Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сураг тасарсан сурах бичиг

Г.Сайнзаяа, Засгийн газрын мэдээ
2016 оны 10 сарын 3
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

“Гэрийн даалгавраа хийгээч” гэтэл өөдөөс “Ном байхгүй. Ангийн хүүхдээс асуусан, хариу өгөхгүй байна” гэв. 12 настай дүүгийн маань хариулт. Өөр олон эцэг, эхээс сурах бичиг олддоггүй гэсэн гомдол сонсогддог.

Зарим нь “Гадуур 15-20 мянган төгрөгөөр худалдаж байна лээ. Үнэтэй ч хамаагүй аваад өгье гэхээр олдохгүй юм” гэлцэнэ. Тиймээс бид “сураггүй” болоод буй сурах бичгийн мөрөөр хайгуул хийлээ.

Эхний зогсоол, Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр дунд сургууль. Номын санч О.Ган-чимэгтэй уулзаж байх зуур бага ангийн хүүхдүүд төрөл бүрийн үлгэрийн ном авахаар дугаарлаж, асууж, шалгаан бид хоёрыг тайван суулгаагүй нь өхөөрдмөөр.

О.Ганчимэг “Сурах бичгийн хүрэлцээ их муу. Сургуулийн зүгээс сурах бичиг худалдаж авах боломжгүй хүүхдийн тоог БСШУСЯ-нд гаргаж өгдөг. Харин яамны зүгээс нийт сурагчдын 40 хувь буюу, зорилтот бүлгийнхэнд сурах бичиг тараадаг” хэмээв.

Технологийн хичээлийн багш Д .Баясгалан “Технологийн хичээлийн ном гэхэд л 28 хүүхэдтэй ангид 2-3 ирэх жишээтэй. Би өөрийнхөө номыг өгч явуулаад боломжоороо тусалдаг. Хүүхдүүд сурах бичиггүй, гэрийн даалгавраа хийхгүй, нэгнээсээ хуулсан, хойшлуулсан асуудал заримдаа гардаг л юм” гэлээ.

Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн 9Б ангийн сурагч Ц.Базар түүх, математик, геометрийн ном хамгийн ховор байдаг. Зарим нь их үнэтэй болохоор худалдаж авах боломжгүй байдгаа хэлсэн. Тэрбээр “Ангийнхаа камертай гар утастай хүүхдүүдээс гэрийн даалгаврын зургийг нь дараад явуулахыг гуйдаг.

Гол асуудал нь олдоц муу, олдсон хэд нь 15-20 мянган төгрөгийн үнэтэй байгаад оршино.

Гэхдээ гар утаснаас гэрийн даалгавраа хийхэд түвэгтэй, хааяа шөнө хүртэл суудаг юм. Интернет, эсвэл ухаалаг гар утасгүй хүүхдүүд бол сургууль дээр гэрийн даалгавраа хуулж аваад, хийгээд харьдаг даа” гэв.

Зорилтот бүлгийн 40 хувьд багтаагүй сурагчид номоо өөрсдөө худалдаж авах ёстой. Яамны зүгээс үнэгүй сурах бичиг тараах үндэслэл байхгүй. Г эхдээ нэг сурах бичиг дунджаар 2500 төгрөг байдаг нь харьцангуй хямд үнэ ажээ.

Гол асуудал нь олдоц муу, олдсон хэд нь 15-20 мянган төгрөгийн үнэтэй байгаад оршино. Сурах бичгийг худалдах дээд үнийг БСШУСЯ-наас тогтоодог.

Үүний сацуу, тендер зарлаж, хэвлэх үйлдвэрүүдэд тухайн жилд сурах бичиг үйлдвэрлэх, борлуулах эрх олгодог аж. 2015-2016 оны хичээлийн жилд гэхэд л “Адмон”, “Таван Богд”, “Битпресс”, “Эдмаркет”, “Тэнгэрлэг үсэг”, “Өнгөт хэвлэл”, “Мөнхийн Үсэг”, “Соёмбо”, “Содпресс”, “Сэлэнгэ пресс”, “Би Си Ай” гэсэн 11 компани тус эрхийг авсан.

