Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Лили Нарита: “Согтуу мастер”-ын үзүүлбэрээр багшлах эрхээ авч байлаа

С.Уянга, Зууны мэдээ
2016 оны 9 сарын 29
Зууны мэдээ
Зураг зураг

Монголд нэгэн өвөрмөц содон ертөнцийг буй болгож түүнийхээ төлөө уйгагүй хөдөлмөрлөж яваа дайчин бүсгүйг Улс төр, шуурхай мэдээллийн www.polit.mn сайтынхаа “Нэг өдөр” булангийн зочноор урьсан юм. Амралтын өдөр түүний үүсгэн байгуулсан "Peace Tower" цамхагт  байрлах Монголын анхны кунг-фугийн сургууль болох Лилин кунг-фугийн сургууль дээр саатаж, Манай сэтгүүлч С.Уянга  Лили Наритатай сонирхолтой яриа өрнүүлснийг хүлээн авч уншина уу. 

Кунг-фу миний хийх дуртай, хийхгүй бол амьд явж чадахгүй зүйл болсон

-Монгол бүсгүй мөртлөө Япон нэртэй хэмээн хүмүүс гайхаж байж магад. Нэрийн тань талаар асуумаар байна?

-Нарита бол манай аавын овог. Аав маань япон хүн байдаг. Лили гэдэг нь намайг багаас маань гэр бүл ойр дотнынхны дууддаг нэр байгаа юм.

-Нарита гэдэг нэр таны иргэний үнэмлэх дээр байдаг нэр үү?

-Паспортны нэр өөр. Надад монгол нэр байдаг. Гэр бүлийн төдийгүй ихэнх хүмүүс Лили гэж дууддаг. Өөрөө ч энэ нэрэндээ дасчихсан.

-Кунг-фү гэхээр монголчууд Жэки чаны тоглосон зодоонтой киногоор төсөөлдөг. Та анх тулааны эрдмийг сонирхохдоо хэрхэн төсөөлж байсан бэ. Надад бол шууд “Согтуу мастер” кино  бодогдож байна?

-Анх кунг-фу гэхээр яг л киногоор төсөөлдөг байсан. Тэгээд хятад хэлийг тухайн улсын аль нэг соёлоор дамжуулж сурах юм бол арай хялбар юм болов уу гэж бодсон. Ер нь гадаад хэлийг сурахад түүнтэй холбоотой өөр нэг зүйлийг давхар хийж, сонирхож судалж байж илүү сайн сурдагтай адил Хятадын уран бичлэг, хөгжим, бүжиг гээд олон зүйлийг сурах гэж оролдож үзсэн.

Мөн хажуугаар нь кунг-фуг сонирхож, хичээллэж эхэлсэн. Сүүлдээ улам сонирхолтой болж илүү их цаг зав зарцуулдаг болсон. Төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцоод нэг мэдсэн чинь зургаан жил өнгөрчихсөн байсан. Кунг-фу хятад хүмүүсийг хүмүүжүүлдэг, мөн чанарыг ойлгуулдаг, тэсвэр тэвчээрийн хязгаарыг шалгадаг  юм билээ.

-Тэгвэл та хоббигоо мэргэжил болгочихсон юм биш үү?

-МУИС-д сурч байгаад аавын найз тухайн үед Хятадад суралцахыг зөвлөснөөр “Сайн байна уу” гэж хэлж мэдэхгүй хүүхэд хятадыг зорьж байлаа. Тэнд хятад хэл менежментийн чиглэлээр сурсан. Кунг-фу бол миний мэргэшсэн мэргэжил биш зүгээр хичээлийн хажуугаар сонирхож ирсэн хобби.

Нэг ёсондоо хоббигоо мэргэжлээсээ илүү хөгжүүлээд явж байна. Ер нь хараад байхад үндсэн мэргэжлээрээ ажиллаж байгаа хүмүүс ховор байх шиг санагддаг. Кунг-фу миний хийх дуртай, хийхгүй бол амьд явж чадахгүй зүйл болчихоод байна. 

Манай багш вүдан буюу согтуу сэлмээр мэргэшсэн цөөхөн хүмүүсийн нэг

-Таныг кунг-фугийн мэргэжлийн багш учраас  үсэрч, дүүлж, нисч, сэлмээр тулалддаг гэж ойлгож байна. Үнэхээр кинон дээр гардаг шиг сэлэмдэж нисдэг үү?

-Тэгэлгүй яахав. Сүүлийн хамгийн чухал хоёр тэмцээндээ “Согтуу мастер”-ын согтуу сэлэм үзүүлбэрээр оролцож багшлах эрхээ авч байсан. Согтуу сэлмэний үзүүлбэрт наашаа цаашаа явна, үсэрнэ, эргэлдэнэ гээд янз бүрийн олон хөдөлгөөн хийнэ.

