Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Гэмт хэргийн нууц үүр

Б.Бямбасүрэн, Засгийн газрын мэдээ
2016 оны 9 сарын 29
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн зочид буудлын хонгилд биеэ үнэлэгчид үүрлэжээ. Тэд гулгаа массаж хийнэ гэх нэрийн дор ийн биеэ үнэлж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.

Мөн дүүрэгт байрлах “Алтай” нэртэй зочид буудлын өрөөнд 21 настай залуу хар тамхи татаж мансуурсан хэрэг өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард гарсан байна. Хэргийн газрыг цагдаа нар шалгахад цайвар ногоон өнгийн нунтаг болон хөх өнгийн гялгар ууттай 300 грамм хатаасан ургамал олдсон аж. 

Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Сайхан хангай” зочид буудлын өрөөнд 53 настай эрэгтэй ганцаараа орж, согтууруулах ундаа их хэмжээгээр ууж, унтаад ахин нүдээ нээгээгүй харамсалтай хэрэг гарсан байна. Түүний биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй бөгөөд хэргийн газарт 0.75 болон 0.33 литрийн “Хараа” архи, нэг ширхэг “Кока кола” ундааны сав байжээ. 

Цагдаагийн ерөнхий газраас өгсөн статистик мэдээллээр 2015 онд нийслэлийн хэмжээнд 192 гэмт хэрэг зочид буудалд гарсан бол өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 209 хэрэг бүртгэгдээд байна.

Энэхүү тоон мэдээллээс харахад зочид буудалд гарсан гэмт хэрэг өнгөрсөн жилийнхээс 17 хэргээр илүү байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Д.Оюун “Зуны цагт зочид буудалд гарах хэргийн тоо буурдаг. Сэрүү ормогц иргэд зочид буудалд хоноглож, архидан согтуурахаас өгсүүлээд олон гэмт хэрэг үйлддэг” гэв.

Тоон мэдээллээс харахад Баянгол дүүрэгт зочид буудал 46, дэн буудал 38 байдаг. Энэ нь хамгийн олон зочид буудалтай дүүргийн жагсаалтыг тэргүүлэв. Тиймээс гэмт хэргийн тоо ч энэ дүүрэгт бусадтай харьцуулахад илүү бүртгэгджээ. Тодруулбал, наймдугаар сард гарсан 209 гэмт хэргийн 81 нь тус дүүрэгт гараад буй.

2015 онд нийслэлийн хэмжээнд 192 гэмт хэрэг зочид буудалд гарсан бол өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 209 хэрэг бүртгэгдээд байна.

Ийн гэмт хэргийн тоон мэдээлэл хийгээд жишээнүүдийг хүүрнэж байгаа нь учиртай. Сүүлийн жилүүдэд зочид буудал тэр дундаа дэн буудлуудын тоо эрс нэмэгдсэн нь эдгээр газруудад тавих хараа хяналт суларсантай холбоотой.

Нийслэлийн гудамжаар тав алхахад л нэг зочид буудал таардаг болсон энэ үед зочид буудал, дэн буудалд тавих стандарт, хяналт шалгалт огт алга гэхэд хилсдэхгүй болов уу. “Хяналт шалгалтаар явж байх үед зочид буудлын эхүүн үнэртэй өрөө, ор хөнжлийн даавуу нь цусны толботой байх нь энүүхэнд” гэдгийг мэргэжилтнүүд өгүүлэв.

Зарим эздэд шаардлага тавьдаг ч хүлээн авах нь цөөн байдаг гэнэ. Стандартын шаардлага хангахгүй байгаа нэгнийх нь зөвшөөрлийг олгохгүй бол танил даргаар мундагдуулж, дарамтлуулдаг тухай яриа ч байна. 

Уг нь 2014 оноос өмнө нийслэлийн МХГ-аас эдгээр газруудад хяналт, шалгалт хийдэг байж. Харамсалтай нь, тус газар зөвхөн хүний биед хохирол учруулж болзошгүй гэх газрууд буюу архи, тамхи худалддаг тусгай зөвшөөрөлтэй газрыг шалгах ёстой гэж үзээд зочид буудлуудыг шалгах эрхийг нийслэлийн Аялал жуулчлалын газарт шилжүүлжээ.

