Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хүнд хэл заах нууцыг мэддэг багш

Зууны мэдээ
2016 оны 9 сарын 26
Зууны мэдээ
Зураг зураг

Англи хэлний “Сондор хилэн” төвийн нэг сарын сургалтад суусан найзаасаа “Багшийн заах арга барил нь, ямар вэ” гэтэл “Гайхамшигтай“ гэсэн ганцхан үг хэлсэн. Бас найз минь хэл сурахаас гадна цаг барьдаг, тэсвэр хатуужилтай, хариуцлагатай, зорилготой болсноо гайхан ярилаа. Ямар арга барил гэхээрээ түүнд ийм онцгой сэтгэгдэл үлдээснийг сонирхон сарын дотор англи хэлтэй болгодог тэрхүү сургалтын төвийн захирал С.Төмөрбатыг “Амьдралын тойрог” буландаа зочноор урилаа. 

С.Төмөрбат багштай холбогдож, уулзахаар тохиртол маргааш өглөө 06:00 цагт хүрээд ир гэдэг юм байна. Өглөөний зургаан цагтаа гээд гайхан асуувал, манай эхний сургалт 06:15 цагт эхэлдэг гэв. Ингээд өглөө эртлэн гарч, С.Төмөрөө багшийн зааснаар паркийн баруун талд Сөүл рестораны хажууд байрлах өндөр шилэн барилгыг зорилоо.

Өглөө эрт замын түгжрэлгүй болохоор тавхан минутын дотор л хүрээд ирэв. Энхтайваны гүүрний зүүн талд шинээр баригдсан, 13 давхар барилгын VI давхарт “Сондор хилэн” төв байрладаг юм байна.

Лифтнээс буугаад баруун гар талд байрлах тохилог оффис руу ороод явчихлаа. Сургалтын орчин нь лав тохилог тухтай юм. Цагаа харвал 06:20. С.Төмөрөө багшийн хичээл аль хэдийн эхэлсэн  байлаа.

Хоцорсондоо бага зэрэг нэрэлхэн зогстол багш толгой дохин орох зөвшөөрөл өглөө. Өглөөний ангийн хичээл нь аль хэдийн жигдэрчихсэн бололтой.  “do”, “does” биеэр хувирахдаа зэргээс хэмээн заахыг үзвэл жирийн одоо цаг үзэж байгаа бололтой.

Одоо ногоон балаа гаргаад томьёогоо дэвтэртээ томоор бич. Ягаан балаараа тодорхойлолтоо бичээрэй. Сургалт дууссаны дараа дэвтэр чинь та нарт багшлах болно гэхчилэн бага ангийн багшийг санагдуулам арга барилаар хичээлээ заадаг нь эрхгүй анхаарал татлаа.

Хэл сурахад харах, сонсох, ярих бичих гээд үнэрлэхээс бусад дөрвөн мэдрэхүйгээ 100 хувь ашиглах хэрэгтэй. Анхан шатны үг өгүүлбэрээсээ л бүх хэллэг яриануудаа хамгийн чанга, хамгийн тод, хамгийн хурдан гаргаж ярих гурван зарчмаар давтаж бай.

Өгүүлбэрээ бүтцээр нь цээжлээд ярьж эхэл. Цаашлаад нэг өгүүлбэрийг доод тал нь 30-60 удаа давт. Гадаад хэл сурахад хамгийн гол нь өөртэйгөө ажиллах юм шүү дээ гэх зэргээр хичээл заахын хажуугаар үнэтэй зөвлөгөөнүүдийг харамгүй өгөх аж. Суралцагсад ч түүний амнаас унах үг бүрийг алдалгүй бичиж авахыг хичээж байлаа.

Хэл сурахад харах, сонсох, ярих бичих гээд үнэрлэхээс бусад дөрвөн мэдрэхүйгээ 100 хувь ашиглах хэрэгтэй.

06:15-08:15 цаг хүртэл орох энэ анги нь өглөөг үр бүтээлтэй өнгөрөөх хүсэлтэй ажил хэрэгч хүмүүст зориулагдсан аж. Ихэнх хүнийг унтаж байхад өглөөний хоёр цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа суралцагсдаараа тэр бахархаж байгаагаа хичээлийн дундуур дурдаад авсан.

