Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Төгсбилэгт: Сайхан мэргэжил өвлүүлж үлдээсэн аавдаа баярлаж явдаг

Н.Батзаяа, Монголын мэдээ
2016 оны 11 сарын 2
Монголын мэдээ
Зураг зураг

Өвлийн тэргүүн сар айлчилж, хүйтний эрч чангарсан их хотын нэгэн үдэш Улсын Драмын Эрдмийн театрыг зорив. Тун удахгүй үзэгчдийн хүртээл болох их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэн бүтээж буй “Жаргаагүй нар” жүжигт бидний сэтгэл зүрхэнд “Ирж яваа цаг”, “Говийн зэрэглээ” зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ мөнхөрсөн жүжигчин Цэвээнравдангийн хүү тоглож байгаа гэх мэдээлэл сонирхолыг минь татаж театрыг зорьсон учир энэ. Сэтгэлд мөнхөрсөн “Ангийн байцаагч”-ийн хүү Төгсбилэгттэй уулзаж, түүний амьдрал, уран бүтээлийн талаар цөөн хором ярилцлаа.
 
-Монголын ард түмэн Цэвээнравдан хэмээх жүжигчинг андахгүй мэднэ. “Ирж яваа цаг”, "Говийн зэрэглээ” “Ингэх гээд байсан юм”, “Би чамд хайртай” зэрэг кинонд бүтээсэн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үргэлж амьд байдаг. Харин энэ агуу хүний үр удам аавынхаа мэргэжлийг өвлөн Драмын театрт жүжигчнээр ажиллаж байгааг хараахан мэдээгүй байгаа болов уу.  Жүжигчдийн дунд босго өндөртэй гэгддэг Драмын театрт орох болсон тухайгаас ярилцлагаа эхэлье?

-Би Улсын Драмын Эрдмийн театрын театр студын жүжигчнээр ажиллаад жил гаруй болж байна. Анх 2015 онд Драмын театрын театр студын жүжигчний шалгалт өгөөд тэнцэж, энэ их том айлын нэгэн гишүүн нь болох боломж надад олдсон. Аавынхаа ажиллаж байсан газарт хамт ажиллаж байсан найз нөхөд болон Монголын театрын урлагийн үе үеийн агуу зүтгэлтнүүдтэй  ажиллах болсондоо маш их баярлаж, нэр төрийн хэрэг гэж бодож явдаг. 

-Урлагийн гэр бүлд төрсөн хүүхэд урлагийн хүн болдог гэж ярьдаг. Таны хувьд яагаад жүжигчний мэргэжлийг сонгох болов. Магадгүй аавын тань нөлөө байв уу?

-Тийм. Би хүүхэд байхаасаа л жүжигчин болохыг  хүсч, мөрөөддөг байлаа. Урлагийн замыг тэр дундаа жүжигчний мэргэжлийг сонгоход аав минь нөлөөлсөн. Харамсалтай нь миний аав намайг хоёр ой гарантай байхад бурхан болсон. Гэхдээ аав минь өөрөө байхгүй ч түүний бүтээсэн дүр, тоглосон киног нь үзэхэд яг л миний дэргэд байгаа юм шиг санагддаг.

Тэр нь ч надад их нөлөө үзүүлсэн. Өөрөө ч гэсэн намайг жүжигчин болгоно гэж ээжид хэлдэг байсан юм билээ. Энэ бүхэн эргэлт буцалтгүй жүжигчин мэргэжлийг сонгох шалтгаан болсон. Би арван жилд байхдаа ямар нэгэн жүжигчний дугуйланд явж байгаагүй.

Ээж минь надад “Хэрвээ ямар нэгэн сургалт дамжаанд явчихбал хэв загварт баригдчихна. Сурах зүйл байвал мэргэжлийн газар нь очоод сур” гэж зөвлөдөг. Ээжийнхээ зөвлөгөөг дагаад арван жилдээ математикийн сонгоны ангид сурч, урлагийн үзлэгтээ оролцоод л явдаг байсан.

Зарим хүүхдүүд драмын дугуйланд хүртэл явдаг шүү дээ. Миний хувьд тийм байгаагүй. Нэг л их урлагт хайртай, жүжигчин болох гэгээн хүсэл мөрөөдөлтэй л хүүхэд явдаг байсан. Хүүхэд насны хүсэл мөрөөдөл болоод аавынхаа энэ сайхан мэргэжлийг өвлөн авахын тулд жүжигчнээр суралцсан.
 
Би нэг хүнд их баярлаж явдаг. Найдангийн Ганхуяг багш бол миний аавын дотнын сайн найз, СГЗ Н.Ганхуяг багш аавын минь өмнөөс намайг хөтөлж  урлагийн сургуульд оруулж өгч байлаа. Багшдаа баярлалаа гэж хэлмээр байна. Би ер нь их азтай хүн. Олон сайхан хүмүүсээс номын дуу сонссон.

Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж багшийн шавь болсондоо өөрийгөө маш их азтай хүн гэж бодож, багшаараа бахархаж явдаг. Тэр гайхалтай хүний шавь болсондоо баярладаг. Их сургуулиа 2013 онд төгссөнийхөө дараа Хүүхэд залуучуудын “Гацуурхан” театрт хоёр жил ажиллаж хамт олноосоо их зүйлийг сурч авсан. Ер нь л багаасаа л жүжигчин болохыг хүсдэг. Одоо ч миний сэтгэл зүрхэнд тэр гэгээн хүсэл, мөрөөдөл минь оргилж байна. Учир нь жүжигчин хүн алхам бүрээсээ суралцаж явдаг. Тиймээс өөрийгөө үргэлж хөгжүүлэхийг хичээдэг. 

-Хүүхэд залуучуудын “Гацуурхан” театраас ажлынхаа гарааг эхэлж байсан гэлээ. Анхнаасаа театрт орох бодолтой байсан уу?

-Их сургуульд ороод хичээлийг нь судлаад ирэхээр жүжигчин гэдэг мэргэжлийн талаар илүү их ойлголттой болсон. Мэргэжлийнхээ үнэ цэнийг зах зухаас нь мэдэрч эхэлсэн. Хоёрдугаар курст байхад театрын урлагийн талаар мэргэжлийн хичээлүүд ордог. Тэндээс л өөрийгөө олсон гэж ойлгож болно.

Хичээлийнхээ хүрээнд оюутнууд жүжгийн хэсгээс тавьдаг юм. Тухайн үед хичээлийнхээ дагуу дүр аваад, түүн дээрээ ажиллаад ирэхээр надад их сайхан санагдсан. Театр л миний байх газар юм байна гэж бодсон. Театрын урлаг их сайхан. Жүжигчнээс их чадвар, хичээл зүтгэл шаарддаг. Мөн жүжигчин хүнийг байнга хөгжүүлдэг хамгийн амьд урлаг. Тиймээс  би театрын урлагийг сонгосон. Ер нь миний мөрөөдөл байсан гэж ойлгож болно.

-Энэ жил Драмын театрын 85 жилийн ойн баяр тохиож байна. Энэ хүрээнд их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” жүжгийг тавьж байгаа. Залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлсэн энэ жүжиг үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгээд байна. Таныг энэ жүжигт тоглож байгаа гэсэн?

-Улсын Драмын Эрдмийн театр үүсч хөгжсөний 85 жилийн ой, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ жил их онцлогтой жил болж байгаа юм. Манай театрын хувьд давхар баяр тохиож байна. Энэ хүрээнд драмын театраас их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” хэмээх жүжгийн зохиолыг МУСГЗ Ш.Гүрбазар гуай бичиж, СТА найруулагч Түвшин найруулан үзэгчдэдээ хүргэхээр болсон.  

Энэ жүжигт тоглох аз завшаан надад тохиосонд их баяртай байна. Ер нь найруулагчид тэр бүр залуу уран бүтээлчид итгэж дүр оноохгүй шүү дээ. Залуу жүжигчинд дүр өгнө гэдэг нь тухайн найруулагч итгэл хүлээлгэж байна л гэсэн үг.  Тиймээс Ч.Түвшин багш надад итгэж, намайг тоож Содов гэдэг хүний дүрийг өгсөн юм болов уу гэж боддог. Энэ итгэлийг алдахгүйн төлөө дүр дээрээ хичээж ажиллаж байна. 

-Содов гэж хүн хэн байв. Дүрийнхээ онцлогийн талаар ярихгүй юу?

-Зан чанарын хувьд гэвэл хааяа архи уучихдаг, халаад ирэхээрээ зодоон хийчихдэг сэргэлэн одоогоор бол хулигаан нэгэн гэж ойлгож болно. Жүжгийн сүүлээр зүүнтэн болж нийгмийн ороо бусгай үед чоно борооноор гэдэг шиг албан тушаал, эрх мэдэлтэй болж, мунхаг харанхуй бүдүүлэг нэгэн Нацагдорж хэмээх соён гэгээрүүлэгч, суут хүнийг доромжлон, басамжилж байгаагаар гардаг л даа.

Ер нь хүний үзэл санаа хэт туйлширч хэтрэхээрээ тэнэглэл болдог гэдгийн л нэг илрэл нь Содов. Одоо ч гэсэн Содов шиг хүмүүс манай нийгэмд байгаа шүү дээ.

