Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

С.Шүрэн-Эрдэнэ: Эцэг эхчүүд “Хүүхэд харах үйлчилгээ”-г үргэлжлээсэй гэж хүсэж байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 11 сарын 1
iKon.MN
 

Хүүхэд харах үйлчилгээ” эрхлэгчдийн Нэгдсэн зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. УИХ-аас 2017 оны төсвийн төсөлд хүүхэд харах үйлчилгээний хэрэгжилтийг 2021 он болтол хойшлуулж, санхүүжилтийг нь зогсоогоод байна. Үүнийг эдийн засгийн хүндрэлтэй холбон тайлбарлаж буй. Учир нь улсын, хувийн цэцэрлэг гэлтгүй нэг хүүхдэд сар бүр урсах зардлын 113,000 төгрөгийг төсөвлөх ёстой байдаг.

Монгол Улс даяар 437 хүүхэд харах үйлчилгээний төвд 6,353 хүүхэд хүмүүжиж байгаа ажээ. Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй хүмүүс энэ асуудалтай холбоотойгоор Төрийн өндөрлөгүүд, УИХ, салбарын яамандаа өнөөдөр шаардлага хүргүүлж байна. Тэдний шаардлагад дурдсанаар Хүүхэд харах үйлчилгээг зогсоосны үр дүнд:

  • 6,353 хүүхэд хаачих вэ
  • 6,000 гэр бүлийн хөдөлмөр эрхлэх боломж, нийгмийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ
  • 1,024 хүүхэд харагч нарын ажлын байрыг хэрхэн шийдэх вэ
  • Стандартын дагуу тохижуулсан “Хүүхэд харах үйлчилгээ”-ний 437, түүний тохижилт үйлчилгээний зардлыг хэрхэн нөхөн олгох вэ гэдэг асуудал тулгараад байгаа юм байна.

“Хүүхэд харах үйлчилгээ” эрхлэгчдийн Нэгдсэн зөвлөлөөс эхний ээлжинд 2017 оны төсөвт хүүхдүүдийн хувьсах зардал болох 5 тэрбум төгрөгийг тусгахыг шаардаж буйг ажлын хэсгийн гишүүн Б.Мягмардорж мэдээллээ. Мөн тэрбээр Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг эдийн засгийн хямралтай энэ цаг үед нүдээ олсон, зөв хууль болсон гэдгийг сануулсан юм.

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид шаардлагын хариуг 36 цагийн дотор өгөхгүй бол 2016 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв.

Мөн тэдний зүгээс цэцэрлэгт сугалаагаар орсон хүүхдүүд төсвөөс урсах зардлынхаа мөнгийг тусгуулж авч байхад сугалаанд хожиж чадаагүй хүүхдүүд яагаад урсах зардлын мөнгөө авч, эрхээ эдэлж чадахгүй байгаа асуудлыг дэвшүүлэн тавьж байлаа.

 “хүүхдүүдэд аюулгүй, тохилог орчин бүрдүүлэхийн тулд 4 сая орчим төгрөг зарцуулсан”

 

Бид хэвлэлийн хурлын үеэр Баянзүрх дүүрэгт Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч С.Шүрэн-Эрдэнэтэй товч ярилцлаа.

-Та хэзээнээс “Хүүхэд харах үйлчилгээний төв” байгуулж, үйл ажиллагаагаа жигдрүүлээд явсан бэ. Анхны хөрөнгө оруулалтынхаа тухай мэдээлэл өгөөч?

-Миний хувьд  2016 оны дөрөвдүгээр сарын 15-наас Хүүхэд харах үйлчилгээний төвөө нээж ажиллуулсан. Манай үйл ажиллагаа өдийг хүртэл амжилттай явагдаж байна.

Надад хувийн орон сууц байсан учраас түүнийгээ тохижуулж, хүүхдүүдэд аюулгүй, тохилог орчин бүрдүүлэхийн тулд 4 сая орчим төгрөг зарцуулсан.

-Журам дээр айлын гэрт хүүхэд харахгүй гэсэн байгаа. Та байрныхаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Манайх айлын гэр биш. Нийт 87.5 м.кв хэмжээтэй гурван өрөө байраа зөвхөн Хүүхэд харах үйлчилгээнд зориулж байгаа. Нийт 15 хүүхэдтэй. Бид хүүхдүүдээ өглөө 08:00 цагаас оройн 08:00 цаг хүртэл хардаг.

-Та яагаад энэ төрлийн үйлчилгээг эрхэлье гэж шийдсэн юм бэ?

-Миний хувьд гэртээ хоёр хүүхдээ хардаг байсан. Зөвхөн нөхрийнхөө цалингаар л амьдарч байлаа. Би СӨБ-ын чиглэлээр сурч, цаашид ажиллах хүсэл сонирхолтой. Гэтэл улсаас ийм төрлийн үйлчилгээ явуулах боломжийг олгосон учраас би шаардлагатай сургалтад нь хамрагдаад Хүүхэд харах үйлчилгээний төвөө байгуулан ажиллуулж байна.

-Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн санхүүжилтийг зогсоосонтой холбоотойгоор эцэг эхчүүд ямар санал, сэтгэгдэлтэй байна?

-Эцэг эхчүүд бүгдээрээ Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхийг хүсэж байгаа. Бид сардаа нэг хүүхдээс 69 мянган төгрөгийн төлбөр авдаг. Энэ нь хямд, боломжийн үнэ учраас эцэг эхчүүдэд их таалагддаг. 

Уг үйлчилгээг эрхлэгч бид ч гэсэн ажилдаа сэтгэл хангалуун байдаг. Учир нь хүүхэд гэдэг ямар гоё энергитэй билээ. Тиймээс бид Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлээсэй гэж маш их хүсэж байгаа.