Хүний тархи өглөө сэргэг, цээжлэх мэдрэмж өндөр байдаг учраас хэл сурахад хамгийн тохиромжтой цаг гэнэ. Замын түгжрэл аливаа стресст өртөхгүй, дулаан сайхан цагийг ашиглаад авах хэрэгтэйг ч тэр бас санууллаа. Өглөөний ангийн гурван цагийн сургалт яах ийхийн зуургүй өнгөрлөө.

Есөн цагаас бүтэн өдрийн нэгдүгээр шат, бүтэн өдрийн хоёрдугаар шатны ангиуд хичээлээ эхлэхэд бэлэн болжээ. Бүтэн өдрийн сургалт нь “Сондор хилэн" төвийн 10 жилийн турш явуулж байгаа олны талархлыг хүртсэн гол сургалт нь юм байна.

Найзын маань яриад байсан сарын дотор хэлтэй болгодог сургалт нь энэ байх нь. Бүтэн өдрийн ангиуд cap бүрийн эхэнд эхэлдэг тогтсон өдөртэй учраас орон нутгаас ажил амьдралаа зохицуулаад ирж суралцах хүмүүс олон байдаг байна. Бүтэн өдрийн I шатны сургалтад үсэг авиа зүйгээс бусдыг эхнээс нь заадаг тул, үсэг дуудлагаа мэддэг ямар ч хүн суралцах боломжтой гэнэ.

Энэ сургалтад сууснаар анхан, завсар, дунд, ахисан дунд зэрэг дөрвөн шатны мэдлэгийг эзэмшээд төгсдөг байна. 09:00 цагаас 12:30 хүртэл С.Төмөрөө багш гол лекцээ орно. 13:00-16:30 цагаас түүний бэлдсэн залуу багш нар семинарын хичээлээ орж түүний заасан хичээлийг давтан орж хоногшуулдаг байна. 

08:58 минут С.Төмөрөө багш лекцээ ороход бэлэн болжээ. Гаднаас орж ирэх хүүхэд залуус багшийн лекц эхлэхээс өмнө амжиж суудлаа эзлэхээр яарцгаана. Багш лекцээ орохоос өмнө үзсэн дүрмүүдээ бататган нэр заан асууж гарлаа.

Өнөөдөр бид таван цаг үзнэ. Эхний цаг нь Төгс өнгөрсөн цаг. Төгс өнгөрсөн цагийн томьёо had+PII гээд дэвтэртээ томоор бич. Ягаан балаараа энэ цагийнхаа тодорхойлолтыг бичээрэй.

 “Үзсэн цагийн томьёогоо өөрийн нэр шигээ цээжлэх ёстойг багш нь дахиад сануулъя” гэв. Хүүхдүүдийн хэрхэн бичиж байгааг хичээлийн дундуур явж харж амжина. “Ингэж бичихээр чи дараа нь лекцээ яаж ойлгох юм бэ. Энэ дэвтэр чинь эргээд та нарт багш болох ёстой” гэх мэтээр хичээл үргэлжилсээр. 

“How long have you been studying English?
I have been studing English for 3 years”

Мөн тэрбээр үргэлжлүүлэн англи хэлтэй холбогдсон л бол энэ хоёр өгүүлбэр алхам тутамд чинь гарч ирнэ. Элчингийн ярилцлага, ажилд орох ярилцлагад энэ өгүүлбэр зайлшгүй ирнэ. Энэ өгүүлбэрийг өөртөө итгэлтэйгээр хэлж байгаарай.

Учир нь хүнд төрүүлсэн анхны сэтгэгдэл их чухал байдаг юм. За тэгээд тэнцсэн бол багшдаа хэлж амжилтаа хуваалцаж байгаарай. Та нарынхаа амжилттай явааг хараад багш нь эрч хүч урам зориг авдаг юм шүү гэх зэргээр харилцан яриа өрнүүлээд амжина.

Бүтэн өдрийн I шатны сургалтад үсэг авиа зүйгээс бусдыг эхнээс нь заадаг тул, үсэг дуудлагаа мэддэг ямар ч хүн суралцах боломжтой гэнэ.