Гэтэл энэ эрх үүргийг авсан нийслэлийн Аялал жуулчлалын газарт ердөө ганцхан мэргэжилтэн ажилладаг юм байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх зочид болон дэн буудлуудад ганцхан хүн хяналт тавьдаг гэж ойлгож болно.

Мэдээж хэрэг нэг хүн бүх газрыг шалгаж, бүх зөрчлийг илрүүлж чадахгүй нь ойлгомжтой. Тийм ч учраас тус газраас зөрчилтэй гэж үзсэн зочид буудлуудыг жилд нэг л удаа шалгадаг гэсэн тайлбарыг өглөө. Нийслэлд нийт 299 зочид буудал байна гэсэн мэдээлэл эргэлзээтэй санагдсан учир албаны хүнээс лавлалаа.

Тэрбээр “Зөвшөөрөлгүй ажилладаг олон газар байдаг байх. Бид бүгдийг нь илрүүлэх боломжгүй. Хяналт шалгалтаар явж байхдаа манайхаас зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа эрхэлж байгаа газрыг 50-250 мянган төгрөгөөр торгох, хамгийн эцсийн арга хэмжээ нь цахилгаан дулааныг нь хязгаарлах байдаг” гэв.

Түүнээс гадна ихэнх жижиг зочид болон дэн буудал орон сууцны нэгдүгээр давхарт байрладаг учраас дулаан цахилгааныг нь таслаад байж чаддаггүй гэдгээ ч тэрбээр тайлбарлалаа.

Тэрчлэн зөвшөөрөлгүй газрыг хааж, лацдаж, ломбодох эрх ганц мэргэжилтэн хийгээд цагдаа нар ч байдаггүй юм байна. Тэгэхээр нийслэлийн хаана ч, хэн ч энэ үйлчилгээг чимээгүйхэн эрхлэх боломж бүрдсэнийг тав алхаад таарах дэн буудлууд гэрчилж буй. 

Нэрээ нууцлахыг хүссэн зочид буудлын ресепшин “Баасан гарагийн оройноос эхлээд амралтын өдрүүдэд манай буудал дүүрэн хүнтэй байдаг. Янз бүрийн насны хүмүүс орж ирдэг. Зарим нь соёлтой боловсон үйлчлүүлээд гарна. Зарим нь агсам тавьж, буудлын эд зүйлийг эвдэлж хэмхлэх нь энүүхэнд байдаг” гэв.

Зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа эрхэлж байгаа газрыг 50-250 мянган төгрөгөөр торгох, хамгийн эцсийн арга хэмжээ нь цахилгаан дулааныг нь хязгаарлах байдаг.

Нийслэлийн ИТХ-аас гаргасан журамд 21-ээс дээш настай иргэд зочид буудлаар үйлчлүүлэх эрхтэй гэж заажээ. Гэтэл амьдрал дээр зочид буудлууд ашиг хонжоо хайж, хэн дуртайд нь ямар ч цензургүй үйлчилдэг болсон нь нууц биш. Гэмт хэргийн нууц үүр болсон энэ газарт хүмүүс дур зоргоороо авирлах нь их.

Хөлсөлж авсан өрөөнийхөө хаалгыг цоожилж садар самуун үйл хийж, гаж донтнууд насанд хүрээгүй охиныг хүчирхийлж, архидан согтуурч, хар тамхи татаж, зарим нь бүр араатнаас дор авир гарган дөнгөж төрсөн нялх үрээ орон доогуур тавиад хаяад явсан гашуун жишээ ч бий.

Энэ мэт хариуцлагагүй замбараагүй байдлаас болж насанд хүрээгvй хүүхдүүд гэмт хэрэгт өртөж, золиос болсоор байгааг яах вэ.
Хамгийн гол нь зочид буудалтай холбоотой ямар нэгэн асуудалд хэн ямар хариуцлага хүлээдэг нь тодорхойгүй, цөөн хэдэн төгрөгөөр торгох төдий л өнгөрдөг аж. Энэ асуудлыг нэг тийш шийдэхгүй бол Hotel Mongolia болж мэдэх нь.