Тэд 65 орчим номын дэлгүүр, албан ёсны төлөөлөгч, жижиглэнгийн цэгт сурах бичиг борлуулж байгаа юм. БСШУСЯ-ны албан ёсны цахим хуудаст хэддүгээр ангийн, ямар хичээлийн сурах бичгийг аль компани хэвлэсэн, түүнийг борлуулах цэг, хувь хүн болон тэдний утасны дугаар, мөн тухайн номыг борлуулах дээд үнийн талаар тодорхой мэдээлэл гаргажээ.

Эцэг, эхчүүд энэ мэт зарлал, жагсаалтыг судалж, түүний дагуу сурах бичгээ хайвал олдох нь хялбар болохыг БСШУСЯ-ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн мэргэжилтэн Р.Балжинням хэлэв.

Гэвч өөр нэг асуудал бий. Дээр дурдсан эрх бүхий компаниуд эдийн засгийн эрсдэлээ тооцож, сурах бичгийг хангалттай хэвлэдэггүй. Өмнө нь БСШУСЯ-нд хэвлүүлсэн сурах бичиг зарагдахгүй байна гэсэн гомдол ч компаниудаас ирж байжээ. Р.Балжинням “Социализмын үед л улсаас бүх зүйлийг дааж, номыг нь тараадаг байсан.

Эцэг, эхчүүд улсын сургууль юм чинь сурах бичгээр хангах ёстой гэж ташаа ойлгодог. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш компани, яам, сургууль гээд бүгд л тус, тусын хүлээсэн үүрэгтэй болсон” гэв.

65 орчим номын дэлгүүр, албан ёсны төлөөлөгч, жижиглэнгийн цэгт сурах бичиг борлуулж байгаа юм. 

Хэн ямар үүрэг хүлээсэн тухай товч дурдъя. БСШУСЯ-наас сурах бичгийн дээд үнийг тогтоож, тодорхой хувь компанид тухайн жилийн сурах бичгийг хэвлэх эрх тендерээр олгодог. Харин хэвлэлийн компаниуд дунд, ахлах ангийн сурагчдын нийт тоо, тэднээс хэд нь сурах бичиг худалдан авах боломжтой зэргийг судалж, түүнийхээ дагуу сурах бичгийг тоо ёсоор хэвлүүлэх үүрэгтэй.

Эцэг, эхчүүд цаг тухайд нь мэдээлэл авч, ченжүүдээс өрсөн сурах бичгээ худалдаж авах хэрэгтэй. Сургууль шаардлагатай тохиолдолд сурах бичиг худалдаж авах санхүүгийн боломжтой хүүхдүүдийн эцэг, эх болон хэвлэх үйлдвэртэй гурвалсан гэрээ хийж, тоо ёсоор захиалга өгч болно.

Гэвч хэвлүүлсэн сурах бичиг нь зарагдахгүй бол сургууль эргээд өрөнд орох эрсдэлтэйг мэргэжилтнүүд хэлсэн юм. Яаж ч болдоггүй нэг асуудал бий аж. Дээр ченжүүдээс өрсөх хэрэгтэй гэснийг та анзаарав уу. Эл асуудал нэг үе яамныхны толгойны өвчин болоод байжээ. Тэд цагдаа, тагнуулын газартай хамтран сурах бичиг өндөр үнээр борлуулдаг хүмүүсийг тогтоосон.

Гэвч “Би өдрийн хоолоо залгуулах гээд явж байгаа хүн. Та нар яах юм” гэснээс өөр үг унагадаггүй аж. Тэглээ ч тэдэнд хариу барих эрх зүйн орчин үгүй. Тиймээс л дунджаар 2500 төгрөгийн үнэтэй байх учиртай сурах бичиг ченжүүдийн гараар дамжихаараа үнэ нь долоо, найм нугардаг хэрэг.

Та сурах бичгийн дэлгэрэнгүй мэдээллийг www.meds.gov.mn сайтаар орж, Бага, дунд цэснээс Сурах бичиг гэсэн хэсгийг сонгож “2015-2016 оны хичээлийн жилд зах зээлд борлуулах сурах бичгийн жагсаалт, үнийн дээд хязгаар” гэсэн мэдээлэл рүү орж авах боломжтой.

Зураг