Суралцагсад ч түүнийх нь хэрээр цаг ямагт анхаарлаа төвлөрүүлж багшийн амнаас унах үг бүрийг алдалгүй бичиж авахыг хичээж байгаа нь илт. Эндээс харахад С.Төмөрөө багшийн лекцийн уур амьсгал сонирхолтой, ач холбогдолтой болдог аж.

Суралцагсад түрүүн яараад байсны учрыг сая нэг ойлгов. Толинд хараад англиар өөрөөсөө асуу, эргээд хариул, хагас галзуу юм шиг бай гэх зэргээр хэл заахаас гадна амьдралд ойр үнэ цэнэтэй зөвлөгөөг харамгүй өгч байлаа. Урмын үгээр ч сурагчдадаа ташуур өгөхөө тэр мартахгүй аж.

Лекцийнхээ дараа даалгавар өгөх гол ажилдаа тэр орлоо. Өнөөдрийн байдлаар англи хэлэнд хэрэглэгддэг 12 цагаа үзэж дууслаа. Дунд шат руугаа орж байгаа болохоор бие даагаад гэрийн даалгавраа итгэл төгс хийх хэрэгтэй. Гэрийн даалгавраа зөвхөн өөртөө зориулж чанарын өндөр түвшинд заавал, заавал, заавал хийж ир. Чадахгүй бол багшаасаа утасдаж асуу гэнэ.

1. Номооc орчуулга хий.
2. Дүрмийн бус үйл үгээ цээжил,
3. 250 өгүүлбэрээ хувиргаж ир гэхчлэн тоймгүй их даалгавар өгөв. Бүх даалгавраа хийгээд дуусахад шөнийн дөрвөн цаг болж байдаг гэв. Түүний хэлснээр бүтэн өдрийн ангийн суралцагсад хоногийн 24 цагийн 20 ба түүнээс дээш цагийг хэл сурахад, зориулж байж үр дүнд хүрдэг байна.

250 өгүүлбэрээ хийж байж өглөө хичээлд суух эрхээ авдаг л гэнэ. Дүрмийн бус үйл үгээ цээжлээгүй бол маргаашийн хичээлд суулгахгүй гэх зэргээр хариуцлагыг нь тухай бүрд нь авдаг гэнэ. Шавь нартаа шаардлага өндөртэй гэж сонсч байсан минь үнэн байх нь. Түүний шавь болж төгсөхийн тулд энэ дайны шалгуурыг давах юу ч биш гэнэ.

Ингээд дээрх сургалтад сууж байгаа шавь нартай нь уулзсан сэтгэгдлээ хүргэе.

Суралцагч Б.Ганцэцэг: Дөрвөн жилийн хөтөлбөрийг нэг сард сургадаг нь үнэн юм байна

-“Сондор хилэн” төвийн сургалт хэр үр дүнтэй байна вэ?

-Дөрвөн жилийн хөтөлбөрийг нэг сарын дотор сургана гэхээр сонирхол татаад энэ сургалтад суусан. Үнэхээр үнэн юм байна. Миний хувьд их сургуульд ажилладаг болохоор сургуулийн англи хэлний программыг хэрхэн явагддагийг мэднэ л дээ.

Англи хэлний 26 цагийг дөрвөн жилийн турш үздэг. Төгсөхдөө 26 цагаа мэдээд төгсч байна уу гэдэг бас асуудалтай. Харин цаг заваа зарцуулаад “Сондор хилэн” төвд сурвал богино хугацаанд хэл сурах боломж байна.

С.Төмөрөө багшийн заах аргачлалын талаар урьд нь сониноос уншиж байлаа. Хувь хүн л өөрийгөө дайчилж чадвал энэ төв сургаж чадаж байна. Өөрийгөө дайчлахгүй байхын ч аргагүй юм. Англи хэл заахаас гадна цаг барих, бие биеэ хүндлэх хичээл дээр зөв суух зэрэг хүмүүжлийн зарчмыг хүүхдүүдэд сайн суулгаж өгч байгаа нь их таалагдлаа.

Монгол хүмүүс юмыг цагт нь хийдэггүй, хойшлуулдаг талтай. Харин энэ сургалтад сууж байгаа хүмүүс даалгавраа хийхгүй бол дараагийн хичээлд суух боломжгүй.

