн оролцооноос харж болохоор байна. Манай оронд сайн дүн авахад л сайхан амьдарна гэдэг ойлголт одоог хүртэл хүүхдүүдийн, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн хандлагаас илэрч байгааг үгүйсгэхгүй. Харин ТХБ-ын нөлөөгөөр тухайн хүүхэд илүү том цараатай сэтгэж, зөвхөн өөрийн бус дэлхийн хэмжээний асуудлуудад өөрийн байр сууриа илэрхийлэх, түүнийг шийдвэрлэх арга замыг санал болгож бодит шийдэл дэвшүүлэх, зөвхөн ганцаараа сайн сайхан амьдрах тухайд биш нийгмээрээ, бүгдээрээ хэрхэн сайн сайхан амьдрах тухай ухаанаа зардаг болох юм. Үүнийг л 21-р зууны боловсрол, ирээдүй үеийнхний маань хандлага гэж хардаг болох шаардлага тулгараад байгаа юм. Манай улс боловсролын салбартаа эдгээр алхмуудыг маш системтэйгээр суулган идэвхитэй урагшилж байгаа. 

Хүний хөгжлийг индексээрээ дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг Швед улсыг Монгол улстай харьцуулах биш, бидэнд буй нөөц бололцоо, соёлоороо дамжуулан хүүхдүүдийнхээ сэтгэлгээ боловсролд маш үнэтэй хөрөнгө оруулалт хийж хурдан хөгжих бололцоо хөшүүрэг нь бидэнд байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

Технологийн өндөр хөгжил хүүхдүүдийг заримдаа эцэг эхээсээ, багш нараасаа ч илүү хурдан мэдээлэл авч, хариу үйлдэл үзүүлэх боломж олгож байгаа тул бид өөрсдөө тэднээс хоцрохгүй зөв чигт нь залж өгөх, байнга сонсогч байж цаг үеэ даган дасах зохицох үүрэг хүлээх нь. Тогтвортой хөгжлийн боловсрол нь уламжлалт боловсролоос хандлагын өөрчлөлтөөр дамжуулан эерэг үнэлэмж бий болгож өөрийн оролцоогоороо нийгэмдээ үр нөлөө үзүүлэгчдийг төрүүлдэгээрээ ялгардаг байна. 

Э.ЗОЛЗАЯА 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.