Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн хүүхдийн эх нөхрийнхөө гарт амиа алдсан уу?

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Дөрвөн хүүхдийн ээж, жирэмсэн эмэгтэй нөхрийнхөө гарт амиа алдлаа гэх мэдээлэл цахим ертөнцөд тархаад байна. Энэхүү хэргийн талаар Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, хошууч С.Уламбаяраас тодрууллаа.

-Есдүгээр сарын 11-нд Баянгол дүүрэгт дөрвөн хүүхэдтэй жирэмсэн эмэгтэйг нөхөр нь зодож, аминд хүрлээ гэх мэдээлэл гараад байна. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Есдүгээр сарын 8-нд тус гэр бүлд маргаан гарч, нөхөр нь эхнэртээ гар хүрсэн. Үүнээс үүдэн эхнэр нь гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Гэвч эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа буюу есдүгээр сарын 10-ны шөнө дундын үед орноосоо хүчтэй унасан. Одоогоор талийгаачид шүүх эмнэлгийнхэн задлан шинжилгээ хийж байгаа.

Тиймээс зодуулснаас болж нас барсан уу, хүчтэй унаснаас болж нас барсан уу гэдгийг хэлэхэд эрт байна. Хэрэг гарснаас хойш нөхөрт нь бусдын амь насанд санаатай хүрсэн байж болзошгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж, шалгаж байна.

-Талийгаачийг хэн сахиж байсан бэ. Яагаад хүчтэй унасныг харсан хүн бий болов уу?

-Тухайн үед нөхөр нь сахиж байсан. Шөнө дунд юм унах чимээ гарч эмч, сувилагч нар очиход нөхөр нь түшээд зогсч байсан гэсэн.

-Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлт юу гэж гарсан бэ?

-Хүчтэй унасан нь нас баралтын шалтгаан болсон гэж гарсан. Гэхдээ эцсийн шийд гараагүй байгаа. Эцсийн хариу нь 14-30 хоногийн дараа гарна.

-Маргааны шалтгаан нь юу байсан юм бол?

-Эхнэр нь найзуудтайгаа уулзаж, гэртээ ирж хоноогүйгээс үүдэн маргаан гарсан юм байна лээ. Гэр бүлийн хоёр ер нь архидан согтуурсан хүмүүс байсан.

-Талийгаач дөрвөн хүүхэдтэй байсан гэсэн. Хүүхдүүдийг хэн асрамжилж байгаа вэ?

-Дөрвөн хүүхдийн хоёр том нь хичээлдээ яваад, гэртээ байгаа. Харин 4-6 насны хүү, охин хоёрыг нь нөхрийнх нь эгч асрамжилж байгаа.