Тэгэхээр даалгавраа хийхээс өөр аргагүй. Түүнээс гадна бие даах, ажил хичээлдээ хариуцлагатай хандах чухал ач холбогдолтой зан чанаруудыг хүмүүст суулгаж өгч байгаа нь олзуурхмаар санагдлаа.

-Таны хэлний түвшин ямар байсан бэ?

-Миний хувьд ганц нэг cap л хэлний курст сурч байсан анхан шатны л мэдлэгтэй байсан. Гаднын зочидтой яриа өрнүүлж чаддаггүй байлаа. Ажлын болон хувийн шугамаар гадагшаа явах, интернет, тв, сонин, сэтгүүлээс мэдээлэл авахад нас ахисан гэлтгүй англи хэл сурах хэрэгтэй болсон.

Хүний яриаг ойлгоод байгаа мөртлөө, ярьж чаддаггүй дүрмийн ямар ч ойлголтгүй байсан. Харин одоо бол хамтарч ажилладаг зочидтойгоо чөлөөтэй ярих боломжтой боллоо. Энэ дашрамд “Сондор хилэн” төвийнхөө багш нарт баярлаж байгаагаа хэлмээр байна гэв.

Суралцагч Б.Галбадрах: Хэл сурах суурь мэдлэгийг маш сайн тавьж өглөө 

-“Сондор хилэн” сургалтын төвд англи хэл сурах болсон талаар хоёулаа яриагаа эхэлье?

-Миний хувьд “Kewiko” ХХК-д сүлжээний инженерээр ажилладаг. Ажлын шаардлагаар шинэ тоног төхөөрөмж ирэх болгонд англи хэл дээр зааврыг нь уншиж танилцах шаардлага гарна. Тэр болгонд ганц нэг мэддэг үгээрээ баримжаалаад ойлгодог төдий байсан. Их сургуульд хоёр улирал л хэл үзэж байсан болохоор анхан шатны мэдлэгтэй байсан.

-Англи хэл заах арга барилын нууц нь юундаа байна гэж та бодож байна вэ?

-“Сондор хилэн” төвд сурснаар дүрмийн мэдлэг маш цэгцтэй боллоо. Хувь хүн л өөрийгөө дайчилж чадвал С.Төмөрөө багш сургаж чаддаг юм байна. Товч бөгөөд тодорхой хамгийн гол нь системтэй мэдлэг олгодгоороо онцлог санагдлаа. С.Төмөрөө багш маань хичээлээ зүгээр нэг заагаад өнгөрдөггүй, заавал ойлгуулахыг хичээдэг хүний төлөө гэсэн сэтгэлтэй сайн багш.

Манай ангийнхан 12 цагаа үзэж байгаа гэхэд хүнтэй чөлөөтэй ярьж чадаж байна. Багш биднийг бүх мэдрэхүйгээ хэл сурахад хандуул гэдэг. Шаардлага өндөр байхад сурах арга барилаа олдог л юм байна.

Одоо цагт баймааргүй хүний төлөө гэсэн чин сэтгэлтэй багш гэж би хэлнэ. Миний хувьд алсдаа тэтгэлгээр магистрт сурах зорилготой байгаа. Суурь мэдлэгийг “Сондор хилэн” төв маш сайн тавьж өглөө гэж би хувьдаа баярлаж байна.

Бүтэн өдрийн II шатны сургалт

Хичээл 12:30 цагаас завсарлахад бүтэн өдрийн II шатны ангийн хичээлийн явцтай танилцах боломж гарсан юм. Энэ ангид залуу багш Э.Нандинцэцэг хичээл ордог байна. Түүнийг залуухан гэлтгүй чадварлаг багш гэдгийг шавь нар нь онцлов. Өөрийн арга барил боловсруулсан хөтөлбөрөө С.Төмөрөө багш, багш нартаа гайгүй сайн эзэмшүүлсэн бололтой.

Бүтэн өдрийн I шатны ангид сурч байсан үе үеийн төгсөгчид нь олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэн сурах хүсэлтэй байгаагаа удаа дараа тавьж байж. Үүнээс улбаалан С.Төмөрөө багш сүүлийн таван жил судалгаа хийсний дүнд бүтэн өдрийн II шатны сургалтын хөтөлбөрөө боловсруулжээ.