Кунг-фугийн шаолин, вүдан гээд хоёр том урсгал байдаг. Вүдан  стилийн кунг-фуд олон дасгал хөдөлгөөн байдаг. Түүний нэг үзүүлбэр нь Согтуу мастерын согтуу юм шиг хийдэг дасгал.

“Согтуу мастер” кино бол энэ урсгалаар мэргэшсэн багшийн тухай кино. Согтуу мастерын маш олон үзүүлбэр байдаг. Манай багш вүдан буюу согтуу сэлмээр мэргэшсэн цөөхөн хүмүүсийн нэг. Тийм болохоор зах зухаас нь сураад авчихъя гэж сонирхсон.

-Кунг-фугаар багаасаа хичээллэх ёстой юу. 25-аас дээш настай хүн хичээллэвэл үр дүнд хүрэх болов уу?

-Кунг-фуг  энгийнээр ойлговол зүгээр. Ямар ч насны хүмүүс эрүүл мэндийнхээ төлөө хичээллэж болно. Хүний амьдралын өвөрмөц хэв маяг болж өгдөг. Тархиа амраах, дасгал сургуулилт хийх, булчин шөрмөсөө ажиллуулах хэрэгтэй.

Бухимдаж амьдрахгүйгээр амьдралдаа шинэ өнгө нэмэх зэргээр кунг-фугээр хичээллэх маш олон шалтгаан бий.  Харин мэргэжлийн хүмүүс бэлтгэхээр бол багаас нь хичээллүүлэх хэрэгтэй. Ялангуяа гурван настайгаас нь дасгал сургуулилт заах юм бол тогтоосон, сурсан мэдсэн зүйлээ мартдаггүй.

 Мартсан  ч амархан сэргэдэг. Би одоохондоо ганцаараа байгаа болохоор кунг-фуг тэр болгон хүмүүст таниулж чадахгүй байгаа ч яваандаа олон хүн сурч мэдэж түгнэ гэдэгт итгэдэг.

-Өөр спорттой хослуулж хичээллэж болох уу?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Хятадын зарим төрлийн спортоор хичээллэдэг хүмүүс заавал кунг-фу сурах шаардлагатай байдаг юм билээ. Кунг-фу маш их сунгалтын дасгал хийдэг. Сунгалтын дасгал бүх спортын бие халаалт болж өгдөг учраас ямар ч төрлийн спорттой уялдана гэж бодож байна.

Шавь нараа шантрах вий гэж байнга эмээдэг

-Шантрах үе байсан уу?

-Одоо дасгалжуулагч болсон учраас шантрах эрх байхгүй. Анх хичээллэж байхад  шантрах үе байсан. Тэр үед долоон хоногийн таван өдөр, өдрийн 3-4 цагаар шаргуу хичээллэдэг байсан. Ялангуяа тэмцээн уралдаанд орохын өмнө олон цагаар бэлтгэл сургуулилт хийнэ.

Дээр нь багаасаа хичээллээгүй, гадаад хүн учраас кунг-фугийн мэдрэмжийг хятад хүмүүс шиг авч чадахгүй үе байсан. Монгол бүжиг ч гэдэг юм уу миний төрөлхийн зүйл биш учраас ур дүй муутай байсан байх. Харь нутгийн соёлоос суралцахад мэдрэмж авах, бэрхшээлтэй зүйлс гээд удаан дассан.

-Шавь нараа шантрах вий гэж эмээдэг үү?

-Тэгэлгүй яахав. Шавь нараа шантрах вий гэж байнга боддог. Гэхдээ кунг-фугийн нэг өвөрмөц зүйл нь  арван хүн бүгд нэг төрлийн дасгал хийж байгаа юм шиг хэрнээ хүний бие махбодь сэтгэлзүйн байдалд өөрөөр тусдаг.

Заримд нь хүнд, заримд нь хөнгөнөөр мэдрэгддэг. Биеийн дасгал хийж байхдаа оюун ухаанаа хамт удирддаг учраас ийм байдаг байх. Ярихаар ойлгомжгүй хол сонсогдож байгаа ч хэдэн удаа сунгалтын дасгал хийгээд ирвэл аяндаа мэдэрнэ. Хөдөлгөөнийг амьсгал, оюун ухаантайгаа хамт цэгцлэх гээд маш их чадвар ухаан шаарддаг. Ялангуяа хүүхдэд тэсвэр тэвчээр суулгана.

-Бие махбодиос гадна сэтгэлийн тэвчээр шаардах уу?