-Сайн эцэг, эхтэй байх сайхан ч хариуцлага гэж зүйл үргэлж дагаж байдаг. Хүн бүр л сайн хүний хүүхэд сайн явах ёстой гэж илүү ихийг шаарддаг шүү дээ. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Хүн бүр ээж, ааваараа бахархаж, тэднийхээ нэрийг өндөрт гаргаж явахыг хичээдэг. Хэн ч муугаар дуурсгаж явахыг хүсэхгүй. Аль болох аав ээжийн нэрийг өндөрт өргөж, сайн хүн, сайн уран бүтээлч болох юмсан гэж боддог. Одоогоор өөрийнхөө бодож, санасан хэмжээнд хүрээгүй л байна.

Гэсэн ч эцэг, эхийнхээ итгэлийг нь алдалгүй баярлуулахын тулд илүү их хичээх болно. Аав минь ард түмний сэтгэлд хоногшсон мундаг жүжигчин учраас бүгд л намайг харна шүү дээ. Тийм болохоор аав, ээжийнхээ нэрийг сэвтээхгүй өндөрт өргөж хүн шиг хүн л явах ёстой гэж бодож, санадаг.

-Зарим хүмүүс эцэг, эхийнхээ нэрээр олонд танигдмааргүй байна. Өөрийнхөө хүч хөдөлмөрөөр ажилламаар байна гэдэг?

-Энэ хорвоод хүн бүр л өөрийнхөө ертөнцийг бүтээж амьдардаг. Ажил дээр ч, амьдрал дээр ч харилцаанд орох бүртээ л өөрийгөө бусдад таниулж байдаг.  Аав, ээжийнхээ нэрийг үргэлж ашиглаад байж болохгүй шүү дээ. Харин ч аав, ээжийнхээ нэр алдрыг өндөрт өргөхийн тулд өөрийгөө хөгжүүлж, өөрийнхөө чадлаар явах хэрэгтэй.

Тиймээс эцэг, эхийнхээ нэрийг урдаа барих гээд байдаггүй. Аль болох бага туслалцаа авахыг эрмэлздэг. Урлагт арын хаалга гэж байдаггүй шүү дээ. Тайзан дээр гарах мөчид миний өмнөөс өөр хэн нэгэн гарахгүй. Би л гарна. Тэр үед хүмүүс “Өө энэ хүүхэд чинь дүр дээрээ ингэж ажилласан байна шүү” гэдгийг л харна.

Тэгж харуулахыг ч хүсдэг.  Харин би дүр дээрээ сайн ажилласан байвал “Энэ чинь манай Цэвээнравдангийн хүүхэд шүү дээ” гэж ярина. Аливааг хийхдээ эцэг, эхийнхээ нэр ашиглах биш хийсэн бүтээсэн ажлаараа нэрийг нь сайнаар дуурсгаж явах л чухал.

-Цэвээнравдан гуай аливаа зүйлийг их бичиж тэмдэглэдэг байсан гэж сонссон.  Тэр зүйлсээс нь ажилдаа ашигладаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Найдангийн Ганхуяг багшийн амьдрал, уран бүтээлийн дурсамжаар бичсэн ном байдаг. Тэр номон дээр аавын минь бичсэн шүлэг бий. Шүлгүүдийг нь их уншина. Мөн өөрийнх нь бор тэмдэглэлийн  дэвтэр байдаг юм. Дүр дээр хэрхэн ажиллаж байсан, ямар туршлага олсон, өөрт нь онц содон санагдсан зүйлсээ орос, монгол хэлээр бичсэн. Тэр дэвтэр дээр бичиж үлдээсэн зүйлсийг уншиж, судалдаг. 

-Яаж ажилладаг байсан байна. Дэвтэр дээрээ юу бичсэн байна вэ?

-Аав минь гол нь жүжигчин хүн аливаа дүрийг өөрөөрөө мэдэрч дамжуулах ёстой гэж баримталдаг байсан байх. Мөн дүр дээрээ их эрэл хайгуул хийдэг байсан юм болов уу гэж санагдсан. Тэр дэвтэр дээрх нэг тэмдэглэл нь надад маш их таалагдсан. Жүжигчин хүн өөрийгөө тоогоод эхлэх юм бол жинхэнэ жүжигчин биш болно гэж тэмдэглэж үлдээсэн байдаг.

Тэр үгийг би үргэлж бодож явдаг. Аавын минь багш хэлсэн үү,  өөрөө бодсон уу гэдгийг мэдэхгүй л дээ. Гэхдээ тэмдэглэсэн байхыг бодоход аавын сэтгэлд их хүрсэн шиг байгаа юм. Залуу жүжигчдэд сургамжтай их сайхан үг. 

-Ер нь та аавынхаа бор дэвтрээс салахгүй биз?

-Заримдаа жоохон төөрөгдөлд орсон  ч юм уу,  дүр дээр ажиллаж байгаад яах вэ гэсэн үедээ гаргаж, хардаг. Ер нь уншиж суухад их сайхан санагддаг. Аав монголоор бичиж байснаа гэнэт оросоор биччихсэн байдаг.

Зураг