С.Туул: Зочид буудлуудын тоог хязгаарладаггүй

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын үйлчилгээний байгууллага хариуцсан мэргэжилтэн С.Туулаас зарим зүйлийг тодрууллаа.

-Улаанбаатар хотод зочид буудал болон дэн буудлын үйлчилгээ эрхэлдэг хэдэн аж ахуйн нэгж байдаг вэ?

-Манайд бүртгэлтэй зочид болон дэн буудал 299 байгаагийн 136 нь дэн буудал. Зочид буудлын хувьд 154 байгаа бөгөөд үүнээс 64 нь одтой буюу зэрэглэл дээгүүр гэсэн үг. Энэ бол зөвхөн манайхаас зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж буй газруудын тоо. Зочид буудал дэн буудлын ялгааны хувьд үндсэн нэр томъёоноос өгсүүлээд дагаж мөрддөг хоёр төрлийн стандарт байдаг. 

-Жилд хэчнээн аж ахуйн, нэгж энэ төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авдаг вэ?

-2013 онд зочид болон дэн буудал нийлээд 500 орчим байгаа гэсэн тоо гарсан. Харин үүнээс хойш Монгол Улсын хэмжээнд мөрдөх стандартыг тавихад энэ тоо 300-350 болж буурсан. Санхүүгийн хямрал нөлөөлөөд ч тэр үү энэ жилийн хувьд зарим газрууд хаалгаа барьж байгаа. Нөгөө хэсэг нь, чиглэлээ өөрчлөх жишээтэй.

Манайд жилд давхардсан тоогоор 350-400 аж ахуйн нэгж хүсэлт гаргадаг. Давхардсан тоо гэдэг нь эхний хүсэлт гаргаж, Ажлын хэсэг тухайн газар дээр нь очоод стандартын шаардлага хангахгүй бол дахин бичиг баримтаа бүрдүүлж өгдөг. Тиймээс тоо нь ийм өндөр байгаа юм. 

-Нийслэлийн нийт хүн амын тоонд  зочид буудлуудыг тооцож заагладаг уу?

-Тодорхой зааглаж өгсөн тоо, хязгаар байхгүй. Хүссэн иргэн болон компани стандарт хангаж байвал зөвшөөрөл авч, бизнес эрхлэх боломжтой. 90 хувиас дээш стандарт хангасан тохиолдолд манайхаас үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог. 

-Зочид буудлын тухай тусгайлсан хууль байдаггүй. Эдгээр газруудыг ямар шалгуураар хянадаг юм бэ?

-Зочид буудлууд хуульд тодорхой тусгагдаж багтаагүй учраас нийслэлийн ИТХ-ын 2010 оны 120 дугаар тогтоолын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй амралтын газар, зочид болон дэн буудалд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож байна. Аялал жуулчлалын тухай хуульд одтой буудлуудын жишиг, жуулчны, амралтын баазыг тусгасан байдаг. Түүнээс биш зочид буудлын гэж тусгайлан гаргасан заалт байхгүй. 

-Мэргэжлийн хяналтын газраас жилд хэдэн удаа хяналт шалгалт хийдэг вэ?

-МХЕГ-ын даргын тушаалаар 2014 онд зочид буудал дэн буудлын хяналт тус газраас хасагдаж, эрх үүрэг нь манай байгууллагад шилжиж ирсэн. Удирдамжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шалгалт хийдэг. Бид жил бүр гомдол гаргасан буудлуудад шалгалтаар очдог. Түүнээс биш хүсэлт гаргаагүй газруудыг бүгдийг нь шалгах боломжгүй.

-Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй газруудад ямар хариуцлага тооцдог вэ?

-Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл газруудыг дүүрэг хариуцсан мэргэжилтэн болон цагдаагийн байгууллагад хэлдэг. Зөвшөөрөл авсан, эсэхийг нь дүүргээс ирүүлсэн судалгаанаас хардаг. Учир нь нийслэлийн хэмжээнд эдгээр газруудыг шалгадаг ганцхан мэргэжилтэн л байдаг.

Зураг