-Удаан хугацаагаар хичээллэж, мэргэжлийн түвшинд хүрэхийг хүсээд хичээллэж эхлэх. Эсвэл амьдралынхаа хэв маяг болгож авч явах хоёр шал өөр. Гурван настай хүүхэд 5, 10 настай хүүхэд хичээллэх өөр. Дасгалд сэтгэл зүрхээ зориулж байгаагаас бүх зүйл шалтгаална.

Дасгалаа хийж дууссаны дараа маш том зүйлийн ард гарлаа гэсэн харцыг хүүхдүүдийнхээ нүднээс олж хардаг. Хүн болгоны хийж байгааг хийдэггүй, өвөрмөц зүйл учраас нэг цаг 30 минутын хугацаа миний хувьд хамгийн үнэтэй, сэтгэл баясгасан мэдрэмжийг өгдөг.

-Монголд дэлгэрүүлье гэж шийдсэний дараа хүмүүсийн хандлага яаж мэдрэгдсэн бэ?

-Анх кунг-фуг дэлгэрүүлье гэж бодоогүй. Өөрийнхөө чаддаг зүйлийг хаяхгүй, дуртай юмаа мартахгүй  байхыг хүссэн учраас сургуулиа нээсэн. Сургуулиа нээхийн өмнө хятад соёл сурталчиллаа, гадаад нэртэй эрлийз хүүхэн гэх юм болов уу гэсэн бодол үе, үе орж ирж байсан.

Гэхдээ сургуулиа нээсний дараа ор мөргүй алга болсон. Монгол хүмүүсийн, хүүхдүүдийн төлөө хийж байгаа сайхан зүйл гэдгийг өдөр ирэх тусам ойлгож байгаа. Тиймээс миний эргэн тойрны хүмүүс, хичээллэж байгаа хүүхдүүдийн аав, ээж урам зориг өгдөг учраас надад бахархмаар санагддаг. Ер нь энд тэнд явахаар кунг-фугийн багш гэхээр хүмүүс их гайхдаг.

-Кунг-фу, каратэ монголчуудын бие хамгаалах урлагаас үүсэлтэй гэсэн мэдээлэл ч байдаг. Энэ үнэн болов уу?

-Сайн мэдэхгүй байна. 1600-аад оны үед кунг-фу зэвсэг, ур чадвар гээд хамгийн төгс хэлбэрээр хөгжсөн байдаг. Тэр үед монголчуудын амьдрал ахуй, зэвсэг ямар байсан гээд харьцуулаад үзэхээр үнэмшилгүй сонсогдож байгаа биз.

Монголдоо уулан дээр сургуулиа байгуулаад хичээл заахыг хүсдэг

-Танай сургуульд сурч байгаа хүүхдүүд ихэнх нь ямар зорилго, сонирхлоор элсэн суралцаж байна вэ?

-Ихэнх нь бие хамгаалах урлаг гэдэг утгаар нь суралцаж байна. Кунг-фу хүүхдүүдэд асар их хүмүүжил олгодог, мөн орчин үеийн хүүхдүүд маш их стресс, бухимдалтай болсон байна. Тиймээс хүүхдүүдийн тархийг амраах, гоо зүйн  мэдрэмжтэй болгох, хөдөлгөөний ур дүйтэй болгох, биеэ зохистой авч явах тал дээр дасгалаар дамжуулж илүү их ажилладаг.

Энэ ангид орж ирээд соёлоор дамжуулж дэг журам сурна. Монголд сургууль, цэцэрлэг гээд аль ч салбарт маш сайн багш хэрэгтэйг анзаарсан. Өөрөө ч гэсэн тэдний нэг байхыг хүсдэг.

Миний хувьд  кунг-фугээр хичээллээд эхлэхээр оюун бодол маш цэгцтэй болж эхэлдэг. Үүний тулд дасгал сургуулилт, хугацаа хэрэгтэй. Ихэнх хүүхдүүд кунг-фугээр хичээллэж байгаа хүмүүс эр зоригтой гэж ойлгодог учраас тэдэнд өөртөө итгэх итгэлийг төрүүлдэг. Кунг-фугийн хувцас хэрэглэл, сэлэмийг Монголд  зардаггүй учраас хятадаас захиалж авчирдаг.

-Кунг-фугээ хөөгөөд ууланд даяанчлах боломжийг амьдрал танд олгох болов уу?

-Би  орчин үеийн нийгэмд амьдарч байгаа хүн учраас кофе уух, гадуур зугаалах, үзвэр үйлчилгээ үзэх, ном унших хэрэгтэй. Түүнээс мундаг эрдэм номтой лам нар шиг ууланд очиж бясалгаж амьдарч чадахгүй байх.

-Тэгвэл нам гүм газар кунг-фу заана гэж боддог уу?

