Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Би паралимпийг маш их дэмжиж, төрөөс аль болох боломжтой дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж боддог

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бразилийн Рио де Жанейро хотод 2016 оны 9 дүгээр сард болсон паралимпийн наадамд оролцсон Монголын баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзав.

Бразилийн Рио де Жанейрод болсон паралимпийн наадамд Монголын тамирчид таван төрлөөр найман эрх авч 18 тамирчин, 6 дасгалжуулагч, нэг эмч, 3 сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй явсан байна. Нийт 162 орны тамирчид оролцсон уг наадмаас Монголын тамирчид 2 хүрэл меаль авч 75 дугаар байрт оржээ.

Жудо бөхийн 65 кг-ийн жинд Б.Ууганхүү, хүндийг өргөлтөөр 88 кг-ийн жинд Содномпилжээ нар тус тус хүрэл медалийн эзэн болсон. Тамирчин Цогтгэрэл бөөрөнцөг түлхэлтийн Азийн аваргыг 2 удаа эвдсэн байна. Байт харваачид багаараа 4 дүгээр байрт шалгарчээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Манай паралимпийн тамирчид олимпдоо маш амжилттай оролцож, улс орныхоо нэр төрийг олимпийн дэвжээнд гаргаад ирсэнд туйлын баяртай байна. Олуулаа, өргөн бүрэлдэхүүнээр, нэлээд олон төрөлд оролцсон нь Монголын паралимпийн тамирчид, дасгалжуулагчид, хамтарч ажилладаг нийт багийнхны өндөр амжилт юм гэж харж байна.

Цаашдаа улам их амжилт гаргах байх гэж найдаж байна. Та бүхэнтэйгээ уулзая гэж бодсон. Паралимпийг бүх улс орон идэвхтэй дэмждэг. Түүний дотор Монгол Улс их идэвхтэй дэмждэг орон юм. Би хувьдаа үүнийг маш их дэмжиж, төрөөс аль болох боломжтой дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж боддог. Тэр санал бодлоо та бүхэнд илэрхийлье.

Сайн яваад ирсэнд их баярлалаа. Та бүхэнтэй олон хүн уулзаж баяр хүргэж, ярилцаж байгаа байх. Та бүхэнтэй өнөөдөр уулзаж баяр хүргэе гэж би бодсон юм. Спортын улам өндөр амжилт хүсье.

Та бүхний баг, хамт олон, ойр дотнын хүмүүс, гэр бүлийнхэн, хамтарч ажилладаг бүх хүнд миний халуун дотно мэндийг дамжуулаарай. Та бүхэнд гүн талархаж байгаа гэдгийг минь хэлээрэй. Их баярлалаа” гэлээ.

Уулзалтын дараа тамирчид, дасгалжуулагчид Монгол Улсын Ерөнхийлөгчтэй дурсгалын зураг татуулав.

Зураг
13 | 12 | 12 цаг