Нэг сэдвийн хүрээнд гурван улсын түүх соёл, төрийн дуулал, ёс заншлыг харьцуулан орчуулж унших, бичих, ярих, сонсох гэсэн дөрвөн дадлыг цогцоор нь ордгоороо энэхүү сургалт үр дүнтэй онцлог болж чаджээ.

Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаагийн хувьд мэдээллийг нь мэдлэг болгож, мэддэгийг нь чадвар, чадварыг нь дадал болтол дүрэм, орчуулга, сонсгол ярианы хичээлүүдээ цогцоор заах нь түүний зорилго байв.

Сургалт ч амжилттай болж, эхний сараасаа л, төгсөгчдийнхөө талархлын үгээр даруулсан гэнэ. Нэгдүгээр шатны сургалтад анхан, завсар дунд, ахисан дунд зэрэг дөрвөн шатны ангийг эзэмшээд төгсдөг бол, II шатны сургалтад, ахисан дунд гүнзгий гэсэн хоёр шатны мэдлэгийг эзэмшээд төгсдөг юм байна. Өөрөөр хэлбэл. энэ сургалтыг төгсөөд TOEFL, IELTS-ийн бэлтгэлд шууд сурах боломжтой байх нь. 

Суралцагч н.Аззаяа: Хоёрхон сарын хугацаанд сураад анхан шатнаас гүнзгий шатны мэдлэгтэй болж төгслөө 

-“Сондор хилэн” төвийн бүтэн өдрийн хоёр шатны сургалтад хоёуланд сурсан юм байна. Хэлний мэдлэг нь ямар болов?

-Миний хувьд арван жилдээ англи хэл сурч байсан ч цэгцтэй мэдлэг олж авч чадаагүй байсан. Өөрийгөө дунд шатны мэдлэгтэй гэж боддог байсан. Яг үнэндээ анхан шатны мэдлэгтэй байсан юм байна лээ.

Үндэсний телевизийн “Монголын нэг өдөр” нэвтрүүлгээр С.Төмөрөө багш оролцож ярилцлага өгсөн. Нэвтрүүлгээр сарын дотор гурван хүнийг англи хэлтэй болгоно гэж маш итгэлтэйгээр амласан нь надад сэтгэгдэл төрүүлсэн.

Тэгээд есөн сард нь ажлаа зохицуулж байгаад, бүтэн өдрийн I шатны сургалтад суусан. Эндээс англи хэлний 26 цагаа ойлгож, дүрмийн цэгцтэй мэдлэгтэй болсон. Арван сараас хойш бэлдэж чадалгүй байсаар сая II шатны сургалтад үргэлжлүүлэн сурсан. Арван нэгэн сарын дараа мартаагүй байгаа нь бидэнд дүрмийн мэдлэгийг хоногштол сайн заасан байгаа юм.

Бүтэн өдрийн II шатны сургалтад I шатны сургалтад олж авсан дүрмийн мэдлэгээ бататгахаас гадна, улс орны түүх соёлыг харьцуулан судалж гүнзгий шатны мэдлэг олгож байна. Хэдхэн хоногийн дараа бүтэн өдрийн II шатны сургалтаа төгсөх гээд сэтгэл догдолж байна. Цаашид IELTS, TOEFL суралцаж гадаадад магистраа хамгаалах зорилготой байгаа.

“Сондор хилэн” төвд ердөө хоёрхон сарын хугацаанд сураад анхан шатнаас гүнзгий шатны мэдлэгтэй болж төгсөнө гэхээр уншигч танд итгэмээргүй санагдаж магадгүй. Гэвч энд сурч байгаа, сураад төгссөн хүмүүсийн сэтгэгдлүүдээс харахад үүнийг батлаад өгнө.

Тус төвийн бүтэн өдрийн хоёр шатны сургалтад хоёр cap англи хэл сурсан бүсгүй, Канад улсад хэл сурахаар жил амьдарсан нөхрөөсөө ч илүү мэдлэгтэй болсон байжээ. Ямар сайндаа л Монголдоо хоёрхон cap суугаад сурчих юмыг хаа байсан тийшээ зардал мөнгө болж, цаг хугацаа алдах хэрэггүй юм гэлцэж байсан аж.