-Тиймээ.  Үнэхээр тэгэх юмсан гэж боддог. Хятадад байхдаа нам гүм үзэсгэлэнтэй уулан дээр дасгалаа хийж, хичээллэдэг байсан. Багшийгаа орлож хүүхдүүдэд хичээл заана. Монголдоо ч гэсэн уулан дээр сургуулиа байгуулаад шавь нартаа хичээл заахыг хүсдэг. Тэр үед кунг-фугийн  илүү олон багш, шавь нартай болсон байж магадгүй. Гэхдээ хэзээ гэдгийг нь одоогоор хэлж мэдэхгүй байна.

-Кунг-фуг мэргэжлийн түвшинд сурахгүй байсан ч бие хамгаалах урлаг гэдгээр нь хүмүүс хүлээж авдаг. Цаашид Монголд ямар чиглэлээр хөгжүүлье гэж бодож байна вэ?

-Бидний хийдэг бүх дасгал яаж биеэ хамгаалах вэ, өөрийгөө гэмтээхгүй байлгах, хэрхэн өшиглөх гээд нарийн мэдрэмжийг хүнд олгодог. Мэргэжлийн хүмүүсийн хувьд илүү амьдрах урлаг гэдэг талаасаа хардаг. Шаардлага гарвал мэдээж биеэ хамгаалахыг хичээнэ.

Би одоогоор  өөрийнхөө мэддэг зүйлийг зааж байгаа. Кунг-фу цаашид ямар хэмжээнд хөгжихийг ганц өөрийнхөөрөө  төсөөлж чадахгүй байна. Олон хүмүүс сураад өөрсдийнхөөрөө хөгжүүлэхийг үгүйсгэхгүй.

Миний хувьд удон стилийн кунг-фугээр хичээллэдэг учраас энэ чиглэлээрээ хөгжүүлэхийг эрмэлзэнэ. Гурван жилийн дараа ч юмуу хэр олон шавьтай болоод тэд нар маань энд тэнд сургууль нээгээд явахыг мэдэхгүй байна. Одоо бол ихэнх хүмүүс кунг-фуг хийсвэр маягаар төсөөлж байна.

Дасгал сургуулилт хийгээд хүмүүс тархиа амраадаг, амьдралынхаа хэв маягийг болгосон учраас европт бясалгал тал руу илүү их хөгжиж байна. Манай улсын хувьд ч бясалгал талаас нь илүү ойлгож сонирхоосой гэж хүсдэг. Монгол залуус ажилдаа түүртэж бухимдалтай амьдралаасаа салах хэрэгтэй.

Залуус автобусандаа номоо уншаад явдаг, долоо хоногт хоёр удаа тайчигаар хичээллэж түүнийхээ утга учрыг мэддэг, боловсрол нь арай өөр түвшинд очоосой гэж хүсдэг.

Өдөр тутмын ажлаа хийсэн болоод өнгөрөх биш өөрийн гэсэн амьдралын хэв маягтай, өнгө гэрэл цацруулсан залуус олон байгаасай. Олон шатрын дугуйлан, настай хүмүүст зориулсан клубууд олноор нээгдэж залуус хийх зүйлтэй теннисний аркид, кунг-фугийн сэлэм үүрсэн залуус олон байгаасай гэж маш хүсдэг. Тийм гоё өнгө төрхийг хармаар байна.

-Кунг-фугээр хичээлээд таны амьдралын хэв маяг хэр өөрчлөгдсөн бэ?

-Миний амьдрал тэр чигээрээ өөрчлөгдсөн. Цоо шинэ хүн болсон. Зорилготой, илүү холын ирээдүйг хардаг хүн болж хувирсан. Өөрийгөө олсон гэж боддог.

-Та гарын шавь бэлтгэж байгаа юу?

-Бэлтгэж байгаа. Манай сургуулийг анх нээгдэж байхад Цогоо гээд ах хичээллэж эхэлж байсан. Одоо бол намайг орлож хичээл заадаг. Хүүхэд гурван настайдаа харж сонсч, 4-5 насандаа дасгалаа хийж эхэлдэг болдог. 25 настай хүмүүс илүү шөрмөс булчингаа сунгах, 30-аас дээш настай бол амьсгалын дасгал түлхүү хийх хэрэгтэй гээд насныхаа онцлогт тохируулаад өөр.

Цагийн хувьд ч харилцан адилгүй. Хүн кунг-фугаар хичээллэж байгаад болиод удвал хөдөлгөөнөө мартана. Гэхдээ сунгалт, мэдрэмж хэзээ ч алга болдоггүй. Би хувийн ажилтай байсан учраас хоёр жил кунг-фугийн дасгалаа хийхгүй орхиж байсан. Анх гурван сарын хугацаанд зөвхөн сунгалтын дасгал хийдэг байсан.

Зураг