Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн ордонд ямар хүмүүс “эзэн” суучихав аа

Монголын мэдээ
2016 оны 9 сарын 29
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өмссөн хувцсаар нь тухайн хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, соёл боловсрол, зэрэг зиндаа, үзэл бодол, үнэт зүйлд хандах хандлага, ааш араншин мөн бэл бэлчинг хүртэл тодорхойлж болдог. “Хувцсаар нь угтаж, ухаанаар үддэг” ч гэж ярьдаг.

Тэгвэл Төрийн ордны шинэ эздийн хувцаслалт нэг л биш ээ. УИХ-ын гишүүдээс нь эхлээд түүний туслах, зөвлөхүүдийн дотор дипломатаа байг гэхэд албаны хувцаслалт гэдэг ойлголттой хүн тун ховор байна. Уг нь Төрийн ордонд хамгаалалт, үйлчилгээний болон цэрэг, цагдаагийн ажилтнууд дүрэмт хувцастай, бусад хүмүүс албаны болон үндэсний хувцастай нэвтрэх эрхтэй байдаг.

Өөрөөр хэлбэл, биеийн тамирын, чөлөөт, амралтын, ажлын болон этгээд загварын, нуруу, хэнхдэг нь ил гарсан, гэрэлтдэг нимгэн хувцас, өвдөгнөөс дээш богино банзал, бохирдсон хувцастай иргэд, ажилтнуудыг нэвтрүүлэхгүй гэсэн үг. Гэтэл ордны шинэ эзэд дэндүү загварлаг, задгай, гэрэлтдэг гээд янз бүрийн хувцастай л гүйлдэх боллоо.

Бүр УИХ-ын шинэхэн гишүүдэд ч хувцаслах соёл гэдэг зүйл алга. Саяхан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэж, хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн.

Энэхүү хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд УИХ-ын нэгэн эмэгтэй гишүүн чөлөөт буюу бараг л биеийн тамирын хувцастай ирж олныг гайхшируулсан. Түүнчлэн БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүний урилгаар хэсэг УИХ-ын гишүүд айлчлаад ирсэн.

Ийнхүү айлчлахдаа тэд солонгын долоон өнгийн хувцастай явж. Тэдний өнгө алагласан хувцастай фото зураг тус улсын болон манай улсын мэдээллийн сайтуудыг сүүлийн хэд хоног л “чимсэн” гэхэд хилсдэхгүй.

Албан айлчлалд явж буй гишүүндээ хямдхан, хятад чихрийн цаас шиг эрээн, мяраан хувцас өмсч болохгүйг сануулах мэдлэгтэй, боловсролтой туслах, зөвлөх байсангүй бололтой. Уг нь соёлтой ухаалаг, зөв боловсон хувцаслах гэдэг нь өөрийн хүрээний хүмүүсийн төвшинд тааруулан, ажил мэргэжил, нөхцөл байдал болон биеийн онцлогтоо тохируулан хувцаслахыг хэлдэг гэдэг биз дээ.

Гэтэл бүхэл бүтэн улсыг төлөөлөн төрийн айлчлал хийж буй эрхэм гишүүдийн хувцаслалт ийм байгаа нь нэг бодлын инээдэмтэй. Нөгөө бодлын эмгэнэлтэй хэрэг. Төрийн ордны шинэ эздийг хувцсаар нь угтахад нэг иймэрхүү.

Нэг их удахгүй ухаанаараа үдүүлэх л биз. Хамгийн хачирхалтай нь Төрийн ордонд нэвтрэх сэтгүүлчид эрчүүд нь костюм, зангиатай, эмэгтэйчүүд нь ажил хэрэгч стилийн тод өнгийн бус хувцас, өвдөг хүрсэн банзал өмсөх ёстой гэсэн дүрэм хатуу үйлчилсээр байгаа.

Эс тэгвэл ийш нэвтрүүлэхгүй, бүр буцаагаад “хөөдөг” хэвээрээ л байна. Үнэндээ хэдэн сэтгүүлчтэй зууралдаж байхаар дээр дурдсан нөхдүүдэд сайн хэлж өгмөөр юм даа.

Зураг