Манайхан хэл сурахаар Малайз, Сингапур, Энэтхэг улс руу их явдаг. Тэгж цаг мөнгөө үрэхгүйгээр англи хэл сурах боломж бидэнд байгааг С.Төмөрөө багшийн үе үеийн шавь нар батлаад өгнө.

Сургалтын төвдөө өглөөнөөс оройг хүртэл хичээл заахын хажуугаар “Смарт радио 107” дээр долоо хоногт хоёр удаа радио хичээл заадаг гэнэ. Цаг зав, боломжоосоо хамаараад хэл сурч чадахгүй байгаа олон хүнд зориулж “Смарт радио”-тай хамтран ажилласан нь амжилттай болж, радиогоор англи хэл сурч буй олон зуун шавь нартаа болжээ.

Радио хичээл рүүгээ явах замд нь яриа өрнүүлэх боломж бидэнд сая нэг олдов.С.Төмөрөө багштай ярих зуур сурахыг хүссэн хүмүүсийн хүсэлт, ТВ хичээлийн бичлэг, FM-ийн нэвтрүүлгийн бичлэг гэхчлэн түүний утас зогсоо зайгүй дуугарах аж.

Тэр үнэхээр завгүй бас эрэлттэй багш юм. Түүний амжилттай яваагийн гол нууц нь юундаа байгааг асуухад: Мэргэжилдээ дуртай хэл сурахыг хүссэн хэн бүхэнд чин сэтгэлээсээ ханддагт байдаг байх хэмээн даруухан хариулсан.

Дөрвөн хүүхэдтэй айлын том хүүхэд болж төрсөн, тэр долоодугаар ангид байхдаа л багш болох шийдвэрээ гаргаж байж. Сургуулиа төгсөөд цэцэрлэгийн насныхан, арван жилийн хүүхдүүд, оюутнууд зэрэг бүх насныханд хэл зааж байсан нь түүнд маш том туршлага болж, өнөөдрийн амжилтынх нь эх үндэс болсон байна. Одоо бол тэрбээр англи хэлгүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй гэсэн. Англи хэлний ачаар амьдралынхаа ханьтай ч таарчээ.

Дөрвөн жилийн хөтөлбөрийг нэг сард багтаан заах аргыг хэрхэн боловсруулсан талаар асуухад “Дөрвөн жилийн хөтөлбөрийг нэг сард багтаан цэгцтэй системтэйгээр зааж боловсронгуй болгохын тулд би олон жилийг зарцуулсан.

Шавь нарынх нь 80 гаруй хувь нь өмнө төгссөн хүмүүсээс мэдээлэл авч ирсэн байдаг гэнэ.

“А” үсгээс эхлээд л, 26 цагаа хүнд хэрхэн системтэйгээр заах вэ гээд л боловсронгуй болгохын тулд өглөөний 04:30, оройны 08:30 хүртэл бэлддэг байлаа. Хоёр жилийн турш өдөр шөнөгүй бэлдсэний үр дүнд өнөөдрийн заах арга барилаа бий болгосон” гэв.

Үнэндээ түүний олон жилийн хөдөлмөрийн үр дүнг нэгхэн сарын дотор сурч байгаагаараа шавь нар нь азтай юм. Бид ийн ярилцсаар “Смарт радио 107”дээр ирлээ. Нам жим өрөөнд чихэвчээ зүүн, микрофоны ард байраа эзэлсэн С.Төмөрөө багш сонсогчдодоо өдрийн мэнд хүргээд хичээлээ эхлэв.

Өмнөө ямар ч дэвтэр цаас харалгүй дүрмээ цээжээр ярин, өгүүлбэрт хэрхэн ашиглагдах талаар тайлбарлан ярих нь гайхалтай. Богино долгионы үелзлээр Улаанбаатар хотын өнцөг булан бүрд, гэртээ, машиндаа, ажил дээрээ С.Төмөрөө багшийн олон зуун шавь нар үг алдалгүй бичихийг хичээж байгаа байх гэсэн бодол энэ үед өөрийн эрхгүй төрсөн.

