Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам Монгол болон АНУ-ын Худалдааны яам хамтран Оюуны Өмчийн Эрхийг Хамгаалах асуудлаар хоёр өдрийн семинар зохион байгууллаа

ikon.mn
2016 оны 9 сарын 29
iKon.MN

2016 оны 9-р сарын 26-27-ны өдрүүдэд Монгол дахь Америкийн Худалдааны Танхим, АНУ-ын Элчин Сайдын Яам болон АНУ-ын Худалдааны Яам хамтран  оюуны өмчийн эрхийг хамгаалах асуудлаар хоёр өдрийн “Арилжааны Хуулинд Техникийн Дэмжлэг Үзүүлэх Хөтөлбөр: Монгол улсын Оюуны Өмчийн Эрхийн Өнөөгийн Байдал” сэдэвт семинарыг зохион байгууллаа.

Энэхүү хоёр өдрийн семинарт АНУ-ын Худалдааны Яам болон Хууль Зүйн Яамнаас хүрэлцэн ирсэн олон улсын  шинжээчид оюуны өмчийн эрхийг хамгаалах талаарх олон улсын, тухайлбал, АНУ-ын туршлага, жишээ танилцуулсан бол Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тушаалтнууд Монгол улсын оюуны өмчийн эрхийн  хэрэгжилтийн талаар  илтгэл тавьж, мөн АмЧам Монголын гишүүн байгууллагууд болох Майкрософт, Монгол ТВ, болон Андерсон ба Андерсон ХХН компаниуд Монгол дахь оюуны өмчийн эрхийн зөрчил, хэрэгжилттэй холбоотой бодит кейсүүдийг танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

Семинарт Монголын тэргүүлэх бизнесүүдийн төлөөллөөс бүрдсэн АмЧам Монголын гишүүн байгууллагууд,  Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тушаалтнууд болон АНУ-ын Элчин Сайдын Яам, Худалдааны Яам, Хууль Зүйн Яам болон Патент, Барааны тэмдэгтийн газрын төлөөллөөс бүрдсэн 50 гаруй төлөөлөгчид оролцож Монгол улсын оюуны өмчийн эрхийг хамгаалах орчныг сайжруулах талаар хэлэлцэж бодит шийдлүүдийг тодорхойлсон  юм.

Монгол Улсад АНУ-аас суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ 

“АНУ-ын Засгийн газар болон АмЧам Монгол байгууллага нь Монгол улсын Засгийн газартай хамтран Монгол улсын оюуны өмчийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд цаашид оюуны өмчийн эрхийг хамгаалах арга механизмыг улам эрчимжүүлэх талаар үргэлжлүүлэн ажиллах болно.
Монгол улсын хуулийн дагуу оюуны өмчийн эрхийн зөрчлийг эрүүгийн хариуцлага ногдуулах боломжтой ба АНУ-ын Засгийн газар, бизнесийн байгууллагуудын хамтаар Монгол улсын Засгийн газрыг эрүүгийн  хуулийг илүү далайцтай хэрэгжүүлж ажиллаасай гэж  хүсч байна” гэсэн юм.

АмЧам Монголын ТУЗ-ийн дарга Жэймс Лиотта арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ

“Бид илүү чадварлаг, мэргэжлийн оюуны өмчийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин бүрдүүлж  хэрэгжүүлэх  нь АмЧам Монголын гишүүд болон цаашид Монгол улсад чөлөөт зах зээлийг хөгжүүлэхэд маш чухал ач холбогдолтой гэж үзэж байна” хэмээн  хэлсэн юм.

АмЧам Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.