Түүний мэдэлд 40 минутын турш удирдуулсан англи хэлний хичээлийн цаг дуусах, дөхсөнийг найруулагч санууллаа. Хичээлийн төгсгөлд багш үзсэн дүрмээ давтан сануулаад, даалгавраа өгч дараагийн хичээл дээр уулзахын ерөөл тавин өндөрлөв.

FM-ээс гараад бид сургалтын төв рүү явах замдаа түрүүчийн яриагаа үргэлжлүүлэв. “Сондор хилэн” төв 10 жилийн хугацаанд нийт 8,000 гаруй хүнийг амжилттай төгсгөжээ. Ямар ч хүнд чин сэтгэлээсээ заагаад явуулдаг болохоор, шавь нарынх нь 80 гаруй хувь нь өмнө төгссөн хүмүүсээс мэдээлэл авч ирсэн байдаг гэнэ.

Ярилцаж явсаар бид сургалтын төв дээр ирлээ. Одоо та ямар хичээлтэй I вэ гэвэл “Худалдаа хөгжлийн банк”-ны ангид орно гэв. Ажилчдынхаа хэдний боловсролд анхаардаг байгууллагууд “Сондор хилэн” төвтэй хамтарч ажилладаг гэнэ.

Худалдаа хөгжлийн банк “Глобал бридж” ХХК, ХААИС, Нийслэлийн хүүхэд хөгжлийн төв, “Орчлон” сургууль зэрэг байгууллагууд ажилчдаа хэд хэдэн групп болгон сургасаар байгаа аж. Хамгийн том түнш “Худалдаа хөгжлийн банк”. 2011 оноос хойш нийт 13 дах удаа тус төвд ажилчдаа сургаж байгаа аж.

Байгууллагын соёл, сахилга батыг дээд зэргээр нэвтрүүлсэн тус банкныхантай урт хугацаанд хамтарч ажиллаж буйдаа баяртай байгаагаа С.Төмөрөө багш дурдаад авсан.

Хөдөөгийн малчнаас эхлэн өнөөдрийн улс төр, бизнесийн хүрээнийхэн хүртэл тусгайлан цаг авч С.Төмөрөө багшаар англи хэл заалгадаг

Биднийг ороход “Худалдаа хөгжлийн банк”-ны 40-өөд ажилтан С.Төмөрөө багшийн хичээлд суухаар иржээ. Багшийн заах арга барилаас гадна зарчимч хариуцлагатай, цаг минут секунд бүрийг бүтээлчээр ашиглаж, багш нараа удирдаж байгаа гээд, түүнээс авах чанар олон байгааг тэд онцолж байлаа. Мөн сургалтын төв гэхэд хичээлийн хөтөлбөр нь ямар ч их дээд сургуулиас дутахааргүй боловсронгуй байгааг тэд дурссан.

Оройн 18 цаг болж “Сондор хилэн” төвд өнжсөн өдрийн сурвалжилга маань өндөрлөлөө. Намайг гарахад С.Төмөрөө багш хичээлээ заагаад л үлдсэн.

Зөвхөн нэг өдөр л түүний хичээлд суусан би ийм их мэдээлэл олж авч байхад, бүтэн сарын турш сууж байгаа хүмүүс ямар их зүйл сурч байгаа бол доо хэмээн бодогдох. Түүний сургалт яах аргагүй өөр юм.

Хөдөөгийн малчнаас эхлэн өнөөдрийн улс төр, бизнесийн хүрээнийхэн хүртэл тусгайлан цаг авч С.Төмөрөө багшаар англи хэл заалгадаг гэж бодохоор түүнийг хэр чансаатай багш болохыг баталдаг гэлтэй. Түүний ярьснаар.

Өглөөний төрийн дууллаар гарч үдшийн төрийн дууллаар харьдаг түүний гол нууц нь хэл сурахыг хүссэн хэн бүхэнд чин сэтгэлээсээ ханддагт байдаг буй за. Одоо цагт монголчуудад үгүйлэгдээд байгаа хариуцлага гээчийг өөрийн болгож чадсан С.Төмрөө багшийг энэ цагийн амжилттай хүн гэж би нэрлэнэ.

Зураг